SOS: Хятадын агаарыг "цэвэрлэгчид" буюу нүүрсэн яндан наймаалагчид

Хуучирсан мэдээ: 2020.01.09-нд нийтлэгдсэн

FACT & DOCUMENTARY

SOS: Хятадын агаарыг "цэвэрлэгчид" буюу нүүрсэн яндан наймаалагчид

SOS: Хятадын агаарыг "цэвэрлэгчид" буюу нүүрсэн яндан наймаалагчид

“Автомашины нүүрсэн яндан өндөр үнээр худалдаж авна” гэх зар хаа сайгүй харагдах болоод удаж байгаа.  Нүүрсэн яндан гэж юу вэ, түүгээр юу хийдэг вэ, яагаад өндөр үнээр худалдан авдаг вэ?

Нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулдаг учраас түргэн хугацаанд NOx буюу азотын ислийн 7 нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай.

Нэг хэсэг монголчууд тарваганы арьс, бугын эвэр, хүдрийн заар, орос туухай, хөргөгч өндөр үнээр авна гэсэн зарын араас хошуурч байлаа. Харин одоо хүний өөрийн машинаа ухаж, тоноод нүүрсэн яндангаа зарах болжээ. Олон нийтийн сүлжээнд тавигдсан "нүүрсэн яндан авна" гэх зар руу холбогдлоо.

НҮҮРСЭН ЯНДАН ӨНДӨР ҮНЭЭР АВНА…

Дуудлага 1. 8063…

-Сайн байна уу? Нүүрсэн яндан авна гэсэн үү, хэдээр авах вэ, надад яаралтай мөнгө хэрэгтэй байгаа юм. Яаж, хаана аваачиж өгөх вэ?

-Худалдаж авна. Машины үйлдвэрлэгдсэн оноос хамаараад үнэ нь өөр байдаг. 2007 оноос өмнө үйлдвэрлэгдсэн prius машины яндан бол 120 мянга, хойшоо бол 450 мянган төгрөгөөр авна. Бусад машиных бол арай хямдхан. Өгөөмөр зах дээр аваад ирж болно. Машинаа унаад ирвэл дор нь солиод өгнө. Таны яндангийн оригинал шүүлтүүрийг аваад, буцаагаад өөр яндан хийчихнэ гэсэн үг. Эсвэл өөр орлуулах яндан тавина. Дараа нь оношлогоонд чек асахгүй /гэрэл/ юм чинь янз бүрийн асуудал үүсэхгүй.

Дуудлага 2. 9140…

-Нүүрсэн яндан хэдээр авах вэ?

-Нэг хэсэг хүмүүсийг дуурайгаад авч байсан. Одоо хөдөө ажлаар яваа учир авч чадахгүй байна. Автомашин он залуу байх тусмаа сайн. Илүү үнэд хүрнэ. Олноор бол жинлэж авна. Нэг кг нь 80 мянган төгрөг.

Дуудлага 3. 9966…

-Зарын дагуу ярьж байна. Нүүрсэн яндан авна гэсэн үү, яаж өгөх вэ?

-Тийм ээ. Гэхдээ янданг чинь харж байж үнээ тохирно. Чи өөрөө хэдэд өгмөөр байна. Олон байвал илүү сайн. Да хүрээ зах дээр хүрч ирээд залгаарай.

Үүнээс үзэхэд нүүрсэн яндангийн гол худалдан авагчид нь "Да хүрээ", "Өгөөмөр" зэрэг техникийн захын ченжүүд бололтой. "Да хүрээ" захын сэлбэгийн худалдааны хэсэгт ирлээ. Эгнүүлэн тавьсан олон сэлбэг дунд нүүрсэн яндан харагдсангүй. Мэдээж нууцаар авч, зардаг нь илт. Худалдаа эрхэлж буй хүнээс нүүрсэн яндан авдаг ченжийн сураг олж, заасан хаягаар явж очлоо. эмэгтэй ченж байв. Тэрбээр эхэндээ ажиг сэжиг аваагүй бололтой наймаа ярьж байснаа гэнэт яриагаа өөрчлөх нь тэр. Тэрбээр “Хэн манайхыг зааж өгөв" гэж сандрангуй асуугаад "манайх авдаг байсан одоо больчихсон, тэр үед өөрсдийнхөө машинд л авсан юм, түүнээс биш цааш нь зардаггүй" гэж бувтнаад цааш явж одсон.

Тиймээс илүү мэдээлэл цуглуулахаар яндан авах дараагийн наймаачинтай уулзахаар явлаа. "Да хүрээ" зах дээр нүүрсэн яндангийн ченжийг хайгаад байх шаардлага ч гарсангүй. Захын хүнээс асуухад заагаад өгөх юм. Гэхдээ нууцаар, аяархан шивнэж хэлэх юм. Амьтны нэртэй нэгэн хүнийг тэр зааж өглөө. Уг хүн нь "Да хүрээ" захдаа л "алдартай" нэгэн аж. Нэрээр нь асуугаад явахад хүн бүхэн таньж, мэдэх юм. Явсаар зорьсон газраа ирвэл хашаан дотор машины сэлбэг, эд анги, хаягдал төмөр овоолжээ. Хажуугийн дөрвөлжин байшинд орвол өрөө дүүрэн залуус угтлаа. Хоёр талаар хуваагдаж суусан залуусын тэргүүнд биерхүү нэгэн додигор суух нь бидний хайж буй хүн аж. Амьтны нэр нь түүний хоч бололтой.  Байгаа төрх, байр байдал нь солонгос киноны мафийн толгойлогч гэмээр. Машины яндангаа зарах нэрээр түүнтэй уулзаж байгаадаа дотроо жаахан айдастай байлаа. Гэсэн ч сонирхсон асуултандаа хариулт авч чадсан юм.

НҮҮРСНИЙ ЯНДАН ХУДАЛДАН АВАГЧ /НЭРЭЭ НУУЦЛАХЫГ ХҮСЭВ/:

-Манайх нүүрсэн яндан авч байгаа. Үнэ нь 350 мянган төгрөг. Янданг чинь аваад оронд нь хятад яндан тавьж өгнө. Гэхдээ хятад яндан одоохондоо дууссан. Удахгүй урдаас 20-30 ширхэг ирнэ. Хятад янданг 250 мянгаар зардаг. Тэгэхээр чиний оригинал янданг 350 мянгаар аваад оронд нь хятад яндан тавьж өгөөд зөрүү 100 мянгыг  өгнө. Хэрэв үнэтэй гэвэл хятад яндан тавиулахгүй байсан ч болно. Яах вэ, агаар орчин болоод өөрийн чинь машинд жаахан хортой, эвдрэл гэмтэлтэй байдаг юм. Хятадууд агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор замын хөдөлгөөнд утаа их хаядаг автомашин оролцуулахгүй байх хууль гаргасан. Хэрэв утаа их хаядаг машинтай оролцвол маш өндөр торгуультай. Хятад яндан угаасаа утаа сайн шүүдэггүй шүү дээ. Харин япон автомашины яндангийн шүүлтүүрт бүх элемент байдаг учир маш сайн шүүдэг. Тиймээс Хятадад яндангийн оригинал шүүлтүүр их эрэлттэй болсон. Нэг яндан дангаараа бараг таван сая гэдэг. Гэхдээ Японоос дангаар нь авахад хэцүү л дээ. Боломжтой газар нь манай Монгол байгаа юм. Монголд юу л байна Prius л байна. Монголчууд өөрсдөө мөнгөний төлөө өөрийнхөө машиныг “тоноод” барьж гүйгээд байгаа юм чинь яах вэ дээ. Авахаас биш. Гаалиар гаргах бол асуудалгүй. Алга урвуулахын хооронд л гаргачихна. Би эндээ худалдаж аваад цаанаа өгдөг хятад түнштэй. Тэр маань цааш нь дамлаж зардаг байх.

Наймааныхаа талаар нэлээд ам халсан, амьтны хочит маань "Чи олон тоогоор зарах юм уу, яндан чинь хулгайнх уу" гэж лавлав. Тэгэхээр хүмүүс бусдын янданг хулгайлаад зардаг бололтой.

Ченжийнхээс гарангуутаа автомашины нүүрсэн яндангийн цэвэрлэгээний газарт очлоо. Үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа тус газрын эзэн бидэнд ярихдаа “Манайд хүмүүс яндан бөглөрөөд байна гээд угаалгахаар ирдэг. Гэтэл заримынх нь машин шүүлтүүргүй байдаг. Яагаад алга болсныг ч мэддэггүй. Уг нь яндангаа гаднаас нь тогшоод мэдчих боломжтой. Хөндий дуугарч байвал шүүлтүүр байхгүй гэсэн үг. Мөнгөнөөс болоод хүмүүс өөрсдөө оригинал яндангаа зараад хятад яндан тавих тохиолдол их байна. Хятад яндан хот дотор болох байх. Гэтэл хөдөө бол яагаад ч тохирохгүй. Хол газар нэг өдөр явахад  хайлчихдаг юм. Манай нэг үйлчлүүлэгч яндангаа цэвэрлүүлээд сарын дараа ахиад л бөглөрчихлөө гээд хүрээд ирсэн. Уг нь оригинал яндан цэвэрлэсний дараа бүтэн жил болдог. Гэтэл хятад яндан ойр ойрхон бөглөрөөд байдаг юм байна. Үүнээс гадна хятад яндантай машины компьютер эвдрэл их авдаг. Өөрөөр хэлбэл, машинд их халтай гэсэн үг. Цаашлаад бидний амьдарч буй агаарт маш муу. Нүдэнд харагдахгүй байгаа болохоос бид алхам тутамдаа хордож байгаа” гэв.

НҮҮРСЭН ЯНДАНГИЙН НАЙМААГ МЭДДЭГ, ХЯНАДАГ ТӨР БАЙХГҮЙ

Хууль бус энэ наймаанд хяналт тавих ёстой Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, машины оношлогоо хариуцдаг Авто тээврийн үндэсний төвөөс тодруулахад энэ талаар хянадаг, хариуцдаг нэг ч хүн байхгүй гэнэ.

Бүхэл бүтэн улсын хил, гаалиар зүгээр ч үгүй гарч, ороод байгаа нүүрсэн янданг хэн хянах, нэвтрүүлэх эрхийг нь Гаалийн ерөнхий газар хариуцдаг. Тиймээс бид тус газрыг зорьсон юм.

Автомашины нүүрсэн янданд цагаан алт байдаг гэдэг. Ийм мэдээлэл гарснаас хойш яндан хулгайлж, зарж борлуулдаг бүлэг этгээдүүд бий болж, цагдаа, Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд багагүй шалгалт хийсэн байна. Импортоор орж ирдэг автомашин нүүрсэн яндантай эсэх, мөн нүүрсэн яндан хууль бусаар хэр их гарч байгааг хяньж зохицуулах ёстой гаалийн байгууллага ямар ч арга хэмжээ авдаггүй юм байна.. ГЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Сайханзаяа импортоор орж ирж буй автомашины эд ангийг сольсон эсэхэд гаалийнхан хяналт тавих боломжгүйг хэллээ.

Тус газрын Статистикийн хэлтсийн дарга Б.ЦЭРЭН “Импортын автомашиныг гаалиар нэвтрүүлэхдээ дотоод нарийн эд ангийг нь хянаж шалгах боломжгүй. Гаалийн байгууллага эхлээд гаалиар орж ирж буй автомашиныг бензин, дизель, цахилгаан, газын байна уу гэдгийг ялгана. Ингэж ялгадгийн учир нь татвар тарифтай холбоотой. Цахилгаанаар ажилладаг бол бага, дан бензин, дизелиэр ажилладаг бол өндөр татвар ногдоно. Мөн цилиндрийн багтаамж нь хэд болохыг тогтооно. Цилиндрийн багтаамж ихсэх тусмаа татвар нэмэгдэнэ. Улмаар гадаад байдлыг нь үзэж, томоохон сэв, гэмтэл байвал гаалийн мэдүүлэг дээр нь бичдэг. Цагаан өнгөтэй, зүүн урд гэрэл нь хагархай гэхчлэн тэмдэглэнэ. Автомашиныг гаалиар орж ирсний дараа улсын дугаар авч, замд гардаг. Тиймээс оношлогооны газарт очиж эд анги нь бүрэн бүтэн байгаа эсэхийг тогтоолгох боломжтой. Тэнд жинхэнэ оношлогоог мэргэжлийн өндөр зэрэгтэй инженерүүд тусгай төхөөрөмжөөр хийдэг” гэв.

Улаанбаатарчууд бид утаа, агаарын бохирдлыг зөвхөн гэр хорооллын айл, яндан, нүүрс зэрэгтэй холбож ойлгодог бол агаарын бохирдлын өөр нэг шалтгаан нь автомашины хорт утаа юм. Энэ нь автозамын хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй  автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий. Автомашинаас ялгарсан утаа нь дотроо 200 гаруй хорт бодис агуулдаг ба агаарын бохирдлын арав хуваасны нэгийг бүрдүүлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг байна. Салбарын мэргэжилтнүүдийн тооцооллоор өнөөдөр Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд зорчиж буй 1000 гаруй автобус байгаа эдгээр нь жилд 64 тонн хөө тортог агаарт цацаж, түүгээр нь бид бүхэн амьсгалж байна.

ИХ БРИТАНИД  2019 ОНД КАТАЛИЗАТОРЫН ХУЛГАЙН 2,894 ГОМДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Нүүрсэн яндангийн хулгай ганцхан Монголд ч байдаггүй аж. Дэлхийн олон улс оронд нүүрсэн яндангийн хулгай бүртгэгддэг бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд огцом өсч, хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал, Их Британид 2019 онд л гэхэд катализаторын хулгайн 2,894 гомдол бүртгэгдсэн нь өмнөх оныхоос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Энэ бүхнээс үүдэн сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад машины катализаторыг бага үнээр худалдан авч цааш нь дамлан зарах, үүнээс үүдсэн хулгай эрчимтэй нэмэгдэх болжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн үнэт металлын зах зээл дээр паллади /химийн тэмдэглэгээ нь Pd/ хэмээх металл ихэд эрэлттэй байх болжээ. Нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүйн улмаас үнэ нь ч тогтмол өсч, одоогийн байдлаар унци тутам нь алтнаас 300 орчим ам.доллараар үнэтэй буюу 1877 ам.долларын ханштай байна. Гаднаас нь харахад мөнгөлөг цагаан өнгийн уг металл нь ялангуяа автомашин үйлдвэрлэлийн салбарт эрэлт ихтэй, олдоц ховортой эд аж. Учир нь, энэ үнэт металл нь машинаас ялгарах хорт утааг шүүгч катализатор буюу яндангийн шүүлтүүрийн гол түүхий эд болдог байна. Паллади нь автомашины яндангаар орж ирж буй шатсан агаарыг исэлдүүлэх замаар цэвэрлэж агаарт ялгаруулж буй хорт утааны хэмжээг багасгахад гол үүрэг гүйцэтгэдэг байна.

Азотын исэл нь агаар мандлыг гэмтээгч, озон болон хүчиллэг бороог үүсгэдэг NO2 буюу азотын давхар ислийг агуулж байдаг. Мөн энэ төрлийн нэгдлийг зөвхөн автомашинууд 50 хувь хүртэл үйлдвэрлэдэг. Тухайлбал, нэг суудлын машин нэг км замыг туулахад 0,43 грамм, 10 мин түгжрэлд зогсоход 0.59 грамм азотын исэл ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг ажээ.

Дэлхийн томоохон улс орнууд агаарын бохирдолтойгоо эрчимтэйгээр тэмцэж байгаа. Ялангуяа Хятад улс энэ тал дээр маш олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, боломжтой бүхий л хувилбараар агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна. Үүний нэг жишээ нь, тус улс автомашин эзэмшигчдэд тавих шаардлагаа өндөрсгөж, автомашин болон түүний эд анги үйлдвэрлэгчдийг аль болох байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шаардаж байгаа юм. Автомашины байгальд үзүүлэх хамгийн том хор нөлөө бол түүнээс ялгарах хорт утаа. Тиймээс палладигийн хамгийн том худалдан авагч Хятад улсын үйлдвэрлэгчид автомашины байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, утаа бага ялгаруулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд яндангийн шүүлтүүрийн гол түүхий эд палладиг ихээр худалдан авах болж.

Катализатор нь машиныхаа төрөл, загвараас хамаарч бараг 10 мянган өөр төрөл байдаг ч хулгайчид голчлон хайбрид буюу хосолмол хөдөлгүүртэй машины яндангийн шүүлтүүрийг онилдог байна. Тэр дундаа Японд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус маркийн автомашинууд энэ хулгайн золиос болж байна. Учир нь, ийм төрлийн машинуудын катализаторын шүүлтүүр нь бага элэгдсэн байдаг аж. Палладигийн хамгийн том олборлогч нь ОХУ. Харин гол импортлогчид нь автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчид буюу АНУ, Герман, Япон юм. Эдгээр улсын араас дэлхийн хамгийн том зах зээл болох Хятад, Энэтхэг улсуудад энэ үнэт металлын эрэлт хэрэгцээ өндөр болж байгаа нь катализаторын хулгайг нэмэгдүүлж байна.

ХҮМҮҮС МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЗОЛЬЖ БАЙНА

Монголчуудын хувьд нүүрсний янданг Хятад улс руу өндөр үнээр гаргадаг байна. Мөнгө цагаан, нүд нь улаан болсон монголчуудын ядуу, тарчиг сэтгэлгээг ашиглаад Хятадууд унадаг машиных нь янданг нь өөрсдийн гараар нь тонуулж, өөрсдөөр нь зөөлгөж сууна.  Авто машины нүүрсэн янданг Хятад руу их хэмжээгээр гаргадагийг бүгд мэддэг ч хяналт тавьдаг, шалгаж мөрддөг төрийн байгууллага алга. Агаарын бохирдол ихтэй, утаа угаартай байгаагаа шүүмжилдэг ч авто машиныхаа янданг сугалаад зарчихдаг монголчуудын хувьд эрүүл мэнд өнөөдрийн таван цааснаас нь хямдхан бололтой.

Автомашинаас ялгарах утааны хор уршгийн талаар АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн багш Г.ДОРЖЖАГДАГ: АВТОМАШИНААС 200 ГАРУЙ ХОРТ БОДИС АГУУЛСАН УГААР ЯЛГАРДАГ

-Автомашинаас ялгарах утаанаас гадна хог хаягдал шатаах, хөрсний бохирдол, эрчим хүчний цахилгаан станцууд зэрэг өөр эх үүсвэрт ч мөн анхаарал хандуулах шаардлагатай. Тээврийн хэрэгсэл бол гэр хорооллын дараа орох, утааны хоёр дахь том эх үүсвэр юм. Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг. Автомашинаас ялгарсан утаа нь 200 гаруй хорт бодис агуулдаг. Салбарын мэргэжилтнүүдийн тооцооллоор Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй 1000 гаруй автобус жилд 64 тонн хөө тортог агаарт цацаж байна. Ийм агаараар бид амьсгалдаг. Автомашинаас ялгардаг азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлүүдийг агуулдаг ба энэ нь агаар бохирдуулагч бодисын 20-30 хувийг бүрдүүлдэг. НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор тодруулбал, нүүрстөрөгчийн исэл хүнд үзүүлэх хор хөнөөлөөрөө цацраг идэвхит бодисын дараа хоёрт, азотын исэл дөрөвт ордог гэж тодорхойлсон. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас ялгардаг ба тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлийг агуулдаг. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг. Ялангуяа хүйтний улиралд агаар нягтардаг хөөрч замхрахгүй орчиндоо бөөгнөрдөг. Улмаар бага насны хүүхдэд аюултай юм. Нүүрсээ түлэхгүй байсан ч нийслэлийн тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас үүдэлтэй агаарын бохирдол аль ч улиралд ч их байгааг судлаачид тодорхойлсон. Тиймээс “Утааны улирал дуусч, урин цаг ирлээ” гэх нь андуу ташаа ойлголт” гэдгийг онцлов.

ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дэд профессор Б.БАЯРСҮРЭН: КАТАЛИЗАТОР БОЛ УТААНД БАЙГАА ХОРТ БОДИСЫГ БУУРУУЛАХ ЗОРИУЛАЛТТАЙ

-Катализатор буюу нүүрсэн яндангийн үндсэн үүрэг болон түүнд агуулагдаж буй химийн элементийг гарган авах боломжтой гэх юм?

-Катализатор бол утаанд байгаа хорт бодисыг бууруулах зориулалттай нэмэлт төхөөрөмж юм. Катализатор нь дотроо хэд хэдэн төрөл байдаг. Катализаторын гадна талаар исэлдүүлэх урвалыг идэвхжүүлэх зорилготой үнэт металлууд байдаг. Түүнийг нь ялгаж авах боломжтой эсэхийг нь сайн мэдэхгүй байна.

-Катализаторгүй машинаас үүсэх асуудал нь юу вэ ?

-Ерөнхийдөө бол машин катализаторгүй ч хэвийн ажиллана. Гэвч катализаторгүй машинаас ялгарч буй утаа нь агаарт хорт бодисыг ялгаруулна. Товчхондоо катализаторгүй бол хорт хий нэмэгдэнэ гэсэн үг.

 UB авто центрийн инженер Я.НЯМЖАВ: КАТАЛИЗАТОРГҮЙ БАЙХАД МАШИНЫ ХӨДӨЛГҮҮР АМАРХАН МУУДДАГ

-Оношлогооны явцад катализаторгүй эсвэл хуучныг сольж тавьсан эсэхийг мэдэх боломжтой юу ?

-Юуны өмнө катализатор  нь хөдөлгүүрээс шатаад гарсан хортой хий утааг хамгийн сайнаар шүүгээд дуу намсгагч яндангаар гадагшлуулж өгөх ёстой. Гэтэл манайхан катализатороо хөндийлөөд хаячдаг. Ингэснээр хөдөлгүүрээс гарч байгаа хортой утаа чинь шууд гадагшлаад бидний амьсгалын эрхтэнд хүрдэг. Ер нь манайхан бөглөрлөө гээд хөндийлөөд хаячдаг. Эсвэл гадуур хулгайд алдаад катализаторгүй яваад байдаг. Энэ нь буруу. Цаашлаад энэ нь машины хувьд бензин зарцуулалт ихсэх, хөдөлгүүр амархан муудах зэрэг үр дагавартай. Катализаторгүй машин яаж илэрдэг вэ гэхээр нэгдүгээрт чекний гэрэл хянах самбар дээр асна, хоёрдугаарт катализаторыг нь авсны дараа хөдөлгүүрийн дуу өөрчлөгдөх, бензин зарцуулалт ихсэх зэрэг талуудаар илэрдэг. Харин сольж тавьсан эсэхийг оношлогооны явцад мэдэх боломжгүй. Шинэ хуучин катализаторын хувьд чанараараа ялгагдана. Компьютер оношлогоогоор катализаторыг бүрэн шүүж байна уу, эсвэл шүүхгүй байна уу гэдгийг яндан мэдрэгчээр мэдэж болдог. Яндан мэдрэгчийнх нь өгөлтийг нь хардаг. Өгөлтөөр нь л байх ёстой хэмжээндээ байна уу үгүй юу гэдгийг мэднэ дээ.

-Ер нь катализаторыг машин үйлдвэрээс гарсны дараа хэдий хугацаанд цэвэрлэх шаардлагатай вэ?

-Хугацаа гээд заасан юм бол байхгүй. Бохирдоод муудаад бөглөрөөд ирэхээрээ анхааруулах чекний гэрэл асна. Бензинээс их шалтгаална. Бензин нь 100 хувь байж чаддаггүйгээс болоод хөдөлгүүрт дутуу шаталт үүсээд ингэснээрээ гарсан нүүрс нь катализатороо бөглөөд бохирдуулаад байдаг. Тиймээс Монголын нөхцөлд ямар бензин хийж буйгаасаа шалтгаалан жилдээ нэг солиулах юм уу цэвэрлүүлэх шаардлагатай. А-95, А-98 зэрэг бүрэн шаталт өндөртэй бензин хийвэл бөглөрөл, бохирдол нь харьцангуй бага байдаг.

Эцэст нь, нүүрсэн янданг хулгайлагчид ганцхан Монголд байдаггүй, дэлхийн олон улс оронд байдаг болжээ. Гэхдээ тэдний эцсийн зорилго нь Хятад улс руу импортлох. Ингэхдээ хямд үнээр худалдан авч, зориулалтын бус чанаргүй нүүрсэн яндантай хөдөлгөөнд оролцох эсвэл ямар ч шүүлтүүргүй явах. Бид гэр хорооллын янданг цөөлнө гэж ярихаас автомашинаас гарах утааг бууруулна гэж ярьдаг нь тун ховор. Бидний мэдэхгүй, мэдсэн ч мөнгө улаан нүд цагаан хэмээн зараад өнгөрдөг нүүрсэн яндан үнэн хэрэгтээ бидний амьсгалах агаарыг бохирдуулагч хорт бодисыг түгээгч нь болж буйг тэр бүр хүмүүс мэддэггүй аж. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолд нүүрсэн яндангийн хор уршиг ч үүнд хамааралтай болж хувирав.

NEWS TEAM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
БурууБуруу
30
ГайхмаарГайхмаар
11
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж