"Ховор ургамлын үрийг хил давуулан тариалах зорилготой байсан"

Хуучирсан мэдээ: 2020.03.26-нд нийтлэгдсэн

"Ховор ургамлын үрийг хил давуулан тариалах зорилготой байсан"

"Ховор ургамлын үрийг хил давуулан тариалах зорилготой байсан"

Ховор ургамалд тооцогддог дэрэвгэр жиргэрүүний нэг тонн үрийг хилээр гаргахыг завдсан тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Үрийг хилээр гаргаад тарьж ургуулах зорилготой байсан аж. Энэ талаар болон хүрээлэн буй орчны гэмт хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.


-Экологийн цагдаагийн алба байгуулагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хүрээлэн буй орчны олон зөрчлийг илрүүлжээ. Эдгээр зөрчил дунд ховор ургамлын үр, үндсийг бэлтгэж, худалдаалсан талаарх мэдээлэл байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ховор болон нэн ховор жагсаалтад багтдаг олон ургамал бий. Энэ хэрээр эдгээр өвс, ургамлыг бэлтгэх, худалдахыг завдах зэрэг зөрчлүүд илэрдэг. Дэрэвгэр жиргэрүү дээр жишээ татаад ярья. Дэрэвгэр жиргэрүүг түүх, бэлтгэх импортлохгүй байх Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан байдаг. Тушаалын дагуу судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар дэрэвгэр жиргэрүүг байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаагаар түр хориглосон. Гэтэл дэрэвгэр жиргэрүүний нэг тонн үрийг хууль бусаар бэлтгэж, хил дамнуулахыг завдсан тохиолдол гарсан.

-Ховор ургамлын үрийг тонноор нь хуримтлуулсан гэхээр л тун харамсалтай сонсогдож байна. Үр, үндсийг нь үрслүүлж цаашид тарьж ургуулах зорилготой байсан уу?

-Үрийг нь хил дамнуулаад тэндээ тарьж ургуулах зорилготой байсан.

-Дэрэвгэр жиргэрүүг яг ямар эмчилгээнд ашигладаг юм бэ?

-Азийн орнуудад хүн орхоодойг орлуулах зоригоор дэрэвгэр жиргэрүүг ашигладаг юм билээ. Судлаачдын хэлж буйгаар дэрэвгэр жиргэрүүг хүн орхоодойтой дүйцэхүйц ач холбогдолтой гэж үздэг. Олон төрлийн өвчнийг анагаах биологийн идэвхт бодис агуулдаг болохыг ч мөн олон улсын эрдэмтэд тогтоосон. Мөн манай эмийн үйлдвэрүүдэд үрэвслийн эсрэг, цусан дахь сахарын хэмжээг буулгах зориулалттай эм хийхэд ашигладаг.

Иймээс энэ ургамлыг устах аюулаас хамгаалж, биологийн нөөцийг нь хамгаалах шаардлагатай байгаа.

-Ан амьтны хууль бус худалдаа хэр гарч байна вэ. Уяачид морины хусуур хийх зорилгоор хотон шувууны хошууг ашиглаж байгаа зөрчил гарч байгаа гэсэн үү. Хүрээлэн буй орчны гэмт хэргийг илрүүлэхэд хүн хүч хүрэлцэж байна уу. Одоогоор танайд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Манай алба Захиргааны удирдлага, Эрүүгийн цагдаа, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн хэлтэстэй. Одоогоор 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, мөрдөгч, байцаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай алба хоёрдугаар сард хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 241 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Энэ нь урьд оны мөн үеэс 155 гомдлоор буюу 1.8 дахин өссөн үзүүлэлт. Одоогийн байдлаар  баавгайн савар худалдахыг завдсан нэг, ирвэсийн арьс худалдахыг завдсан нэг, хотон шувууны хошуу худалдахыг завдсан гурав, зэрлэг гахай худалдахыг завдсан нэг зөрчлийг тус тус илрүүлээд байна.

-Урд хөрш БНХАУ-д уламжлалт анагаах ухаан маш сайн хөгжсөн. Үүнтэй холбоотойгоор зэрлэг ан амьтны эд, эрхтэн, ховор ургамлын эрэлт их байдаг. Энэ эрэлтийг хангадаг сүлжээ Монголд байдаг гэж сонссон юм байна. Сүлжээг илрүүлсэн үү?

-Хятадын уламжлалт анагаах ухаанд Монголын ан амьтны эд, эрхтнийг өндөр үнээр худалдаж авдаг гэх мэдээлэл иргэдийн дунд байдаг юм билээ. Иргэд ан амьтныг хууль бусаар агнан Улаанбаатар хотод авчирсан тохиолдлууд бий. Гэхдээ нарийн сүлжээ бий болоод, зохион байгуулалттайгаар хилээр гаргасан зүйл байдаггүй. Иргэдийн дунд энэ талаар худал мэдээлэл байдгаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох зөрчил гарч байна. Анчдаас нутгийн иргэд ховор амьтны түүхий эдийг худалдан аваад ченж нарт өгч, ченж нар нь хилээр гаргах гэсэн тохиолдлууд бий. Хилээр гаргах гэж байгаад, эсвэл ченж нар дээр ирээд илрүүлсэн тохиолдлууд л даа. Харин энэ үйл явц нарийн зохион байгуулалтад орсон зүйл бол байхгүй.

-Энэ төрлийн хууль бус худалдаанд ченж нар их холбогддог гэсэн, үнэн үү?

-Ер нь аливаа хууль бус худалдаа нь ашиг олох сонирхолтой тухайн салбарын хүмүүсийн зохион байгуулалттай үйл ажиллагаа. Зөвхөн ченж нараар хязгаарлагдахгүй. Ийм төрлийн сонирхолтой, зорилготой хүмүүсийн бүлэг, бөөгнөрөл байдаг. Энэ төрлийн үйлдлийг гаргахгүй байлгах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд Экологийн цагдаагийн алба илрүүлэг, шийдвэрлэлтээ ахиулах чиглэлтэй ажиллаж байна.

-Тухайлбал, ямар ажил хийж байна вэ?

-Байгаль орчны тухай хуулиар хамгаалагдах зургаан объектын хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр Улаанбаатар хот төдийгүй 365 суманд зөвхөн экологийн цагдаа гэлгүйгээр цагдаа, хяналтын байгууллага үүрэг хүлээн ажилладаг. Энэ хүрээнд тус салбарын төрийн болон иргэний нийгмийн байгууллага хяналт шалгалтыг тасралгүй явуулдаг.

Мөн Экологийн цагдаагийн албанаас гурван сум тутамд экологийн төлөөлөгч ажиллаж байгаа. Төлөөлөгчдөөр дамжуулан улсын хэмжээнд хүрээлэн буй орчны гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг олж арилгахын тулд ажиллаж байна.

-Магадгүй шалтгааны нэг нь энэ төрлийн гэмт хэрэгт ногдох хуулийн хариуцлага сул байгаатай холбоотой байж болох юм. Ховор, ургамал, амьтны эд эрхтний худалдаанд хуулиар ямар хариуцлага тооцдог вэ?

-Хуулийн зохицуулалт хангалттай байдаг. Эрүүгийн хуулийн 24.5-д зааснаар

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эд цуглуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

Мөн Эрүүгийн хуулийн 24.8-д зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Гаалийн мэргэжилтнүүд Монгол Улс нь ховор амьтны эд, эрхтэн, ургамлын худалдаа дамжин өнгөрөх цэг буюу транзит болоод байгаа талаар дурдаж байсан. Энэ байдлыг арилгах тал дээр холбогдох улс, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа хэр амжилттай явна вэ?

-Экологийн цагдаагийн алба нь цагдаагийн байгууллагын нэгж тул олон улсын байгууллагуудтай олон чиглэлээр хамтран ажилладаг. Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд Экологийн цагдаагийн алба дангаараа ажилладаггүй. Олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.  Тухайлбал, TNC, WWF (Дэлхийн байгаль хамгаалах сан), Лондоны амьтны хүрээлэн, WCS (Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг)-тэй хамтран ажиллаж байна.

-Экологи хамгааллын асуудалд иргэд хэрхэн хандаж байна вэ?

-Монголчууд байгальтайгаа харьцах, хамгаалах өргөн мэдлэг, ухаантай ард түмэн. Нүүдэлчин соёлтой ард түмэн болохоор байгаль хамгааллын өргөн соёл уламжлалтай. Гэтэл өнөөдөр энэ төрлийн хэрэг, зөрчил гараад байгаа нь сурталчлах, соён гэгээрүүлэх ажил шаардлагатай байгааг харуулж байна. Экологийн цагдаагийн албанаас 2020 онд хийх ажлын хөтөлбөртөө энэ бүхнийг багтаасан. Бид хандлагаа өөрчилсөн цагт зөв дадал хэвшилтэй болно. Зөв хэвшилтэй болсон цагт энэ төрлийн гэмт хэрэг буурна. Энэ хүрээнд экологийн боловсрол олгох төсөл боловсруулж, шашин, зан үйл, соёл талаас нь иргэдэд мэдээлэл өгөх ажлуудыг хэрэгжүүлж байгаа.

Байгаль хамгаалал гэдгийг хөдөөг яаж хамгаалах вэ гэдгээс гадна хот дотроо хэрхэн байгальд  ээлтэй амьдрах талаар мэдлэг, мэдээлэлтэй байх цаг нь болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж