Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдсан Эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 05, 06-нд хоёр өдрийн турш Төрийн ордноо болж өндөрлөлөө.
Энэ удаад зохион байгуулсан эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн их өсөлтийг хөгжил болгон хувиргах, тэр дундаа байгалийн баялгийн тэгш хуваарилалт бий болгохын тулд гарц хайсан болохыг онцлон тэмдэглэсэн юм. “Хөгжилд хамтдаа” уриан дор болсон энэ удаагийн Эдийн засгийн чуулга уулзалтад гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцож, эдийн засгийн их өсөлтийг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд юун дээр анхаарах, тэр дундаа хувийн хэвшлийн салбарынхны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстойг хөндсөний зэрэгцээ нефтийн хараат байдлаас гарахын тулд төр засаг ямар бодлого баримтлах, эрчим хүчний хэрэглээг хангахын тулд цаашид эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд хувийн хэвшлийн салбарынхан хэрхэн оролцох гэх мэт олон асуудлыг хөндөж санал дэвшүүллээ. Чуулганд оролцсон төлөөлөгчид “Энэ удаагийн Эдийн засгийн чуулга уулзалтаар олон чухал асуудал хөндөгдлөө. Одоо гол нь ажил хэрэг болгох талд ажиллах нь чухал байна” гэж онцолсон юм.