"Эрэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын вирус тээгч"

Хуучирсан мэдээ: 2018.11.21-нд нийтлэгдсэн

"Эрэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын вирус тээгч"

"Эрэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын вирус тээгч"

Монголд жилд 6000 орчим хүн хорт хавдраар оношлогдож, 4000 гаруй хүн энэ шалтгаанаар нас бардаг. Үүний талаас илүүг эрчүүд эзэлдэг. Тэд хавдартай гэсэн онош сонссон цагаас эхлэн гэр бүл, үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ хамт байхын тулд сэтгэлзүй, эдийн засгийн асуудалтай тэмцэлдэж эхэлдэг.“Эрүүл монгол эрэгтэйн эрэлд” цуврал энэ удаад хавдрын асуудлыг хөндөж байна.       

Хорт хавдар сэдвээр Хавдар судлалын үндэсний төвийн захирал, доктор Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.            

-Монгол эрчүүдийн дунд ямар төрлийн хавдар шинээр бүртгэгдэж байна вэ?

-Монгол эрэгтэйчүүдэд элэг, ходоод, уушги, улаан хоолойн хавдар зонхилж байгаа. Элэгний хавдрын шалтгаан нь вирус тул хүйс хамаарахгүй. Гэтэл аливаа өвчлөлөөр эрчүүд ноцтой өвчлөх магадлал илүү байна. Яагаад гэхээр эрчүүд эрүүл мэнддээ их хайнга ханддаг. Эрүүл мэнддээ анхаарал тавилгүйгээр бүдүүн бараг байдлаар явсаар өвчнөө хүндэрсэн үед эмнэлэгт хандаж байгаа. Нөгөө талаас архи, тамхины хэрэглээ зэрэг хорт зуршил ихтэй. В, С вирустай хүн архи уувал элгийг улам гэмтээнэ. Эмэгтэйчүүд эрүүл мэнддээ илүү анхаарал тавьдаг, өвчний эрт үед эмнэлэгт ханддаг, дэглэм сайн барьдаг. Эрчүүдийн эрүүл мэнддээ хайнга ханддаг байдал нь өвчнийг хожуу үед эмнэлэгт хандах шалтгаан болж байна.

Ходоодны хорт хавдар нь Монголд тэргүүлэх хавдрын нэг. Монгол эрчүүдийн 18.7 хувь нь ходоодны хорт хавдартай. Харин эмэгтэйчүүдийн 10.5 хувь нь ходоодны хорт хавдартай байдаг. Энэ өвчлөлөөр монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ найман хувиар их байгаа нь мөн л хорт зуршилтай холбоотой. Ходоодны үрэвсэл, шарх, хеликобактер, давс, архи, тамхины хэрэглээ нь ходоод өвчлөхөд нөлөөлж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага архи, тамхины хэрэглээ, илүүдэл жинг үгүй болгосон цагт хорт хавдрын өвчлөл 30 хувь буурна гэсэн судалгаа гаргасан байдаг. Үүний нотолгоо нь ходоодны өвчлөлийн талаарх дээрх тоо баримт.

Монгол дахь хавдрын 38.1 хувь нь элэгний, 14.6  хувь нь ходоодны, 7.2 хувь нь уушгины хорт хавдар эзэлдэг. Мөн монгол эрчүүдийн 40.7 хувь нь элэгний хавдартай байхад, эмэгтэйчүүдийн 35.7 хувь нь ийм хавдартай. Харин уушгины хавдрын хувьд эрэгтэйчүүдийн 11.6 хувь, эмэгтэйчүүдэд 2.6 хувь байна. Энэ тоо шууд хорт зуршилтай холбоотой.

-Монгол эрчүүдийн дунд түрүү булчирхай, төмсөгний хавдар хэр бүртгэгддэг вэ. Үүний шалтгаан юу вэ. Хэрхэн эмчилж байна вэ?

-Эрэгтэй бэлэг эрхтний буюу шодойн хавдар Монголд цөөн тохиолддог. Манай төвд ийм төрлийн хавдартай хүн жилд 2-3 удаа бүртгэгддэг. Энэ төрлийн хавдар үүссэн шалтгаан нь ариун цэвэртэй шууд холбоотой. Хасгууд эрэгтэй хүүхэд төрөхөд нь л хөвчийг нь таслан бэлэг эрхтэнг нь хойш шамардаг болгодог. Хөвчийг таслахгүй байснаар битүү орчинд, угаалгүй яваад л байвал бохирдох үндэс болж цаашлаад үрэвсэх, шодойн хавдар үүсэх шалтгаан болдог. Тиймээс бэлэг эрхтнээ хойш шамлан байнга угаах шаардлагатай. Нэг талаас ариун цэврээ сайн сахих, нөгөө талаас хань ижлийн найдвартай, аюулгүй байдал чухал. Бэлэг эрхтний хавдрын үед тайрахаас өөр аргагүй.

Төмсөгний хавдар манайд бас тохиолддог. Шалтгаан нь тодорхой. Хүүхэд төрөхөд төмсөг нь хэвлийгээс “хушга” руу орох буюу буух ёстой. Ингэж буугаагүй тохиолдол бий. Энэ тохиолдолд төмсөг аарцаганд удаан хугацаанд наалдаж явснаар хавдар болдог.  17-23 насныханд ийм төрлийн хавдар тохиолдох магадлалтай. Тиймээс эцэг эх нь хүүгийнхээ “хушгыг” байрандаа байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Монголчууд эрэгтэй хүүхдийг багад нь тамхилъя гэдэг шүү дээ. Ингэх үедээ үүнийг шалгаж болно. Энгийн мөртлөө маш чухал зүйл л дээ.

Тиймээс төмсөг аарцаганд үлдсэн бол яаралтай доош буулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Удаан явснаар хавдар болсон бол мэс засал болон хими, туяа эмчилгээ хийлгэнэ. Түрүү булчирхай нь аарцгийн хөндийд байдаг. Нас ахих тусам түрүү булчирхай томорч, хатуурах, хавдар үүсэх эрсдэлтэй байдаг. Үүнийг мэдэхэд амар. Бие засахдаа шээс хүчилж  гарах, дутуу шээх нь түрүү булчирхайн хортой, хоргүй хавдрын шинж.Түрүү булчирхайн хоргүй хавдрын үед гормоны тусгай бэлдмэл ууж болно. Хорт хавдар болсон бол мэс засал, туяа эмчилгээ хийнэ.

Ходоод, элэгний хавдар зэрэг монгол эрчүүдэд зонхилон тохиолдож буй хавдар  буурах хандлага байна уу? Эсвэл найдлага алга уу?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжирч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын хэрээр хорт хавдрын өвчлөл цөөрөхгүй. Харин улам ихэсдэг. Гагцхүү эрт оношлогдож, эмчлүүлж байгаа нь чанарын үр дүн болно. Тиймээс өвчлөл буурна гэж байхгүй.

-Гэр бүлийн гишүүн нь хорт хавдраар өвчилж байсан бол бусад гишүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдахыг зөвлөдөг. Үүнээс болоод хавдар удамшдаг гэсэн ойлголттой хүн байдаг юм билээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Аав, ээж нь хорт хавдраар өвчилж байсан бол тухайлбал ээж нь хөхний хорт хавдартай бол охин нь хөхөө эмчид үзүүлж байх шаардлагатай гэж үздэг. Элэгний хавдраар аав, ээж нь өвчилж байсан бол жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдах шаардлагатай. Энэ нь нэгдүгээрт, тэдний амьдарч байгаа орчин, хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл  ижил байдагтай холбоотой. Хоёрт, ааваас хүүд, ээжээс охинд хорт хавдраас хамгаалах дархлааны систем удамшдаг. Ингэснээр хүний биед байнга үүсч байдаг хавдрын эсийг цэвэрлэдэг системд алдаа гарч, удамших магадлалтай.

Хөхний хавдраар зөвхөн эмэгтэй хүн өвчилдөггүй гэсэн. Монгол эрэгтэйчүүдийн дунд хөхний хавдар бүртгэгдсэн тохиолдол бий юу?

-Эрэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдар тохиолддог. Манайд жил 1-2 эрэгтэй хөхний хавдраар оношлогдож байна. Үүний шалтгаан тодорхойгүй байдаг. Тиймээс  эрэгтэй хүний хөхөнд ямар нэгэн хатуу зүйл тэмтрэгдвэл ичиж, зоволгүйгээр заавал эмчид хандах хэрэгтэй.

– Шалтгаангүйгээр турах нь хорт хавдрын шинж тэмдэг. Чухам хэдэн кг-аар турсан тохиолдолд өөрийгөө “но-той”  байна гэж үзэх вэ?

-Ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй байхад гэнэт жингээ алдаж эхэлбэл эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүн 2-3 кг жин алдахыг анзаардаггүй. Харин таваас дээш килограмм жин алдахыг анзаардаг. Энэ үед бүсэлхийгээр тураад, хувцас томдоод андашгүй болдог. Энэ тохиолдолд заавал эмчид үзүүлэх хэрэгтэй. Хорт хавдрын эсийн онцлог нь хүний биед байгаа хамгийн шимтэй зүйлийг түүж идэж, маш хурдан үрждэг. Үүнээс шалтгаалаад хорт хавдраар өвчилсөн тохиолдолд хамгийн эхэнд жингээ алдах шинж илэрдэг. Жин алдаад, тураад эхэлбэл эмчид үзүүлж, шалтгааныг нь тодруулах хэрэгтэй.

-Хавдар эмчлэх химийн болон туяа эмчилгээ нь эрүүл эрхтэнийг гэмтээдэг талтай гэдэг.  Химийн эмчилгээг бай эмчилгээтэй хослуулах нь илүү үр дүнтэй гэх нь бий. Бай эмчилгээг нутагшуулах арга Монголд хэр үр дүнтэй байна вэ. Хавдрын эмчилгээний шинэ аргаас сонирхуулахгүй юу?

-Туяа эмчилгээний технологи дэлхийд тун сайжирч байгаа. Тухайлбал, хорт хавдартай хэсгийг шарахдаа эрүүл эрхтэнг бага гэмтээж байна. Энэ технологийг суурилуулах гээд бид гурван жил ноцолдож байна. Шугаман хурдасгуур туяа аппаратыг арван хоёрдугаар сард багтаан суурилуулах гэж байна. Аппарат суурилахаар хорт хавдрын ойролцоох эрүүл эрхтнийг бага гэмтээнэ. Бай эмчилгээ нь тухайн хавдрын онцлогоос хамаараад молекулийн үржих мэдээллийг хаадаг юм. Ингэснээр хавдрын эсийг цаашид үржүүлэхгүй. Бай эмчилгээ нь хавдрыг үхүүлдэггүй, хавдрыг томруулахгүй, үржүүлэхгүй байх зориулалттай.

-Хорт хавдрын эмчилгээнд Европ болон уламжлалт эмчилгээ хэр зөрдөг вэ. Хослуулж болох уу. Яг үнэндээ иргэд найдваргүй болсон үедээ ихэвчлэн уламжлалт эмнэлэгт хандаж байгаа харагддаг?

-Нотлогдоогүй буюу альтернатив эмчилгээ өвс ургамал, зайнаас эмчлэх зэрэг нь хорт хавдрыг эмчилсэн тохиолдол байхгүй. Монголчууд итгэмтгий болохоор бусдын үгэнд итгээд ийм зүйлээр явснаар эмчлэгдэх боломжоо алддаг. Харин Европ эмчилгээ нь нотлогдсон зүйл. Тиймээс Европ эмчилгээ хийлгээд эдгэрэх боломжтой эсэхээ мэдэх хэрэгтэй.

-Хорт хавдрын эмчилгээний үр дүн дэлхийд ямар байгаа вэ. Хувилаад тооцвол Монголд  эмчилгээний шинэ технологийн хэдэн хувийг ашиглаж чадаж байна вэ?

-Монголд хорт хавдрыг эмчлэх боломж 70-80 хувь.

-Хорт хавдраас урьдчилан сэргийлэх энгийн, бас үр дүнтэй зөвлөгөө өгөхгүй юу?

-Шалтгаан тодорхой хоёр хавдар бий. Элэг, умайн хүзүүний хорт хавдар. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас “Элэг бүтэн монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь дэлхийд жишиг болж буй хөтөлбөр. Монголчуудад В, С вирус байна уу. Байвал түүнийг эмчилье гэсэн утгатай хөтөлбөр. Үүнд маш олон хүн хамрагдаж эмчлүүлж байгаа нь маш сайн талтай. Мэдээж нэг жилийн дотор асуудлыг бүрэн шийдэх боломжгүй ч төсөл маш амжилттай яваа. Хөхөнцөр вирусээс болоод умайн хүзүүний хорт хавдар үүсдэг. Эрэгтэй хүн вирусийг тээгч болдог. Үүний эсрэг вакцин хийх гэхээр хэсэг бүлэг хүн түүний эсрэг хүчтэй тэмцдэг. Дэлхийн хөгжилтэй орон 10-15 жил тухайн вакциныг хийгээд умайн хүзүүний хорт хавдрыг бууруулсан байдаг. Гэтэл бид энэ вакциныг хийлгэхгүй гэж байгаа нь уг нь буруу юм. Үргүй болгодог зэрэг нотлогдоогүй мэдээллээр олон нийтийг будлиулж, өвчнийг улам даамжруулж байгаа нь буруу л даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
13
ГайхмаарГайхмаар
13
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж