NEWS агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа багцлан хүргэж байна.
“COVID-19-ИЙГ ЭМЧЛЭХ ЗААВРЫГ ГАРГАСАН”
Монголын уламжлалт анагаах ухааны салбарынхан Covid-19-өөс хэрхэн урьдчилан сэргийлэх, эмчлэх аргыг боловсруулжээ. Энэ талаар Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор, профессор Ч.Чимэдрагчаатай ярилцлаа.
-Жил бүрийн гурав болон дөрөвдүгээр сард монгол хүний дархлаа сулардаг. Энэ үед уламжлалт аргаар дархлааг хэрхэн сэргээх вэ?
-Уламжлалт анагаах ухаанд эрүүл байх талаар сургасан сургаал номлолууд бий. Тухайлбал, бие, хэл, сэтгэлийн үйлийг эрүүл байлгахад хүний бие эрүүл байна гэж үздэг. Тэр дундаа сэтгэлийн үйл хамгаас чухал. Хүн эрүүл байх хамгийн чухал зүйл нь сэтгэлийн амар амгалан байдал. Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгаж, янз бүрийн зүйл бодож зовохгүй байх, орчин үеийн хэллэгээр стресст орохгүй байх, хоорондоо дандаа сайхан үг хэллэгээр ярилцах, эерэг зүйлийн талаар бодох нь хүний сэтгэлийг амар амгалан байлгадаг. Сэтгэл амар амгалан байхад л хүн эрүүл саруул байна. Ингэснээр хүний дархлааны систем дэмжигддэг гэж үзэж байгаа.
Мөн өөрийн биед тохирсон идээ ундааг тохируулж хэрэглэх хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанаар хаврын улирлалд хий махбодь хурж, бадгана махбод хөдөлж байдаг. Энэ үед бүлээн, хөнгөн чанартай хүнс хэрэглэх нь зохимжтой.
-Тухайлбал?
-Идээ ундааны хувьд шинэ хонины мах, борцтой хийцтэй цай, шар, цагаан тосыг цайнд орхих зэргээр зохимжтой хэмжээгээр хэрэглэж болно. Явдал мөрийн хувьд хэт их ядрахгүй байх, сайн унтаж амрах хэрэгтэй.
-БНХАУ нь Covid-19-ийн халдварыг эмчлэхэд уламжлалт анагаах ухааны арга технологиос ашиглаж байгаа юм билээ. Шинэ вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд ашиглаж болох Монголын уламжлалт анагаах ухааны аргаас зөвлөхгүй юу?
-Хятад улс нь уламжлалт анагаах ухааны арвин баялаг түүх, соёлтой ард түмэн. Монголын уламжлалт анагаах ухаан ч мөн адил арвин түүхтэй. Covid-19-ийн халдвараас дээр дурдсан идээ ундааны зам мөрөөр урьдчилан сэргийлж болно. Мөн эмээр энэ бүхнээс урьдчилан сэргийлж болно.
-Эмээр ээ, энэ нь хэр шинжлэх ухааны үндэслэлтэй вэ?
-Мана-4-ийг урьдчилан сэргийлэх журмаар ууж болно. Энэ эмийг ууснаар хүний биеийн тамир тэнхээ, дархлалын систем сайжирдаг. Би Мана-4-өөр туршилт, судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан. Мана-4 нь халуун буурдаг, дархлал, өвчин эсэргүүцэх чадвар сайжирдаг. Жишээ нь, хүний дархлааг дэмжээд өгөхөөр вирусийн гаралтай халдварт өвчний үед вирусийг өөрөө устгах чадвартай болно. Урьдчилан сэргийлэх журмаар уухад өвчин эмгэгийг хүнд хэлбэрээр тусахгүй. Уламжлалт анагаах ухаанд дархлааг дэмждэг зүйл нь Мана-4. Энэ эмийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уламжлалт эмийн үйлдвэрүүд үйлдвэрлэж байгаа. Мана-4-ийг зааврынх нь дагуу гэр бүлээрээ хэрэглэснээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чадна. Настай хүн хаврын улиралд 100 хүртэлх тунг ууж хэрэглэдэг.
Мөн манай хүрээлэн хүдрийн заарын судалгааг маш олон жил явуулсан. Энэ хүрээнд ханиад томуу, Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүдрийн заартай энгэрийн зүүлт гаргаж авсан. Энэ зүүлтийг гурван сар зүүх боломжтой.
“ЭНХ ЦАГТ ЯВЧИХААД ЭРСДЭЛ ТЭЭЖ ЭХ ОРОНДОО ОЧИХГҮЙ”
Хилийн чанадад байгаа монголчууд эх орондоо очих хүсэлтийг гаргаад байгаа бол зарим нь “Бид буцахгүй” хэмээх эх орондоо халдварын эрсдэл дагуулж очихгүйн төлөөх цахим уриалга бий болгоод байна. Тухайлбал, “Би буцахгүй. Өөрөө л ирсэн юм чинь эндээ хувь тавилантайгаа эвлэрнэ. Энхийн цагт нутгаасаа гарсан, эргээд нутагтаа амар амгалан очно. Эpcдэл тээж эцэг, эх, гэр бүл, элгэн садан,эx оpoн руугаа би буцахгүй. Эндээ үлдэж aюyлт өвчнийг нaмдтaл тэcэx бoлнo. Эх нутагт 60 мянган хүн бүү хэл нэмээд 600 хүн авах ч боломжгүйг бид бүхэн мэднэ. Ийм хүнд цаг үед ухаалаг эх оронч шийдвэр гаргахыг бусад эх оронч монголчууддаа уриалж байна. Хүчээ нэгтгэе Монголчуудаа” хэмээн давалгаалж байна. Уг уриалгад нэгдээд буй Д.Үүрцайхтай цахимаар холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Хилийн чанадад байгаа монголчууд тусгай үүргийн онгоцоор ирж авахыг хүсч байхад та эх орондоо халдварын эрсдэл дагуулж очихгүй гэж өөрийн цахим хаягаараа мэдэгдсэн байсан. Таны хувьд Испанид ямар зорилгоор, хэзээ очсон бэ. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Д.Үүрцайх гэдэг. Би Испани улсын Мадрид хотод ажиллаж амьдрах эрхтэйгээр ирээд дөрвөн жил болж байна.
-Испанид одоогоор хэр олон монголчууд байгаа бол. Тэд нар маань ямаршуухан аж төрж байна даа?
-Испанид хэдэн монгол хүн байгаа талаарх албан ёсны тоо одоогоор байдаггүй. Энд Монгол Улсын Элчин сайдын яам, өргөмжлөлт консул байдаггүй. Тиймээс энд асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй, Франц дахь Монгол улсын ЭСЯ-нд хандаж цаг хугацаа болон санхүүгээрээ хохирдог. Ойролцоогоор 1000-д монголчууд байдаг байх. Зарим нь бичиг баримтгүй хараар амьдардаг. Нөхцөл байдлаас шалтгаалаад зарим хүн тавдугаар сар хүртэл ажилгүй болоод байгаа бол зарим нь ажлаасаа халагдсан. Түрээсийн байрныхаа төлбөрийг төлж чадахгүй хэцүү л байгаа байх. Энэ байдал удаан үргэлжилбэл ер нь их хэцүүдэх шинжтэй. Расист үзлүүд бас их гарч байгаа.
-Covid-19-ийн халдвартай холбоотойгоор Испанид одоо нөхцөл байдал ямар байна вэ. Хатуу хөл хорио тогтоосон уу?
-Сovid-19-н халдвар эрчимтэй тархаж, нас баралт ихэсч байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 14-26-ныг хүртэл хөл хорио тогтоосон боловч цаг үеийн байдлаас болоод дахин 14 хоног сунгагдсан. Хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг нь хэвийн ажиллаж байна. Гадуур гарах тохиолдолд зорилго тодорхойлсон бичигтэй явна. Гэр бүлийн нэгээс илүү хүн дэлгүүрээр үйлчлүүлэхгүй. Мөн бусдаас нэг метрийн зайтай явах гэсэн хатуу захирамжтай. Хэрэв зөрчвөл торгуультай. Гуравдугаар сарын 23-ны байдлаар 33089 тохиолдол илэрч, 2182 хүн нас барж, 3355 хүн эдгээд байна. Эмнэлгийн хүрэлцэхгүй байгаа тул зочид буудлуудыг бэлдэж, ашиглаж байна.
-Испанид саяхан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болж байсан байхаа. Эхэндээ халдвараас сэргийлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй юу?
-Хайнга хэнэггүй хандсаны гор одоо гарч байна. Саяхан буюу гуравдугаар сарын 8-нд Олон улсын эрхийн байгууллагын жагсаал болж, олон мянган эмэгтэйчүүд жагссан, мөн хөлбөмбөгийн тоглолт болсон. Энэ тэнд олноороо их бөөгнөрсөн. Мөн эндхийн Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж нь гарын ариун цэврийг л сахь гэж байсан. Өөрсдийгөө шинж тэмдэг илэрсэн, сэжигтэй гэсэн тохиолдолд маск зүү гээд зарласан болоод ч тэр үү монголчууд, энд байдаг Ази хүмүүс маскаа зүүж сэргийлж эхлэхэд гадуурхаж эхэлсэн.
-Танай ээж Испанид аялахаар очсон гэсэн үү. Ээж нь одоо хэдэн настай вэ. Сэтгэл санаа нь ямархуу байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ээж, дүү, эгч гурав маань хоёрдугаар сарын 13-нд урилгаар аялах гэж ирсэн. Буцах хугацаа нь тавдугаар сарын эхээр байсан. Ээж маань 70 настай. Сэтгэл санаа нь чилж санаа нь зовоод, даралт нь хэлбэлзээд л байгаад байна. Тэгсэн ч хугацаандаа л буцъя гэсэн шийд гаргасан. Бидний бичиг баримт зөрчилгүй, хүссэн үедээ эх орондоо яваад очих боломжтой ч голомтод газраас вирус тээгээд, тээгч болоод очихыг үгүйсгэхгүй болохоор эндээ л горим зөвлөмжөө чанд сахиад энэ цар тахлыг даван туулахыг хичээж байна.
-Таны хувьд эх орондоо хэзээ ирж, хамгийн түрүүнд ямар ажил хэрэгжүүлэх вэ?
-Зорьсон санасандаа арай хүрээгүй байгаа болохоор хэсэг хугацааны дараа эх орондоо очно. Очоод хүнс, хүнсний эрүүл ахуй, эрүүл нийгмийг бүтээлцэж ажиллана.
"ХОВОР УРГАМЛЫН ҮРИЙГ ХИЛ ДАВУУЛАН ТАРИАЛАХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН"
Ховор ургамалд тооцогддог дэрэвгэр жиргэрүүний нэг тонн үрийг хилээр гаргахыг завдсан тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Үрийг хилээр гаргаад тарьж ургуулах зорилготой байсан аж. Энэ талаар болон хүрээлэн буй орчны гэмт хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.
-Экологийн цагдаагийн алба байгуулагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хүрээлэн буй орчны олон зөрчлийг илрүүлжээ. Эдгээр зөрчил дунд ховор ургамлын үр, үндсийг бэлтгэж, худалдаалсан талаарх мэдээлэл байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ховор болон нэн ховор жагсаалтад багтдаг олон ургамал бий. Энэ хэрээр эдгээр өвс, ургамлыг бэлтгэх, худалдахыг завдах зэрэг зөрчлүүд илэрдэг. Дэрэвгэр жиргэрүү дээр жишээ татаад ярья. Дэрэвгэр жиргэрүүг түүх, бэлтгэх импортлохгүй байх Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан байдаг. Тушаалын дагуу судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар дэрэвгэр жиргэрүүг байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хориглосон. Гэтэл дэрэвгэр жиргэрүүний нэг тонн үрийг хууль бусаар бэлтгэж, хил дамнуулахыг завдсан тохиолдол гарсан.
-Ховор ургамлын үрийг тонноор нь хуримтлуулсан гэхээр л тун харамсалтай сонсогдож байна. Үр, үндсийг нь үрслүүлж цаашид тарьж ургуулах зорилготой байсан уу?
-Үрийг нь хил дамнуулаад тэндээ тарьж ургуулах зорилготой байсан.
-Дэрэвгэр жиргэрүүг яг ямар эмчилгээнд ашигладаг юм бэ?
-Азийн орнуудад хүн орхоодойг орлуулах зоригоор дэрэвгэр жиргэрүүг ашигладаг юм билээ. Судлаачдын хэлж буйгаар дэрэвгэр жиргэрүүг хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой гэж үздэг. Олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг болохыг ч мөн олон улсын эрдэмтэд тогтоосон. Мөн манай эмийн үйлдвэрүүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашигладаг.
Иймээс энэ ургамлыг устах аюулаас хамгаалж, биологийн нөөцийг нь хамгаалах шаардлагатай байгаа.
-Ан амьтны хууль бус худалдаа хэр гарч байна вэ. Уяачид морины хусуур хийх зорилгоор хотон шувууны хошууг ашиглаж байгаа зөрчил гарч байгаа гэсэн үү. Хүрээлэн буй орчны гэмт хэргийг илрүүлэхэд хүн хүч хүрэлцэж байна уу. Одоогоор танайд хэчнээн хүн ажиллаж байна вэ?
-Манай алба Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн хэлтэстэй. Одоогоор 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, мөрдөгч, байцаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай алба хоёрдугаар сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 241 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Энэ нь урьд оны мөн үеэс 155 гомдлоор буюу 1.8 дахин өссөн үзүүлэлт. Одоогийн байдлаар баавгайн савар худалдахыг завдсан нэг, ирвэсийн арьс худалдахыг завдсан нэг, хотон шувууны хошуу худалдахыг завдсан гурав, зэрлэг гахай худалдахыг завдсан нэг зөрчлийг тус тус илрүүлээд байна.
-Урд хөрш БНХАУ-д уламжлалт анагаах ухаан маш сайн хөгжсөн. Үүнтэй холбоотойгоор зэрлэг ан амьтны эд, эрхтэн, ховор ургамлын эрэлт их байдаг. Энэ эрэлтийг хангадаг сүлжээ Монголд байдаг гэж сонссон юм байна. Сүлжээг илрүүлсэн үү?
-Хятадын уламжлалт анагаах ухаанд Монголын ан амьтны эд, эрхтнийг өндөр үнээр худалдаж авдаг гэх мэдээлэл иргэдийн дунд байдаг юм билээ. Иргэд ан амьтныг хууль бусаар агнан Улаанбаатар хотод авчирсан тохиолдлууд бий. Гэхдээ нарийн сүлжээ бий болоод, зохион байгуулалттайгаар хилээр гаргасан зүйл байдаггүй. Иргэдийн дунд энэ талаар худал мэдээлэл байдгаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох зөрчил гарч байна. Анчдаас нутгийн иргэд ховор амьтны түүхий эдийг худалдан аваад ченж нарт өгч, ченж нар нь хилээр гаргах гэсэн тохиолдлууд бий. Хилээр гаргах гэж байгаад, эсвэл ченж нар дээр ирээд илрүүлсэн тохиолдлууд л даа. Харин энэ үйл явц нарийн зохион байгуулалтад орсон зүйл бол байхгүй.
Холбоотой мэдээ