Lenny Kravitz vs Donatella Versace - News.MN

Lenny Kravitz vs Donatella Versace

Old News! Published on: 2010.03.22

Lenny Kravitz vs Donatella Versace

News.MN
News.MN
Uncategorized
Donatella Versace өнгөрсний тухай дурсан ярих дуртай ч ард хоцорсон цаг хугацааг хувцас загвартайгаа холихыг хүсдэггүй. “Versace” загварын ордонд “ирээдүй” гэсэн үг л хамгийн эрхэм. Урт шаргал үс, лусын дагиных шиг зузаан тачаангуй уруултай 55 настай энэ итали хатагтайн зохион бүтээсэн загвар бүхэн ер бусын дур булаам байдагт гайхах хэрэггүй. Donatella өөрийн хөгжмийн шүтээн болох рок од Lenny Kravitz-тай ярилцжээ.”Lenny Kravitz бол амьдралд ховорхон тохиох гайхалтай сайн найз” гэж Donatella ярьж байсан удаатай.

   Donatella Versace: Ингэхэд бид бие биенээ хэзээнээс мэддэг боллоо? Бараг хорин жил өнгөрчээ дээ, тиймээ?

Lenny Kravitz: Тийм ээ, бараг л хориод жил болж байна. Хорь арай хүрэхгүй ч юм уу. Би чамтай хоёр дахь цомгоо гаргасныхаа дараахан танилцаж байсан санагдана. Тэр үед Gianni Нью-Йоркын ParkAvenue Armory-д том шоу хийж байсан ш дээ. Чи тэр үеийг санаж байна уу?

DV: Тэгэлгүй яахав, 1992 он байсан юм байна.

LK: Рок хамтлаг fashion шоун дээр дуулсан анхны тохиолдол тэр байсан байх шүү, тээ?

DV: Gianni чамайг өөрийнхөө шоун дээр ирж дуулахыг урьсан. Тиймээ, тэр хамгийн анхны тохиолдол байсан. Тэгэхэд үнэхээр гайхалтай байсан шүү. Naomi, Cindy, Christy гээд л бүх супермоделиуд тэнд байсан. Ид шидийн юм шиг л үдэш байсан даа.

LK: Тэр шоуны орлого ДОХ-ын эсрэг санд зориулагдаж байсан билүү?

DV: Тийм, хандивын шоу байсан. Тэр өдрийг эргэн санахад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Моделиуд загварын тайзны нэг талаас гарч ирээд нөгөө рүү ороод л, буцаж өөр талаас гарч ирээд л… Тэгэхэд чи дуулсаар л байсан. Одоо хүртэл би Cindy, Christy нартай уулзахаараа тэр өдрийн тухай ярьдаг юм. Тэд байнга л “Яагаад бид түүн шиг гоё зүйл дахин хийж болохгүй гэж?” гэцгээдэг.

LK: Тийм шүү. Нээрээ яагаад тиймэрхүү зүйлс нэг их болдоггүй юм бэ?

DV: Gianni үнэхээр лут дизайнер байсан болохоор л тэр шүү дээ. Хүн бүр түүн шиг сэтгэж, сэдэж чадна гэж би бодохгүй л байна. Би ч гэсэн fashion-ыг дуу хөгжимтэй холих дуртай. Бараг манай гэр бүлийн уламжлал гэх үү дээ.

LK: Бид уулзахаараа хувийн амьдрал, гэр бүлийн чинь тухай их ярилцдаг. Харин ажлын чинь талаар бараг л ярилцдаггүй. Миний хувьд хөгжим, fashion цөм манай гэрээс эхэлсэн. Би хувцас загварын талаар ээжийнхээ хувцасны шүүгээнээс анхлан суралцсан. Урт түрийтэй гутлуудыг нь углаж, ороолтыг нь зүүж, Jimi Hendrix шиг гоёдог байсан. Чи багадаа тэгж тоглодог байсан уу?

DV: Миний ээж оёдлын жижиг студитэй өөрөө оёдолчин хүн байсан болохоор би багаасаа хувцас загвартай маш ойр өссөн. Ээж эхний эсгүүрээ гаргаж, бусад хөлсний оёдолчид гүйцэтгэлийг нь хийдэг байсан. Би өдрийн ихэнхийг л ээжийнхээ ажил дээр өнгөрүүлж, оёдолчдыг хараад л суудаг байлаа. Ээж үйлчлүүлэгчиддээ хийсэн хувцсаа өмсгөж үзэх мөч надад хамгийн сайхан санагддаг байсан. Үзэсгэлэнтэй хатагтай нар ээжийн маань тэдэнд зориулан урласан тэр сайхан хувцаснуудыг өмсөж үзэж байгааг би нууцаар харах дуртай байж билээ. Мэдээж Gianni-тай хамт нэг гэр бүлд өсч торнино гэдэг гайхалтай хувь тохиол. Тэр надаас бараг арван насаар ах байсан. Намайг 10, 11-тэй байхад Gianni хийсэн хувцаснуудаа надад өмсгөж бид хоёр дизайнер, үйлчлүүлэгч болж тоглодог байв. Тэгээд л тэр надаас “энэ хувцас ямар болж вэ?” гэж байнга асууна. Түүнтэй тэгж тоглосоор байгаад би нэг мэдэхэд л хувцас зохион бүтээгч болно гэж боддог болчихсон байсан. Gianni намайг үсээ цагаан цайвар өнгөөр будаач гэж их ятгадаг байж билээ. Тэгээд тэр үеэс би хувцас гэдэг юманд маш их дуртай болсон. 11-тэйдээ би анхны мини юбка, арьсан урт түрийтэй гутал өмсөж байлаа.

LK: Хөөх, 11-хэн настай жаахан охин уу?

DV: Тийм ээ, тэр үед би яг одоо харагдаж байгаа шигээ л байсан. Ялгаа нь гэвэл 11 настай л байлаа /инээв/. Gianni-тай байхад хэн ч тийм болох байсан биз.

LK: Ингэхэд та нар эхээс хэдүүлээ вэ?

DV: Би, Gianni, тэгээд Gianni-аас хоёр насаар зөрүүтэй бас нэг ах гээд бид гурвуулаа.

LK: Мэдээж 11 настайгаасаа өнөөдрийг хүртэл чи бишгүй л олон хувцас харж, бүтээж, өмссөн байгаа. Тэдэн дундаас чиний сэтгэлийг үнэхээр их хөдөлгөж байсан хувцас гэж бий юу?

DV: Gianni 80-аад оны дунд үеэс metal-mesh /ялтсан металлан материал гэж хэлэж болно/ загварууд зохион бүтээж эхэллээ. Тэгээд анхны металл даашинзаа надад зориулсанд нь би маш их баярлаж байж билээ. Тэр даашинз ямар гоё гээч. Хар өнгөтэй metal-mesh, бараг газар шүргэм урт тийм даашинз байсан юм. Дээгүүрээ бас жижиг хар арьсан жакеттай. Жинхэнэ рок`н`ролл даашинз гэж тэрийг л хэлэх байх даа. Би түүнийг анх хараад л унаж тустлаа дурласан. Миний амьдралдаа өмссөн хамгийн сайхан хувцас гэвэл би түүнийг хэлнээ. Ер нь Gianni-ын рок`н`ролл стилийг загварууддаа оруулдаг байсан нь надад дэндүү их таалагддаг. Би түүний зохион бүтээсэн бүх хувцсыг архивтаа хадгалдаг, харин надад таалагдсан онцгой бүтээлүүдийг нь гэртээ хадгалдаг.

LK: Их секси даашинз байх даа. Тэгж санагдаж байна. Дур булаам байдал гэдэг ахын чинь үеэс чамд дамжин ирсэн санагддаг юм. Ер нь бол Versace-ын загварууд нэлээн секси шүү.

DV: Би хэзээ ч секси хувцас зохион бүтээе гэж боддоггүй. Цаанаасаа л санаа шийдлүүд гарч ирдэг. Би загваруудаа инстинктээрээ л зохион бүтээдэг. Секс бол бид амьсгалж, хооллож байдгийн л адил амьдралын маш чухал хэрэгцээ гэж боддог. Жишээлбэл, чи хэзээ ч “Миний өмссөн энэ хувцас sexy байна” гэж хашгирахыг хүсдэггүй шүү дээ. Тийм ч болохоор бид хэт ил задгай загварууд зохион бүтээхийг хүсдэггүй. Хүмүүс бүгд л илүү энгийн, илүү гоё байдлаар бусдад дур булаам харагдахыг хүсдэг. Гэхдээ хүмүүс чамайг хараад “Wow“ гэж уулга алдаж байвал үнэхээр сайхан хэрэг биз дээ. Түүнийг л би дур булаам байдал гэж боддог. Цаг хугацаа өнгөрөх тусам дур булаам байдал гэдэг ойлголт ч өөр болж байх шиг. Биднийг залуу байхад 80-аад оны сүүл үе, 90-ээд оны эхээр sexy гэдэг ойлголт шал өөр байсан шүү, тиймээ?

LK: Тэр ч тийм шүү. Наяад он гэснээс хувцас загварын чиг хандлага одоо наяад он руу хэлбийгээд байх шиг? Миний охин Zoe одоо хорин настай. Түүний хувцаслалтыг харахаар наяад он л санаанд ороод байгаа юм даа.

DV: Тийм ээ. Наяад оны чиг хандлага хүчтэй орж ирээд байна. Гэхдээ миний хувьд өнгөрснөөс хуулбарлах нь тийм ч таатай санагддаггүй. 80-аад онд Gianni гайхалтай загваруудаа зохион бүтээдгээ бүтээчихсэн. Одоо би ажлын архиваасаа түүний тухайн үед зохион бүтээсэн наяад оны загваруудаас дэлгээд тавьбал хүмүүс гайхалтай хүлээж авна байх. Ерөнхийдөө бид өнгөрсөн рүүгээ эргэж харж болно л доо, гэхдээ тийм ч их харах хэрэггүй байх гэж би боддог. Уйтгартай биш гэж үү? Наяад оны зузаан мөрнүүд… Бид аль хэдийн тэр цаг үеийг туулаад өнгөрөөчихсөн ш дээ. Дизайнерууд яахав нэг улирал зузаан мөрнүүдээр “тоглоод” өнгөрөөчихөж болох байх л даа. Гэхдээ энэ чинь хувьсгал биш. Гол нь бид ухрах биш урагшлах л хэрэгтэй. Бидний амьдарч байгаа энэ цагийг тодорхойлоход их хэцүү юм. Бид үүнийг яаж тодорхойлох хэрэгтэй юм бэ? Хөгжмөөр тодорхойлж болно гэж би боддог. Арван жилийн өмнө бидний сонсож байсан хөгжмөөс өнөөдрийн хөгжим дэндүү өөр болж. Хувцас загвар ч гэсэн яаж тодорхойлогдох учраа олохгүй байх шиг санагддаг юм. Миний хувьд одоо би загвар гэхээсээ илүү материал, материал гаргах технологи дээр илүү их анхаарлаа хандуулж ажиллаж байгаа.

LK: Бидний амьдарч байгаа энэ цаг үе, өөрөөр хэлбэл 2000 оноос хойш, энэ үе ирээдүйн хүмүүст хэр их “шоолуулах” бол? Бидний залуудаа өмсөж хэрэглэж байсан бүхэн одооны хүүхэд залууст инээдтэй харагддаг шиг тийм байдал гарах болов уу?

DV: Би бас энэ тухай үе, үе бодож үздэг юм /инээв/. Үүнийг одоо хэлэхэд их хэцүү. Бид дал, наяад онд амьдарч байхдаа тэр цаг үеэ тодорхойлж чаддаггүй байсан ш дээ. Тэгэхээр энэ цаг үе дууссаны дараа л бид тодорхойлж чадах байх.

LK: 2009 оны намар, өвлийн коллекцийн чинь гол санаа юу байв?

DV: Метал өнгийн материалуудыг би загварууддаа их оруулсан. Ноос, ноолуурыг металлтай хольсон загварууд нэлээд бий. Бас хүчтэй тод өнгөнүүд энэ намрын миний коллекцийн гол хандлага боллоо. Томдсон шахуу харагдах том цувнуудын дотор маш эмэгтэйлэг даашинзууд гайхалтай харагдах болно.

LK: Би чамтай уулзахаараа л дэндүү гэмээр ажил хэрэгч байдлыг чинь дандаа биширдэг. Миний амьдрал үргэлж л завгүй байдаг. Цомгоо гаргана, аялан тоглолт хийнэ, тэгээд хэсэг хугацаанд завсарлана. Би хэдэн жил ч таг чимээгүй болж чадна. Тэгснээ гэнэт гарч ирээд уран бүтээлээ хийнэ. Дахиад цомгоо гаргана, тоглолтоо хийнэ. Дараа нь дахиад л алга болно /инээв/. Гэтэл чи үргэлж л дараагийн коллекц гэсэн шахалтан доор ажиллаж байдаг. Арай гэж нэг нь дуусангуут дараагийнх нь хүлээж байдаг.

DV: Тийм л дээ. Гэхдээ тэгэхээс өөр арга байхгүй шүү дээ. Болдог бол чиний амьдралаар амьдармаар л байна. Гайхалтай амьдрал шүү. Эрх чөлөөтэй шувуу шиг л…

LK: Ямар ч завсарлагагүй, ямар ч амралтгүй ингэж ажиллахаар гэр бүлийн амьдралаа яаж зохицуулдаг юм бэ? Тэр тусмаа эмэгтэй хүн. Чиний хувьд гэр бүл гэдэг маш чухал зүйл болохыг би дэндүү сайн мэднэ.

DV: Гэр бүл маань миний хувьд хамгийн чухал нь. Тэр тусмаа би итали хүн гэдгийг чи мэдэх хойно доо. Хүүхдүүд бага байхад надад үнэхээр хэцүү байсан. Одоо бол дажгүй ээ. Би цаг зав гарах л юм бол тэр цаг заваа гэр бүлдээ маш чанартайгаар зарцуулахыг хичээдэг. Хугацаатай ажил хийнэ гэдэг бол нэг талаас хамгийн их стресс дагуулдаг. Гэхдээ нөгөө талаас цагтай уралдаж сурдаг. Би цаг хугацаатай уралддаггүй чинийх шиг ажилтай болохыг насан туршдаа л мөрөөдөж ирлээ.

LK: Энэ өдрүүдэд чи юунаас сайхан мэдрэмжүүдийг авч байна вэ?

DV: Урлаг намайг байнга л хөглөдөг. Тэр дундаа хөгжим. Дуртай хөгжмөө сонсоход санаа бодлыг маань шууд л өргөдөг. Би үргэлж л хөгжим сонсож байдаг. Гэхдээ бүх байнга маш чангаар. Заримдаа хүмүүс миний дэргэд байхаас залхдаг байх. Надаас юу сонсдогийг маань асуух хэрэггүй шүү. Мэдээж би чамайг байнга л сонсдог. Сонгодгуудыг сонсдог. Поп хөгжим ч сайхан байдаг юм. Бас “Мetallica”-г нэлээн сонсоно. Би хөгжмийн бүх л урсгал жанрт хайртай.

LK: Би ч бас төрөл бүрийн л жанрт дуртай. Бүжгэн жүжиг, дуурь бол миний хувьд шилдэг. Заримдаа country хөгжим ч сонсдог. Ингэхэд чи хоол хийх дуртай юу?

DV: Уул нь би итали хүн. Гэхдээ итали хүн биш ч юм шиг /инээв/. Хоол хийхийг ёстой мэдэхгүй шахуу. Харин би идэх дуртай шүү /дахин инээв/. Найзуудтайгаа ширээ тойрон суугаад хооллох их сайхан. Харин чи янзтай гоё хоол хийдэг шүү. Бүр атаархмаар.

LK: Хоолыг үүрэг хариуцлага мэтээр хийх нь утгагүй. Харин амралт, зугаа болгож хийх их сайхан. Би Бахама арал дээрх байшиндаа очихоор л өөрийн эрхгүй гоё хоол хийж гэрийнхнээ тойруулж суугаад хамтдаа хоолломоор санагддаг юм. Хааяа, хааяахан дажгүй амттай хоол хийчихнэ шүү.

DV: Гэр бүл гэснээс би чамаас охины чинь талаар асууя гэж бодож байсан. Би түүнийг саяхан нэг харсан. Тэр маш үзэсгэлэнтэй охин болсон байналээ.

LK: Тиймээ, охин маань намайг бүх талаар дэврээж өгдөг. Тийм сайхан охины аав байна гэдэг нэр төрийн хэрэг /инээв/. Түүндээ би хязгааргүй их хайртай. Zoe бол миний амин сүнс л гэсэн үг дээ. Аав, охин хоёрын маш хүчтэй харилцаа байдагт би их баяртай байдаг. Ихэнх аав, охид бидэн шиг дотно биш байх.

DV: Чи түүнийг бага байхад энд тэндгүй дагуулаад явдаг байж билээ. Тэр чиний гараас салдаггүй хөтлөөд л явдаг байсан

LK: Тэр жаахан охин одоо ийм том бүсгүй болсон гэдэгт итгэхийн аргагүй шүү тиймээ? Одоо миний охин кинонд тоглодог боллоо. Жүжигчнийхээ хувьд ч надад таалагдаж байгаа. Түүнд маань авъяас хайрласанд бурханд талархаж байдаг. Тэр бас амьд хөгжмийн хамтлагтай, анхны цомгоо бичүүлээд явж байгаа. Хамтлагийнх нь нэр “Elevator Fight”. Чи нэг сонсоод үзээрэй. Их гоё. Надад тэдний хөгжим их таалагдаад байгаа. Zoe надад хамтлагийнхаа дуунуудыг ердөө сонсгохгүй явсаар байгаад саяхан талархлын баяраар л сонсголоо. Үнэхээр миний охин мөн дөө гэж онгирсон шүү. “Let Love Rule” цомгоо хийж байхдаа би ч бас ээждээ огт сонсгохгүй нуудаг байсан. Яг түүнтэй ижил зүйл надад тохиолдсон гээд бодохоор их сонин. Тэгээд ээжид анх удаа сонсгоход ээж бараг шооконд орж байсан. “Өрөөндөө бүтэн өдөржин хийдэг байсан зүйл чинь энэ байж шүү дээ” гээд ээж нулимс унагаж байж билээ.

DV: Чи миний хүү Daniel-ыг мэднэ ш дээ. Daniel бас “Nucleus” гэдэг рок хамтлагт гитар тоглодог. Нэлээн дээр үед би түүнд чиний нэртэй гитарын мөр бэлэглэхэд тэр жигтэйхэн баярлаж байсан. Одоо ч гэсэн Daniel тэр мөрөө хэрэглэсээр л байгаа. Чи түүний шүтээн юм чинь аргагүй шүү дээ.

LK: Ямар гоё юм бэ? Надад түүний хөгжмүүдээс нэг сонсгоорой.

DV: Тэгнээ, тэгээд чи түүний талаар яг юу бодож байгаагаа үнэнээр нь хэлээрэй.

LK: Тэгэлгүй яахав. Би чам шиг сайн найздаа худлаа хэлж чадна гэж үү дээ /инээв/

 Ж.Индра

 

For your Reactions?
0
HeartHeart
0
HahaHaha
0
LoveLove
0
WowWow
0
YayYay
0
SadSad
0
PoopPoop
0
AngryAngry
Voted Thanks!