ОУОХ-ноос санаачлан 2010 онд Сингапурт өсвөрийн зуны анхдугаар олимпийн наадмыг зохион байгуулсан билээ. Дэлхийн өсвөрийн тамирчдыг олимпийн дээвэр дор нэгтгэсэн тус наадмаас Монголын баг хоёр алтан медаль хүртсэнээр өсвөрийн олимпийн хоёр аваргатай болсон билээ. Тэгвэл, “Сингапур-2010” өсвөрийн олимпийн чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн Баатарзоригийн Батцэцэгийн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн олон хотын нээлттэй тэмцээн болох гэж байна. Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн зааланд болох тус тэмцээн эрэгтэй 11, эмэгтэй найман жингийн ангилалд болох юм. Тодруулбал, хөвгүүд 28, 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 63 69 кг, охид 38, 40, 43, 46, 49, 52, 56, 59 кг-ын жинд өрсөлдөнө.
Тэмцээний зорилго нь нийслэлийн болон орон нутгийн чөлөөт бөхийн клуб, хорооны өсвөрийн тамирчдыг өргөнөөр хамруулж, өрсөлдөөн өрнүүлэх, ур чадвар нэмэгдүүлэх, ирээдүйд улс, тив, дэлхий, олимпийн наадамд оролцох боломжийг нэмэгдүүлэхэд оршиж буй ажээ.
С.Цэлмэг