”Би ЕХ-г музейн үзмэр болохыг хүсэхгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

”Би ЕХ-г музейн үзмэр болохыг хүсэхгүй байна”

Германы Канцлер Ангела Меркелийн “Sьddeutsche Zeitung”, “The Guardian”, “Le Monde”, “La Stampa”, “Gazeta Wyborcza”, “El Paнs” сонины сэтгүүлчдэд өгсөн  ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


-Та хөгжим тоглож чаддаг уу?

-Чаддаггүй. Би хүүхэд байхдаа лимбэ, төгөлдөр хуур яаж тоглохыг заалгаж байсан. Гэсэн ч одоо тийм сайн биш.

-Тэгвэл та найрал дуу, симфони оркестрыг мэдэх байх. Европын холбоог ийм найрал дуутай зүйр­лэвэл Герман улс энд ямархуу нотоор дуулж байна вэ?

-Хэрэв таны хэлж буй зүйрлэлээр дүгнэвэл Европын холбооны ямар ч орон тусгай нотоор дуулаагүй. Хэн ч гуулин хөгжим тоглоогүй. Улс бүр өөр өөрийн онцлогийг хадгалж, нэг өнгөөр дуулж байна.

-Гэхдээ та арай өөр өнгө гаргаж байх шиг байна, тийм үү?

-Нэлээд орчин үеийн хөг аялгууг гар­гаж байна гэж бас хэлж болох юм.

-Тэгэхээр улстөрчид Европын хямралыг хяналтандаа байлгаж чадаж байна гэсэн үг үү?

-Бид хамтдаа Европын хям­ралын эсрэг тэмцэж байна. Яг  найрал дуунд оролцож буй дуу­чин бүр хамтдаа дуулдаг шиг. Ямар ч симфони найрал хөгжимд ийм үзэгдэл байдаг. Гэхдээ энэ бол европчуудын нүүр тулж буй хүндхэн сорилтуудын нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

-Хямралын эсрэг хийж буй алх­мууд үр дүнд хүрсэн гэсэн үг үү?

-Одоохондоо тэгж хэлэх эрт байна. Үүнийг би хүлээн зөв­шөөрнө. Гэхдээ бидний хийж буй ажлын үр дүнд зарим талаараа хямралын тархалтыг сааруулж чад­сан. Тухайлбал, маш их өртэй зарим оронд нөхцөл байдал харьцангуй тогтворжсон. Энэ бүхний ард гарахын тулд нэлээд урт хугацаа шаардагдах нь дамжиггүй. Одоогийн байдлаар Евро бүсэд ажилгүйдлийн түвшин өндөр, бүтээн байгуулалтын ажил сул байгаа. Мэдээж Грекийн тухай дурьдахгүй ор­хиж болохгүй. Хамгийн гол нь бид эхлээд тайвшрах хэрэгтэй. Евро­пын холбоо ажлын байр шинээр бий болгож, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө хур­дасгах хэрэгтэй. Ингэхийн тулд эдийн засагт инноваци хийх шаард­лагатай байна.

-Хямралын эсрэг баримталж буй бодлогоо та зөв гэж бодож байна уу. Ямар нэгэн эргэлзэх зүйл гарч байна уу?

-Сайн улстөрчид үргэлж эргэл­зэж байдаг. Би Европын холбоо хэмээх нэгдлийг хадгалж, еврогийн тогтвортой байдлыг хангахыг зорьж буйдаа хэзээ ч эргэлздэггүй. Гэхдээ ингэхийн тулд хийж буй алхмууддаа эргэлздэг. Тухайлбал, санхүүгийн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй юу. Үүний сайн, муу тал юу вэ гэх мэт.

-Энэхүү хямрал хүмүүст ямар сургамж өгч байна вэ?

-Эхэндээ Европын холбооны эрх баригчид асуудалд үзэгчийн байр сууринаас хандаж байсан. Ха­рин одоо нөхцөл байдлыг хэрхэн нааш­тайгаар эргүүлэх вэ гэдэгт толгойгоо гашилгаж байна. Өнгөрсөн жил Евро бүсийн олон орон өрийн хямралаас гарахын тулд эдийн засгийн шинэч­лэл хийсэн. Гэхдээ энэ нь зөв алхам болсон эсэхт би одоо ч эргэлзэж байна. Ер нь Европын холбоо бол­зошгүй хямралын эсрэг бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй болж байна.

-Евро бүсэд эдийн засгийн хэм­жээгээрээ тэргүүлдэг Итали улсад тусламж хэрэгтэй болсон. Энэ нь хямрал даамжирсны дохио юу?

-Италийн эдийн засгийг тогт­вор­жуулахын тулд бид тусламж үзүү­лэх шаардлагатай. Үүнээс үүдээд Европын санхүүгийн тогт­вор­той байдлыг хангах сангийн хө­рөнгийг нэмэхээр болсон. Хариуд нь санхүүгийн хатуу хяналт тавих бол­зол санал болгоно.

-Таны тавьж буй санал хэ­тэрхий хатуу байна гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?

-Улс орнууд хямрах төдийд Европын холбооноос тухайн улсын Засгийн газарт бэлэн мөнгө гар­гаж өгөөд байх боломж хомс. Тухайлбал, Испанид залуусынх нь 40 хувь ажилгүй байна. Энэ бол тус улсын хууль, эрх зүйн тогтолцоотой холбоотой. Түүнээс гадна Герман болон зүүн Европын орнуудын ажиллах хүчний зах зээлийг шинэч­­лэх шаардлагатай болсон. Хямарч буй орнуудад олон тэрбум ам.долларын санхүүжилт өгч буйн хувьд бидний мөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа эсэхийг хянах эрхтэй. Энэ нь санхүүгийн хатуу хяналт, болзол тавих шалтгаан болж байна.

-Энэ удаагийн өрийн хямралаас болж Европын холбоо задрах юм биш биз?

-Европын холбоо задрахгүй гэд­­гийг баттай хэлж чадна. Гэхдээ бид хамтдаа байхын тулд чамгүй хүнд сорилттой тулгарч байгаа. Урт хугацааны томоохон хөрөнгө оруулагчид Европын холбоо ойрын 20 жилд ямархуу байхыг төсөөлөхийг оролд­дог. Гэхдээ энэхүү хям­ралын ачаар Европын орнууд улам илүү нягтарч, нэгдэж чадсан болов уу. Бидний харилцаа найр­саг, дипломат байх төдийгөөр хязгаарлагдахгүй. Харин учирч буй бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэж чадаж байгаа нь Европын холбооны орнууд нэгдэн нягтарч байгаагийн илэрхийлэл.

-Европын холбооноос явуулж буй бодлогыг Их Британийн эрх баригчид төдийлөн дэмждэггүй. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Их Британи улс Европын хол­боо­ны гишүүн хэвээрээ бай­гаасай гэж би хүсдэг. Мэдээж 27 улс нэгдмэл бод­лого баримтална гэдэг хэцүү. Гер­манчуудын хувьд хамгийн чухал зүйл бол бүгд хоорондоо тохиролцож чадах яв­дал. Өөрөөр хэлбэл, томоо­хон ор­нууд жижиг улсуудтай бод­логоо уялдуулах ёстой. Тиймээс Их Бри­тани ч бай, өөр аль нэгэн жижиг орон ч бай хамаагүй аль, алиных нь саналыг харгалзан үзэх нь чухал юм.

-Польшийн Гадаад хэргийн сайд Радостав Сикорски “Гер­манчууд бүс нутгаа удирдаж чадахгүй байна” хэмээн онцолж байсан. Ер нь Герман улс Европын холбооны бодлогыг хангалттай зөв чиглүүлж чадаж байгаа болов уу?

-Польшийн Гадаад хэргийн сайд энэ үгийг өөртөө маш итгэлтэйгээр хэлсэн. Тэд бидний харилцааг шүүмжилж болохуйц, засч залруулж чадахуйц түвшинд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүнд би баярлаж байна. Герман улс бол Европын холбооны гол гишүүн орнуудын нэг. Бид хариуцлага хүлээх чадвартай учраас ийм эрхтэй гэж ойлгож байна.

-Ерөнхийдөө Европын хямрал хүндхэн байна. Ийм үед Германы Канцлер болсноороо та томоохон үүрэг, хариуцлага хүлээхээс өөр аргагүй. Үүнээс үүдээд таныг шинэ “Төмөр хатагтай”, “Хатагтай Европ” гэх зэргээр нэр­лэж байна. Энэ бүхэн таны зан чанарт нөлөөлсөн болов уу?

-Би чадах бүхнээ хийж, өөрийгөө бүрэн дайчлахыг хүсдэг. Бид улс орныхоо улс төр, эдийн засгийг тогт­воржуулахын төлөө 35 жил ажил­ласан. Тиймээс Европын хол­боотой нягт уялдаа, холбоотой байдаг хүн гэж ойлгож болно. Энэ бүс нутаг дахь ардчилал, хүний эрх, эрх чө­­лөө, түүний үнэ цэнийг хүмүүст бү­­рэн ойлгуулж, тэр бүхнийг өгч чад­даг тийм газар байлгахын тулд ча­дах бүхнээ хийх болно. Өнөөд­рийн байдлаар Европын холбооны ор­нуу­дад дэлхийн нийт хүн амын долоон хувь багтдаг. Хэрэв бид хамтарч, нэгдэж чадахгүй бол хям­рал улам даамжирна. Би Евро­пын хол­боог музейд хадгалсан үзмэр төдий зүйл болж үлдээсэй гэж хүсэхгүй байна.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж