"ЖДҮ-ийн зээлийг сонирхож үзсэн, авч чадаагүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.24-нд нийтлэгдсэн

"ЖДҮ-ийн зээлийг сонирхож үзсэн, авч чадаагүй"

NEWS агентлаг өнгөрч буй "ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА"-уудаа тоймлон хүргэж байна


У.ХҮРЭЛСҮХ ЭЭ, ИРГЭДИЙГ ТУРХИРЧ БАЙГАА БОЛ ЯВЖ ҮЗ

Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-АН-ын нэг үеийн залуус гадагшаа сурч ирээд энд тэнд лекц унших болж. Өөрөө ажлаа өгснөөс хойш юу хийж байна?

-Хэсэг нөхдийн хамт “Хөгжлийн төлөөх соён гэгээрэл” гэж нэртэй төрийн бус байгууллага байгуулаад судалгаа, нөлөөллийн ажлууд хийж байна. Хажуугаар нь хоолоо олж идэхийн тулд зөвлөх үйлчилгээний бизнес эхлэх санаатай оролдож л сууна.

-Намынхаа ажилд хэр оролцоотой байгаа вэ. Танай намын залуусын дуу хоолой нийгэмд огт сонсогдохгүй юм?

-Шийдвэр гаргахад оролцох эрх бүхий намын сонгуульт гишүүн байснаа сүүлийн ротацаар хасагдсан. Одоо намын 180.000 гишүүний нэг. Миний бодлоор АЗХ сайн ажиллаж байгаа.  Та сошиалд ороод үзээрэй. Бас миний мэдэхээр 70-аад оныхны клуб бий.

-АН-ын шинэчлэл дууссан уу. УИХ-ын сонгууль болоход бараг жил гаруйхан л хугацаа үлдлээ. Гэтэл урд нь дагуулаад явах лидер алга?

Шинэчлэл хэзээ ч дуусдаггүй. Хэд хэдэн шатны шинэчлэл бол хийгдсэн. Энэ бол том дэвшил. Шинэчлэлээ хүлээж буй намын үндсэн асуудлууд ч зөндөө бий. Лидерүүдийн хомсдолтой харагдаж эхэлсэн нь ч үнэн.

-Шулуухан асууя, АН-д шинэчлэл явагдсан уу, шинэ хуваарилалт хийгдсэн үү. Зөвхөн нэмэгдэхүүний  байрлал өөрчлөгдсөн юм биш үү. Хөндлөнгийн хүний нүдээр бол "Алтангадас"-аас "Шонхор"-т шилжсэн Ардчилсан нам  болчихсон юм шиг харагдаад байгаа ?

-Тоглоомын дүрэм бүхэлдээ өөрчлөгдсөн болохоор шинэчлэл хийгдсэн Намын дарга, намын дэргэдэх удирдлагаа бүх гишүүдийн саналаар сонгодог болсон нь шинэ соёл. Бас том дэвшил.  Шинэ залуучууд гарч ирэхэд хугацаа хэрэгтэй. Тэд илүү их “субботник” хийх хэрэгтэй болж байна. Залуучууд  нэг хоёроороо биш үеэрээ гарч ирэх ёстой. 

-Намуудын уур амьсгал улам ширүүсч байна. Ялангуяа эрх барьж байгаа МАН бараг гэрээ шатааж байх шиг. Танай нам ч бас хагарал, тэмцэлтэй л байна?

Судлаачийн хувьд дүгнэхэд Монголын улс төрийн намууд мухардалд орсон. Үүнийг зарлах цаг болсон.

Та санаж байгаа бол 2012 онд олонх болонгуут манай Ардчилсан нам ч МАН-ынхнаас  дутахгүй гэрээ галдсан.  Эрх барингуутаа аль ч нам дотоод бүлэглэлийн зодооноо эхлүүлдэг эмгэгтэй. 

-Засгийг огцруулах операци эхэллээ. Улс төр судлаач хүний хувьд МАН-д болж буй зодооныг хэрхэн дүгнэж байна вэ?

-Түрүүн хэлсэн. Намын хямрал төрийн хямрал болдгийн л илрэл юм.  Үүнийг засах үндэс нь Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн хууль, сонгуулийн хууль цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлт гэж хардаг. Багц хуулиудаа өөрчлөхгүй бол АН 2020 онд яллаа гэхэд энэ зодооны гуравдугаар ангийг л хийнэ. Асуудал нэг намд биш байна. Асуудал улс төрийн тоглоомын дүрэмд байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙ


"ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙГ СОНИРХОЖ ҮЗСЭН, АВЧ ЧАДААГҮЙ"

Загвар, урлагийн салбарт “Hаute Couture” чиглэлийг хөгжүүлж, үнэ цэнэтэй тансаг даашинзуудыг урладаг Азийн шилдэг дизайнер, СТА  Д.Отгонжаргалын “O Couture” загварын шоу жил бүр зохиогдсоор ирсэн. Түүний дахин давтагдашгүй тансаг загваруудыг жил дараалан хүлээдэг хэрэглэгч, үйлчлүүлэгчид тус шоуг зорин шинэ жилийн гоёлын даашинзын чиг хандлагаа тодорхойлдог. Тэгвэл энэ жил “O Couture-2019 high fashion show” арванхоёрдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулагдахаар болсон байна. Тус шоу болон загварын ерөнцийн талаар загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцлаа.


"O COUTURE” БРЭНДЭЭ ДЭЛХИЙД ГАРГАНА

-Таны гэргий Д.Отгонжаргалыг чадварлаг дизайнер гэдгийг хүмүүс мэднэ.  Голдуу үдшийн гоёлын даашинзаар дагнадаг.  Шинэ жилийн баярын өмнө “O Couture high fashion show" бүсгүйчүүдийн хүлээлт дагуулдаг. Энэ удаа  ‘Wonderland’ collection”-оороо сюрпириз барина гэлээ. Тэгэхээр эндээс яриагаа эхэлье?

-Гэргий маань жил бүрийн оны сүүлийн сард тухайн жилдээ хийсэн ажлаа “O couture” шоугаараа тайлагнадаг болоод таван жил болж байна. "O Couture High Fashion Show"-гаа энэ жилийн хувьд  ‘Wonderland’ collection” нэртэйгээр зохион байгуулахаар болсон. Учир нь  "O Couture High Fashion Show"-гаа нэг хэсэгтээ Монголдоо хийхээргүйгээр завсарлаж байгаа учраас өмнөх жилүүдээс нэлээд өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн байгаа

-‘Wonderland’ collection”-ны нууцаас бага зэрэг задалж болох уу. Сар гаруйхны дараа шинэ жил болох учраас бүсгүйчүүд бол танай шоуг тэсч ядан хүлээж байгаа байх?

-‘Wonderland’ collection”-оороо бүсгүйчүүдийг бяцхан охидын ертөнцөөр аялуулж, энхрий бяцхан охидын мөрөөдлийн гоо үзэсгэлэнг илэрхийлнэ. Хоёр ертөнцтэй үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулсан шоу болно. Учир нь, бүсгүй хүн бүрийн дотор хайр, энхрийлэл хүссэн бяцхан охин оршиж байдаг. Бяцхан охид бүрийн дотор гоо үзэсгэлэнтэй бүсгүй хүн оршиж байдаг учраас үүнийг шоугаараа илэрхийлэхийг зорьж байгаа. Охид бүсгүйчүүд маань өөрсдийгөө гоёлын даашинзтай гүнж мэтээр төсөөлдөг. Энэхүү төсөөлөлт ертөнцийг бид шоугаараа бодит болгохыг зорьж байна. Нэг ёсондоо бүсгүйчүүдийнхээ мөрөөдлийг биелүүлж, мөрөөдлийнх нь даашинзуудыг толилуулсан Wonderland буюу үлгэрийн гайхамшигтай орчинд очсон мэт мэдрэмжийг илэрхийлсэн гоёлын, тансаг даашинзуудаа ‘Wonderland collection”-ныхоо үеэр дэлгэнэ. Бусдыг нь ирж үзээрэй.

-‘Wonderland’ collection”-ийн шоу бүсгүйчүүдийг хүүхэд насанд нь хүргэж өгөх юм байна гэж ойлголоо. Харин шоуны үеэр танилцуулах даашинзнуудын трэнд нь юу байх вэ?

-Шоуны үеэр даашинзны 70 гаруй загвар танилцуулна. ‘Wonderland’ collection”-ныг ерөнхийдөө үндсэн гурван хэсэгт хувааж болно. Хамгийн эхэнд охидын даашинзны загвар танилцуулагдана.  Хагас бөмбөгөр хормойтой сиси даашинз зонхилно. “O Couture" брэндийн гол онцлог гар ажиллагаатай дахин давтагдашгүй гоёлын даашинзыг урладагт байдаг. Эхнэрийн маань шоуг ивээн тэтгэж байгаа Sky Garden Residence, Голомт Банк, Nissan /MN/, Aero Mongolia LLC, InterCharm Beauty Residence, LORIBLU Mongolia The Diamond House, Biomon Organic Beauty Product, KOREA OPTIC Mongolia, Zaisan Hill Event Hall, Нийслэлийн үйлдвэрлэл, Инновацийн газар, Гэр контент группийн хамт олонд баярлаж яваагаа энэ дашрамд илэрхийлье.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


"ЭРЭГТЭЙЧҮҮД УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫН ВИРУС ТЭЭГЧ"

Монголд жилд 6000 орчим хүн хорт хавдраар оношлогдож, 4000 гаруй хүн энэ шалтгаанаар нас бардаг. Үүний талаас илүүг эрчүүд эзэлдэг. Тэд хавдартай гэсэн онош сонссон цагаас эхлэн гэр бүл, үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ хамт байхын тулд сэтгэлзүй, эдийн засгийн асуудалтай тэмцэлдэж эхэлдэг.“Эрүүл монгол эрэгтэйн эрэлд” цуврал энэ удаад хавдрын асуудлыг хөндөж байна.       

Хорт хавдар сэдвээр Хавдар судлалын үндэсний төвийн захирал, доктор Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.     


      

-Монгол эрчүүдийн дунд ямар төрлийн хавдар шинээр бүртгэгдэж байна вэ?

-Монгол эрэгтэйчүүдэд элэг, ходоод, уушги, улаан хоолойн хавдар зонхилж байгаа. Элэгний хавдрын шалтгаан нь вирус тул хүйс хамаарахгүй. Гэтэл аливаа өвчлөлөөр эрчүүд ноцтой өвчлөх магадлал илүү байна. Яагаад гэхээр эрчүүд эрүүл мэнддээ их хайнга ханддаг. Эрүүл мэнддээ анхаарал тавилгүйгээр бүдүүн бараг байдлаар явсаар өвчнөө хүндэрсэн үед эмнэлэгт хандаж байгаа. Нөгөө талаас архи, тамхины хэрэглээ зэрэг хорт зуршил ихтэй. В, С вирустай хүн архи уувал элгийг улам гэмтээнэ. Эмэгтэйчүүд эрүүл мэнддээ илүү анхаарал тавьдаг, өвчний эрт үед эмнэлэгт ханддаг, дэглэм сайн барьдаг. Эрчүүдийн эрүүл мэнддээ хайнга ханддаг байдал нь өвчнийг хожуу үед эмнэлэгт хандах шалтгаан болж байна.

Ходоодны хорт хавдар нь Монголд тэргүүлэх хавдрын нэг. Монгол эрчүүдийн 18.7 хувь нь ходоодны хорт хавдартай. Харин эмэгтэйчүүдийн 10.5 хувь нь ходоодны хорт хавдартай байдаг. Энэ өвчлөлөөр монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ найман хувиар их байгаа нь мөн л хорт зуршилтай холбоотой. Ходоодны үрэвсэл, шарх, хеликобактер, давс, архи, тамхины хэрэглээ нь ходоод өвчлөхөд нөлөөлж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага архи, тамхины хэрэглээ, илүүдэл жинг үгүй болгосон цагт хорт хавдрын өвчлөл 30 хувь буурна гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүний нотолгоо нь ходоодны өвчлөлийн талаарх дээрх тоо баримт.

Монгол дахь хавдрын 38.1 хувь нь элэгний, 14.6  хувь нь ходоодны, 7.2 хувь нь уушгины хорт хавдар эзэлдэг. Мөн монгол эрчүүдийн 40.7 хувь нь элэгний хавдартай байхад, эмэгтэйчүүдийн 35.7 хувь нь ийм хавдартай. Харин уушгины хавдрын хувьд эрэгтэйчүүдийн 11.6 хувь, эмэгтэйчүүдэд 2.6 хувь байна. Энэ тоо шууд хорт зуршилтай холбоотой.

-Монгол эрчүүдийн дунд түрүү булчирхай, төмсөгний хавдар хэр бүртгэгддэг вэ. Үүний шалтгаан юу вэ. Хэрхэн эмчилж байна вэ?

-Эрэгтэй бэлэг эрхтний буюу шодойн хавдар Монголд цөөн тохиолддог. Манай төвд ийм төрлийн хавдартай хүн жилд 2-3 удаа бүртгэгддэг. Энэ төрлийн хавдар үүссэн шалтгаан нь ариун цэвэртэй шууд холбоотой. Хасгууд эрэгтэй хүүхэд төрөхөд нь л хөвчийг нь таслан бэлэг эрхтэнг нь хойш шамардаг болгодог. Хөвчийг таслахгүй байснаар битүү орчинд, угаалгүй яваад л байвал бохирдох үндэс болж цаашлаад үрэвсэх, шодойн хавдар үүсэх шалтгаан болдог. Тиймээс бэлэг эрхтнээ хойш шамлан байнга угаах шаардлагатай. Нэг талаас ариун цэврээ сайн сахих, нөгөө талаас хань ижлийн найдвартай, аюулгүй байдал чухал. Бэлэг эрхтний хавдрын үед тайрахаас өөр аргагүй.

Төмсөгний хавдар манайд бас тохиолддог. Шалтгаан нь тодорхой. Хүүхэд төрөхөд төмсөг нь хэвлийгээс “хушга” руу орох буюу буух ёстой. Ингэж буугаагүй тохиолдол бий. Энэ тохиолдолд төмсөг аарцаганд удаан хугацаанд наалдаж явснаар хавдар болдог.  17-23 насныханд ийм төрлийн хавдар тохиолдох магадлалтай. Тиймээс эцэг эх нь хүүгийнхээ “хушгыг” байрандаа байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Монголчууд эрэгтэй хүүхдийг багад нь тамхилъя гэдэг шүү дээ. Ингэх үедээ үүнийг шалгаж болно. Энгийн мөртлөө маш чухал зүйл л дээ.

Тиймээс төмсөг аарцаганд үлдсэн бол яаралтай доош буулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Удаан явснаар хавдар болсон бол мэс засал болон хими, туяа эмчилгээ хийлгэнэ. Түрүү булчирхай нь аарцгийн хөндийд байдаг. Нас ахих тусам түрүү булчирхай томорч, хатуурах, хавдар үүсэх эрсдэлтэй байдаг. Үүнийг мэдэхэд амар. Бие засахдаа шээс хүчилж  гарах, дутуу шээх нь түрүү булчирхайн хортой, хоргүй хавдрын шинж.Түрүү булчирхайн хоргүй хавдрын үед гормоны тусгай бэлдмэл ууж болно. Хорт хавдар болсон бол мэс засал, туяа эмчилгээ хийнэ.

 Ходоод, элэгний хавдар зэрэг монгол эрчүүдэд зонхилон тохиолдож буй хавдар  буурах хандлага байна уу? Эсвэл найдлага алга уу?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын хэрээр хорт хавдрын өвчлөл цөөрөхгүй. Харин улам ихэсдэг. Гагцхүү эрт оношлогдож, эмчлүүлж байгаа нь чанарын үр дүн болно. Тиймээс өвчлөл буурна гэж байхгүй.

-Гэр бүлийн гишүүн нь хорт хавдраар өвчилж байсан бол бусад гишүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдахыг зөвлөдөг. Үүнээс болоод хавдар удамшдаг гэсэн ойлголттой хүн байдаг юм билээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Аав, ээж нь хорт хавдраар өвчилж байсан бол тухайлбал ээж нь хөхний хорт хавдартай бол охин нь хөхөө эмчид үзүүлж байх шаардлагатай гэж үздэг. Элэгний хавдраар аав, ээж нь өвчилж байсан бол жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах шаардлагатай. Энэ нь нэгдүгээрт, тэдний амьдарч байгаа орчин, хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл  ижил байдагтай холбоотой. Хоёрт, ааваас хүүд, ээжээс охинд хорт хавдраас хамгаалах дархлааны систем удамшдаг. Ингэснээр хүний биед байнга үүсч байдаг хавдрын эсийг цэвэрлэдэг системд алдаа гарч, удамших магадлалтай.

ДЭЛГЭРЭНГҮЙ


"ЗОДУУЛСНААС БИШ МЕНИНГИТЭЭР НАС БАРСАН ГЭСЭН"

Одоогоос сар гаруйн өмнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн тусгай сургалттай 63-р сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй Ц.Буянхишиг хүү сургуулийнхаа хүүхэдтэй зодолдсоны улмаас бие нь огцом муудаж зуурдаар амиа алджээ. Харамсалтай нь хүүгийн шүүх эмнэлгийн дүгнэлт гаднын нөлөөтэй бус менингит өвчнөөс болж амиа алдсан хэмээн гарчээ. Энэ асуудлаар талийгаач хүүгийн ээж Г.Ган-Эрдэнэ бидэнд хандсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Танай гэр бүлд тохиолдсон явдалд юуны өмнө эмгэнэл илэрхийлье. Хүү тань амиа алдахынхаа өмнө ангийнхаа найздаа зодуулж бэртэл авсан гэл үү? Чухам юу болсон юм бэ?

-Миний хүү 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр эмч нарын хайнга байдлаас болж амиа алдсан. /уйлав/ Амиа алдахаасаа дөрвөн хоногийн өмнө сургуултийнхаа хүүхэдтэй зодолдоод гэртээ ирсэн. Тухайн үед хүү сүртэй юм болоогүй, зүгээр гэж байсан ч маргааш нь буюу Баасан гаригт гэнэтхэн бие нь муудаж, толгой нь хүчтэй өвдөж эхэлсэн. Хүү бид хоёр яах учраа ололгүй дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд жижүүрийн эмч “Гадна талдаа шарх сорви байхгүй, толгойд нь бага зэргийн доргилт өгсөн юм байлгүй" гээд хүү бид хоёрыг тоож хэлэлцээгүй. Тухайн үед хүү минь хоол, унд идэж чадахгүй их л зовиуртай байсан. Тэр өдөр гэрийн ойролцоо бариач хайгаад олоогүй тул маргааш болтол түр харзнахаар шийдсэн. Ингээд Ням гаригт хүүгийн бие огцом муудаж би хоёр ихэр хүүхдээ Төв аймагт эмээ дээр нь харуулчихаад хүүгээ аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв оройн 19.00 цагийн орчимд дагуулж явсан. Гэмтэлийн согог судлалын үндэсний төвийн эмч хүүг үзээд эхлээд томографийн зураг авна. Дараа нь хаван буулгах дусал хийнэ гээд дээшээ авч гарсан. Дусал хийлгэх явцад миний хүү их тарчилж “Ээжээ энэ дуслыг дуусгачихаж болдоггүй юм уу. Миний бие чилээд байна. Өвчин намдаадаг дусал юм уу, ихэсгэдэг дусал юм уу, миний толгой өвдөөд байна” гэж орилж билээ. Энэ байдлыг харсан би удаан тэвчилгүй эмчдээ хэлэхэд удахгүй зүгээр болно гээд гарсан. Дусал хийлгэх явцад би хүүгийнхээ багшид нь үзүүлнэ гэж бодоод бичлэг хийсэн юм.

-ГССҮТ-ийн эмч нэр үзээд ямар онош тавьсан юм бэ. Уг нь ямар нэгэн гэмтэл байсан бол компьютерт  харагдах байсан байх?

-Эмнэлэгт үзүүлсэн шөнө буюу үүрийн 06.00 цагийн орчимд хүү минь амьсгал хураасан. ГССҮТ-д дусал хийлгэсний дараа томографийн шинжилгээний хариу бичгээр, CD-гээр гарсан юм. Хамгийн анхны дүгнэлтэд бичсэнээр хүүгийн “Баруун талын хамрын хөндийн салст зузаарсан, бусдаар хэвийн байна” гэсэн хариу гарсан. Эмчээс асуухад ханиад томуу хүрснээс хамрын хөндийн салст зузаардаг гэж тайлбарласан. Хүү минь өвчиндөө шаналаад хоол унд ч идэж чадахгүй хэвтэрт орсон байдалтай байсан. Тиймээс эмчээс зүгээр гэдэгт итгэж болох уу гэхэд нөхөр бид хоёрыг бичиг, үсэг мэддэг юм бол наадахаа унш гээд загнах шахуу гаргасан. Тэгээд болоогүй. Шөнөдөө байдлыг ажиж хоноод толгойн өвчин нь намдахгүй байвал маргааш  цахилгаан соронзон бичлэг хийлгээрэй гэсэн. Болж өгвөл долоо хоног эмнэлэгт хэвтүүлчихвэл зүгээр юм байна гэсэн зөвлөгөө өгсөн. Хаана хэвтүүлбэл зүгээр вэ гэхэд надад “Мөнгөн гүүр” эмнэлгийг санал болгосон. Тэгж явахдаа бид миний хүүг зодсон гэх н.Төгсбаярын төрсөн ах, эгч ээжийг дагуулж явсан. Тухайн үед хоёр талын гэр бүл ярилцаад маргааш өглөө буюу Даваа гаригт “Мөнгөн гүүр”-т хэвтүүлье гэж тохиролцоод салсан. Харамсалтай нь, хүү гэртээ ирснээс хойш бие нь огцом муудаж тэр шөнөдөө үүрийн 06.00 цагийн орчимд нас барсан. Миний хүү хөгжлийн бэрхшээлтэй, хөл муутай боловч ухаан санаа цоо эрүүл хүүхэд байсан юм. Хүүг минь хүмүүс жил ирэх тусам улам мундаг болж байна гэж магтдаг байсан юм. Есөн настайдаа Хан-Уул дүүргийн тусгай дунд 63-р сургуульд орсон.

-Хөвгүүд юунаас болж зодолдсон юм бол?

-Миний хүүг нөгөө ангид суралцдаг насаар ах хөвгүүн н.Төгсбаяр сургуулийн хоёр хөвгүүнээр тухайн өдөр зодуулах гэж байсан юм билээ. Түүнийг ангийнх охин нь мэдээд хамаг хурдаараа сандарч очиход миний хүү хоёр хүүхдийн өмнө сөгдсөн байдалтай сууж байсан гэдэг. Охин гүйж ирээд миний хүүг сугадаад харихаар явсан байгаа юм. Тэр хоёр харихаар цааш явж байтал нөгөөх н.Төгсбаяр тааралдаж хүүтэй минь дахин маргасан байдаг. Улмаар  бетонон хана олон удаа мөргүүлж, газар унагаад өшиглөсөн гэсэн. Хүүхдүүд тэр хоёрыг салгах гэж оролдсон боловч "Хоорондоо ярилцах юм байна" гээд цааш холдож яваад дахиад зодолдсон байсан. Манай хүү хөл муутай болохоор н.Төгсбаярын гарынх нь аясаар зодуулаад байсан юм билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ 


“ХЭРЭГТНИЙГ ОЛЖ, ХҮҮГЭЭ ЭДГЭЭЖ АВМААР БАЙНА”

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28 дугаар гудамжинд байрлах цахилгаан хуваарилах байгууламж /под станц/ өнгөрсөн тавдугаар сарын 25-нд дэлбэрснээс, 25 настай  эмэгтэй амиа алдаж, бага насны хоёр хүүхэд гэмтсэн хэрэг гарснаас хойш долоон сар өнгөрчээ. Хэргийг эргэн сөхвөл под станцын хаалга онгорхой байсан учир 25 настай бүсгүй цахилгаан хуваарилах байгууламжид хоёр бага насны эрэгтэй хүүхэд дагуулаад санамсаргүй орсон байдаг.  Энэ үед гэнэт цахилгаан буудсанаас болж энэхүү золгүй явдал болсон байдаг.

Тухайн үед цагдаагийн байгууллага “Урьдчилсан мэдүүлгээр тус дэд станцын хаалга онгорхой байсан. Тодруулбал, бага насны хүүхдүүд дэд станцад ороод багаж, төмөр түлхүүр шидсэн байж болзошгүй. Энэ үед түүнд цохиодох масс үйлчилсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдсон”  гэж байв.

Осол гарсан цахилгаан хуваарилах байгууламжийг барьсан “Мон-энержи корпораци” ХХК нь “Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газарт 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр тус дэд станцыг хүлээлгэн өгсөн”гэдгийг тайлбарлаж байсан. Уг дэд станцыг хүлээн авсан гэх асуудал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт харьяалагддаг бөгөөд тус газраас тодруулахад “Улсын комисс хүлээж авсан нь үнэн. Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир манай байгууллагаас мэдээлэл өгөхгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.  Энэ хэрэг одоо ямар шатанд яваа, бэртэл авсан хүүхдийн бие ямар байна вэ гэдэг талаар бид  хохирогч Б.Анартөгс хүүгийн ээж  Д.Шүрэнчимэгтэй ярилцлаа.

-Осол гарснаас хойш долоон сар өнгөрчээ. Хүүгийн тань биеийн байдал одоогоор ямархуу байгаа вэ?

Үнэнийг хэлэхэд миний хүүгийн бие өдрөөс өдөрт л муудаж байна. Сэтгэцийн өөрчлөлтөөс гадна, нүдний хараа нь огцом муудсан. Осол гардаг тавдугаар сард эмнэлэгт үзүүлэхэд нүд нь хүнд гэмтээгүй галын  оч  нүд рүү нь ороогүй байна гэсэн. Гэхдээ нүдний дусаалга хэрэглээрэй гэж эмч зөвлөсөн. Саяхан эмнэлэгт үзүүлэхэд хүүгийн маань  холын  хараа нь эрс муудсан байна. Уг нь хүүхэд 02.-0.5 шил зүүдэг юм байна. Гэтэл миний хүүг хасах 1-тэй шил зүү гэсэн. Ядаж шил хийлгүүлж харааг нь тогтооё  гэж бодож байна. Хэдэн  жилийн дараа миний хүү хараагүй болохыг  ч  үгүйсгэхгүй.

Өнгөрсөн хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хоёр удаа хэвтсэн гурав дахь удаагаа хэвтээд саяхан эмнэлгээс гарсан. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байна.

Хүүгийн  сэтгэцэд нь өөрчлөлт орсон гэж байна. Энэ нь  ямар байдлаар илэрч байна вэ?

Осол болохоос өмнө манай хүүхэд тайван зантай хүүхэд байсан. Ангийнх нь хүүхдүүд, хичээл заадаг  багш нь ч мэднэ. Харин одоо бол хүүгийн  маань толгой нь тэсэхийн аргагүй өвддөг юм шиг байгаа юм. Толгой нь өвдөхөөрөө их уурладаг. Хүүгээ харж шаналж суухаас ямар биеийн зовлонг нь мэдэрч чадах биш. /уйлав/ Ослын үед авсан  цочирдлоосоо  одоог хүртэл гарч чадаагүй, байдал улам л дордоод байна. Хүүгийнхээ эвээр л харьцахгүй бол ингэж болохгүй, тэгж болохгүй гэж гэж хорих юм бол уурлана. Их цочмог ширүүн зантай болсон. Уур нь  хүрэхээр гарт таарсан хамаг  зүйлээ шиднэ. Хоёр дүүдээ хааяа гар хүрчээд байдаг болсон. Сургуульдаа  ч явж чадахгүй гэрийнхнээсээ өөр хүний царай харахгүй болохоор хэцүүхэн л байх  шиг байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж