"News" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
С.Эрдэнэ: Ерөнхий сайд шоу хийхээр Судан явсан
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ээлжит бус чуулган зарлагдаж, төлөвлөгдсөн Татварын багц хууль, сонгуулийн хууль гэх мэт чухал хуулиудыг хэлэлцэх гэж байна. Гэхдээ энэ удаагийн ээлжит бус чуулганы зорилго нь хэдэн албан тушаалтныг л томилох юм уу даа?
-Хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлье. УИХ-ын гишүүний хувьд харж байхад ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлыг нь харахад зайлшгүй зарлагдах зүйл харагдахгүй байна. Хэдэн албан тушаалын томилгоо болон ердийн чуулганаар хэлэлцээд явах боломжтой зүйлүүд харагдаж байна. Эрх баригчид нийгэмд ажил хийж байгаа гэсэн дүр зураг харуулах гэсэн нөгөө л шоугаа л хийж байна гэж харж байна. Түүнээс улс орон, нийгмийн ач холбогдолтой эрх зүйн акт батлах зүйл харагдахгүй байна. Аминд тулсан, яаралтай шийдэх, ҮАБЗ-ийн хэмжээний асуудал үүссэн үед л ээлжит бус чуулган зарладаг шүү дээ. Тийм зүйл байхгүй байгаа учраас шоу л гэж харж байна.
“ВЕНЕСУЭЛИЙН АРААС ЯВАХ ГЭЭГҮЙ Л БОЛ АСУУДАЛ БҮРИЙГ ТУХАЙЛАН ХАРАХ ЁСТОЙ”
-Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой олон үйл явц өрнөлөө. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу ашигт малтмалын 400 гаруй лицензийг төрд авахаа мэдэгдлээ. Үүний эхний үйл явц нь “Эрдэнэт” үйлдвэр гэдгийг хэлж байсан. Энэ нь хувийн хэвшил рүү халдах, төр хэтэрхий дарангуйллын шинж рүү ороод байна гэдэг шүүмжлэлийг дагуулаад байна л даа?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор төр маш бодлогогүй алхам хийж байна. Хууль зөрчсөн үйлдэл байсан бол хуулийн засаглалтай орны хувьд хууль, шүүхийн шатанд асуудлаа шийдүүлээд, ном журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага очиж битүүмжлээд асуудал тавьж байгаа бол нэг өөр. Зүгээр ЗГХЭГ-ын дарга нь хамгаалалтынхныг нь барьж зодоод битүүмжилдэг, нэг бол өөрөө гүйж очоод хэдэн албан тушаалтныг халж, хаалга лацдаад л. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй ээ. Түүнээс гадна төсвийн мөнгөөр хайгуул хийсэн ордыг 34 хувиас доошгүйг нь төр эзэмшинэ гэсэн хуультай. Хуулийн зохицуулалттай байхад 400 лицензийг тэр чигээр нь төрд авна гэж байгааг ойлгохгүй байна. Ардчилсан намын үзэл баримтлалын үндсэн тулгуур зарчим бол хувийн өмчийг дээдэлсэн, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн баруун төвийн нам байна гэдгээ зарласан, бид энэ байр сууриндаа хатуу зогсоно. Хэн нэгэн хүний хувь хүний эрх чөлөөнд халдах, хууль бусаар аж ахуй нэгжийн хувийн өмчид халдах ийм халдлагыг Ардчилсан нам хэзээ ч зөвтгөхгүй, хатуу зогсоно. 1992 оны шинэ Үндсэн хуулийн гол зарчим бол хувийн өмч бол төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай. Төр өөрөө дуудлага худалдаагаар хайгуул хийх тодорхой хугацаатай олгосон лицензийг буцааж авна гэдгийг зөв зүйл гэж харахгүй байна. Мөн эрх зүйн талаасаа буруу ойлголт яваад байна. Аль нэг орд газрыг тухайн компанид өмчлүүлсэн асуудал өнөөдөр байхгүй. Аль ч компанид ашиглах, хайгуул хийх лицензийг л олгож байгаа. Энэ нь тодорхой хугацаатай байдаг. Манайд албан ёсоор өмчлүүлээд худалдсан орд, лиценз байхгүй гэж харж байгаа. Хайгуулын болон ашиглалтын лицензийг яаж ашиглах талаар бүх үйлдлийг хуулиар зохицуулсан байгаа. Хууль, журмаа зөрчөөгүй л бол хайгуул, ашиглалтын лиценз хэвээр л байна. Цуцлах юм бол тухайн компанид учирсан хохирлыг төр өөрөө төлөх үүрэгтэй. Хэрэв маргаан үүсэх юм бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх эрхтэй. Түүнээс үл маргах журмаар хураана, хүч түрэмгийлсэн байдлаар авна гэвэл Монголд гадна, дотоодын хөрөнгө оруулагчид үргэнэ. Венесуэлийн араас явах гээгүй л бол асуудал бүрийг тухайлан харах ёстой.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Д.Сүнжид: "Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрхэд халдахгүй"
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хуулийн төслийн дэд ажлын хэсгийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуулийн төслийн явц ямар шатанд байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл яригдаж эхлээд хоёр жил болж байна. Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, эндээс гарсан саналуудыг нэгтгээд үндсэндээ дууссан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн дэд ажлын хэсгийн хувьд саналаа УИХ-д хүргүүлсэн. Ямартай ч хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Ажлын хэсгээс хамаарах зүйл байгүй гэсэн үг.
-Хуулийн төсөлд орж буй гол өөрчлөлтүүд юу вэ?
-УИХ-ын гишүүд хууль, тогтоолын төслийн санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, насны доод хязгаарыг нэмэх, хууль батлах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтыг тусгасан. Мөн Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах, улсын төсөв батлахдаа Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг хэлэлцүүлгийн шатанд нэмэхгүй байх зэрэг заалтыг оруулсан. Харин шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах чиглэлээр шүүгчийн томилгоог ил тод болгох, хариуцлага тооцох тогтолцоог бий болгохоор төсөлд тусгасан. Тухайлбал, Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзах үндэслэлээ олон нийтэд мэдээлэх, шүүгчээр ажиллах хугацаа, насны доод хязгаарыг тогтоохоор тусгасан. Мөн сонгууль бүрийн дараа төрийн албанд хийдэг халаа, сэлгээг хязгаарлах, албан тушаалтныг томилохдоо ил тод шударга байдлыг хангах, улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгох асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхой тусгасан.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ГУРАВНЫ НЭГЭЭС ИЛҮҮГҮЙ НЬ “ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ БАЙНА
-Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг давхар хийдэг нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж байгаа. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох заалт төсөлд туссан уу?
-Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хүрээнд сонгодог парламентын засаглалтай орнуудын жишгийг улам ойртуулж, Засгийн газрын гишүүдээ сонгох, томилох эрх нь Ерөнхий сайдад бүрэн олгогддог. Хэрэв УИХ Засгийн газрыг хангалттай ажиллахгүй байна гэж үзвэл Засгийн газрыг огцруулах санал гаргах эрх нь УИХ-д нээлттэй. Хуулийн төсөлд УИХ-ын гишүүн давхар сайдаар ажиллахыг нь аль болох хязгаарлаж Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь “давхар дээл”-тэй байхаар төсөлд тусгасан. Ингэснээр УИХ, Засгийн газрын гишүүд нь чиг үүргийнхээ хүрээнд ажиллах нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахад анхаарсан хэд хэдэн заалт орсон. Засгийн газар ойр ойрхон солигддог бараг 1.5 жилийн настай энэ тогтворгүй байдлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засах ёстой. Хоёрдугаарт хариуцлага нь тодорхой, Засгийн газрын бодлого залгамж чанартай, нийтийн эрх ашгийг хамгаалсан байдлаар үйл ажиллагаа явуулах ёстой гэдэг үүднээс дээрх өөрчлөлтийг тусгасан.
-Засгийн газар зөвшөөрөөгүй бусад зардлыг төсөв хэлэлцэх шатанд нэмэхгүй байх заалтыг оруулж байгаа гэлээ. Энэ талаар тодруулбал?
-Улсын төсөвт зардал нэмэх тохиолдолд зөвхөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр УИХ батална гэж оруулсан. Практикаас харахад улсын төсвийг хэлэлцэх үеэр гишүүд тойргийн мөнгөө нэмдэгт талаар шүүмжлэл байнга гардаг. Тиймээс Засгийн газраас заавал зөвшөөрөл авдаг байх заалтыг Үндсэн хуульд хуульчилснаар дээрх асуудал цэгцэрнэ гэдэгт ажлын хэсгийнхэн санал нэгдсэн. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгосноор улс төрийн намууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдэнэ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
"Жижиг орны эрх ашиг том улсынхаас доогуур тавигдах учиргүй"
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсын Гавьяат хуульч, доктор Ж.Энхсайхан Монгол Улсаас анх удаа шинэлэг судалгаагаараа “Энх тайвныг урагшлуулсан” шагналын эзэн болжээ. Түүнтэй энэ талаар болон Монгол улсын цөмийн зэвсгээс ангид байх статусын тухай ярилцлаа.
-Юуны өмнө танд Дэлхийн энх тайвны сангаас шинэлэг судалгаагаараа “Энх тайвныг урагшлуулсан” шагнал авсанд баяр хүргэе. Тус чиглэлд ямар шалгуурыг хангасны үр дүнд Монголоос анх удаа тодров?
-Баярлалаа. Дэлхийн энх тайвны сан нь энх тайвныг бэхжүүлэх, тэр чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, шинэлэг санаачилга гаргах, залуучуудын манлайллыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж, энэ чиглэлд энх тайвныг бэхжүүлэхэд дөхөм үзүүлсэн зургаан салбарт тодорсон хүмүүст шагнал олгодог юм байна. Тухайлбал, "Шинэлэг судалгаагаараа энх тайвныг урагшлуулсан", "Шашин хоорондын харилцааг хөхиүлэн дэмжихэд хувь нэмэр оруулсан", "Гэр бүлийн харилцааг бэхжүүлэх үйлст хувь нэмэр оруулсан", "Тодорхой чиглэлээр онцгой үүрэг гүйцэтгэсэн", "Сайн засаглалыг урагшлуулахад хувь нэмэр оруулсан" гэсэн чиглэлд шагнал олгодог. "Шинэлэг судалгаагаараа энх тайвныг урагшлуулсан" шагналыг урьд өмнө нь Африкийн эдийн засгийг хөгжүүлж, ядуурлыг бууруулах талаар бодитой судалгаа гаргаж хэрэгжүүлсэн, энхийн соёлыг бэхжүүлж ардчиллыг нэвтрүүлэхэд дөхөм үзүүлсэн, хоёр Солонгосын харилцааг хэвийн болгох замаар Зүүн-Хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх талаар тууштай ажилласан хүмүүс хүртэж байсан юм билээ. Харин энэ жил тус шагналыг надад олгосон нь олон улсын харилцаанд жижиг улсын үүрэг ролийг нэмэгдүүлэх талаар хийсэн судалгаа, түүний дотор Монгол Улсыг цөмийн зэвсгээс ангид статустай болгох санаачилгыг онолын хувьд үндэслэж, түүнийг урагшлуулах талаар тууштай хүчин чармайлт гаргасан гэж үзсэн. Мөн нэг улс ч дангаараа цөмийн зэвсэггүй бүс болж, цөмийн зэвсэгтэй орнуудаас аюулгүй байдлын баталгаа гаргуулж авч болохыг Монголын жишээн дээр харуулсан гэх мэт үндсэн гурван шалгуурыг үндэслэж олгосон.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.
Холбоотой мэдээ