Нэгд, үндэстэн бүхэн өөр өөрийн гэсэн ёсолгоотой байдаг билээ. Манайд баруун гараа зүрхэн тушаа тавьдаг, хурайлдаг, магнайдаа хүргэдэг гэх мэт олон ёсолгоо байдаг. Харин монголчуудыг шууд илэрхийлдэг ямар ёсолгоо байна вэ? Тайландчууд алгаа хавсран залбирдаг шиг, япончууд бөхийдөг шиг, үндсэрхэг үзэлтнүүд баруун гараа өргөдөг шиг монголчуудынх гэх ямар ёсолгоо байна вэ? Нэг мөр болгосон, үндэсний онцлог болсон ёсолгоо байхгүй байна. Энэ орон зайг нөхөж, үндэсний гэх ёсолгоотой больё гэж “Монгол ёс” ТББ хичээн ажиллаж байгаа юм.
Хоёрт, ёс ёсолгоо бол зан заншил, хэвт ёстой холбоотой зүйл. Энэ бол хоёргүй нэг утгаар зан заншил юм. Зан заншлаас шууд утга нэхэх, “Үүнийг хийсний ач холбогдол гэж юу байна?” гэж асуух нь өөрөө учир дутагдалтай юм. Зан заншил бол гүн далдын утгатай байдаг. Бид овоонд чулуу өргөхдөө, өдөр бүр цай сүүний дээжээ өргөхдөө шууд утга нэхдэггүй, ямар ач холбогдолтой юм гэж асуудаггүй. Ёсолгоо бол зан заншил. Ингээд л болоо.
Гуравт, бидний хэвшүүлэх гээд байгаа энэхүү ёсолгоог Төрийн дууллаа сонссоны дараа, Ерөнхийлөгчөө үг хэлсний дараа /Цагаан сарын бөхийн барилдаан, наадмын нээлт гэх мэт/ ёсолж хэвшүүлцгээе гэж уриалмаар байна. Энэ нь мөнх хөх тэнгэрээ шүтдэг, долоон бурхан одондоо Ивээлт Бурхнаа байдагт итгэн биширдэг монголчуудад тэнгэрийн авшиг хүртээх ёсолгоо болоосой.