Сони компани мөн хугацаанд 220 тэрбум иений алдагдалд орох төлөвтэй байгаа бол Шарп компаний хувьд алдагдлын хэмжээ сүүлийн 3 улирлын нийлбэр дүнгээр 290 тэрбум иенд хүрээд байна. Сони компанийн зөвхөн телевизорын үйлдвэрлэлийг авч үзвэл сүүлийн 8 жил дараалан алдагдалтай ажиллаж байгаа юм.
Харин Хитачи сүүлийн 3 улирлын дүнгээр 85.2 тэрбум иений ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээр электрон бараа үйлдвэрлэгч компаниуд дундаа тэргүүлж байна. Гэвч 3 жилийн өмнө тус компани мөн л үйлдвэрлэлийн салбарын түүхэнд хамгийн өндөр хэмжээний буюу 787 тэрбум алдагдал хүлээж байсан юм. Тухайн үед ашиг багатай плазма дэлгэц болон LCD телевизорын үйлдвэрлэлээ зогсоож цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт түлхүү хөрөнгө оруулах болсон юм. Тошиба компани 65 тэрбум иений ашигтай ажилласан боловч ашгийн хэмжээ өмнөх оныхоос 70%-иар буурсан байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн телевизорын зах зээлийн үнийн өрсөлдөөн ширүүсч зах зээлд Өмнөд Солонгос, Хятад улсын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь нэмэгдэж байна. Одоогийн байдлаар телевизорын нийт зах зээлийн 36.2%-ийг Өмнөд солонгос, 34.4%-ийг Япон, 19.4%-ийг Хятад улс тус тус эзлэж байгаа юм. Сүүлийн үед доллартой харьцах иений ханш тогтмол өндөр байгаа, Тайланд улс дахь салбар үйлдвэрүүд үерт автсан зэрэг гадаад нөхцөл байдлаас шалтгаалан Японы электрон бараа үйлдвэрлэгчдийн ашиг орлого буурч, их хэмжээний алдагдалд орж байна.
Панасоник компани нарны батерей зэрэг байгаль орчинд ээлтэй технологийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх замаар энэ ондоо багтаан алдагдлаас гарахаар төлөвлөж байгаа бол Шарп компани телевизорын үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, ухаалаг утсанд зориулсан жижиг оврын дэлгэцийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Харин Сони компани Олимпустай хамтран эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Япон улсын электрон бараа үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэл болон ашгийн дийлэнх хувийг телевизорын үйлдвэрлэл бүрдүүлсээр ирж, телевизор тэдгээр компаниудын нүүр царай болсон бүтээгдэхүүнд тооцогдож байв. Гэвч энэ байдал дэлхийн эдийн засгийн хямрал болон бусад шалтгааны улмаас үндсээрээ өөрчлөгдөж байна.