Мах үнэд орж, мал хаданд гарна

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Мах үнэд орж, мал хаданд гарна

Төсвийн багууллагад ажиллаж, цалингаас цалингийн хооронд амьдардаг эгч маань сар бүрийн сүүлээр цуглуулдаг хүнсээ цуглуулахаар хар савхин тороо бариад гарлаа. Хажууханд байрлах хүнсний дэлгүүр, супер маркетуудаас авч болох ч арай хямд үнэтэйг нь бодоод зах гарч байгаа нь энэ. Арга байж уу дээ сар бүрийн байр хоолны мөнгөнөөс нь илүү гардаггүй сарын цалингаасаа жаахныг ч болтугай илүүчилж хүүхдийнхээ хадгаламжинд хийх санаатай хичээж авч байгаа. Худалдаж авсан хүнсээ дааж ядан ороод ирдэг эгчийн маань торонд орох хүнс өдрөөс өдөрт багассаар, тор өдрөөс өдөрт хөнгөрсөөр. Авдаг цалин нь нэмэгдээгүй ч, хэрэглэх хүнснийх нь үнэ бага багаар нэмэгдсээр. Хэрэглэгчид ч бага багаар бүсээ чангалсаар. Үндэсний статистикийн хорооноос гаргадаг судалгаагаар бол өнгөрсөн долоо хоногт нийслэл хотын хүнсний зах, дэлгүүрүүдээр худалдаалагдсан хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундажтай харьцуулахад 5,1 хувиар, өнгөрсөн долоо хонгийнхтой харьцуулахад 1,8 хувиар өссөн дүн гарчээ. Тэр дундаа хамгийн ихээр өсөөд байгаа махны үнийг өмнөх сарынхтай харцуулахад хонины махны үнэ 15.2 хувиар, үхрийн мах 8.6, адууны мах 26.8, ямааны мах 19.2 хувиар тус тус өссөн дүн гарсан байна. Нэг сарын хугацаанд шүү дээ. Өнөөдөр нэг кг үхрийн мах 8213 төгрөг, хонины мах 7025 төгрөгөөр тус тус зарагдаж байгаа бол, өнгөрсөн сард  хонины мах 5683 төгрөг, үхрийн мах 7200 төгрөгийн үнэтэй байсан аж. Харин өнгөрсөн оны гуравдугаар сарын эхний хагасын байдлаар нэг кг ямааны мах 3340 төгрөг, адууны мах 3480 төгрөг, хонины цул мах-4070 төгрөг, үхрийн цул мах-5000 төгрөгийн үнэтэй байсан аж. Үүнээс харахад нэг жилийн дотор  нэг кг махны үнэ 3000 орчим төгрөгөөр нэмэгдсэн нь ажиглагдаж байгаа юм. Харин гурил будааны үнэ бага зэрэг өссөн ч урьдчилан гаргасан тооцооны дүнтэй харьцуулахад харьцангуй бага өссөн хэмээн албаныхан тайлбарлаад байгаа. Хүнсний ногооны үнийн хувьд өмнөх сарынхтай харьцуулахад төмс 2.9 хувь, байцаа 4.0 хувиар өссөн дүн гарчээ. Энэ мэтээр өргөн хэрэглээний барааны үнэ сүүлийн хэдэн сарын хугацаанд яван чангарсаар, түүнд нь ундуйцсан иргэдийн бухимдал ч нэлээдгүй бий болсоор. Ерөөс энэ үнийн өсөлтийн гол шалтгаан нь валютын болоод шатахууны үнийн өсөлттэй холбоотой, нөгөөтэйгүүр 2009-2010 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч мал зүй бусаар хоргодсоноос болсон  хэмээн эдийн засагчид болоод эрх мэдэлтнүүд тайлбарлаад байгаа. Саяхан болсон сар шинийн баяраар өр тавих нэг нь өр тавьж, хадгалж хураасан хэдэн бороо тавиад туучихсан иргэдийн хувьд хаврын хавсарган улирлыг даван туулах, хүч тэнхээгээ нөхөх амт чанартай хүнс хэрэглэнэ гэдэг багагүй дарамт болж байгаа нь ойлгомжтой. 

Хэрэглээний үнийн улсын индексийг харвал өмнөх сарынхаас 2.5 хувиар, оны эхнийнхээс 5.4 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеийнхээс даруй 12.4 хувиар өссөн байна. Ерөнхий индекс өссөн шалтгаан нь өргөн хэрэглээний, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болсон аж. Хэрэглээний барааны үнэ өсөөд байгаа шалтгааныг бэлэн мөнгө тарааж байгаатай холбож тайлбарлах хүмүүс ч олон байгаа нь үнэний ортой мэт. Зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хязгаарлах, тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг  худалдаанд гаргасан ч үнэн хэрэгтээ олдох нь ховорхон байсныг захын нэгэн хэлээд өгнө. Ямартаа л нөөцийн махыг гулуузаар нь худалдана гэсэн сургаар хямд үнэтэй хүртээмж багатай нөөцийн мах ахиухныг олж авах гэсэн иргэд 1990-ээд оны картын бараанд очерлож байгаа мэт алалцаж, ерөнхий сайд хаанаас ч юм гэнэт гарч ирээд иргэдэд хүртээмжтэй болго, бараг л гэрт нь хүргэж өг гэх нь холгүй зарлигдсан. Үнэн хэрэгтээ түүний хэлсэн үг, хийсэн шоу нь хэнд ч сонин биш, харин бор хоногийг гэдэс цатгалан өнгөрөөж, ахиухан мах хямд үнээр авах нь л чухал байсан биз. Нийслэлийн хэмжээнд нийт 12 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн, энэ нь нийслэлийн иргэдийн махын хэрэгцээг хангахад хангалттай хүрэлцэнэ гээд л хэнхэглэж гарсан ч үнэн хэрэгтээ тэдгээр нөөцийн мах нь өнөөдөр дуусч байгаа гэсэн мэдээллүүд цацагдсаар. Энгийн жишээ аваад үзэхэд нэг хүн өдөрт хамгийн багадаа 200 гр мах хэрэглэнэ гээд тооцоход сардаа зургаан кг. Нийслэлд оршин суудаг нэг сая гаруй хүн амд үржүүлэхээр сардаа бид зургаан мянган тонн мах иднэ. Тэгэхээр өнөөх хангалттай хэмжээгээр нөөцөлсөн гээд байгаа нөөцийн мах нь аргаа барж, модоо барьсан жирийн ардын хүүхдүүдийн хоёрхон сар хоол. Тэгвэл өнөөдөр нэг өрхийн дундаж орлого 555 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 134,7 мянга төгрөөөг нэмэгдсэн гэх статистик тоо баримт гарсан байна. Бас л сайхан сонсогдож байгаа биз. Гэхдээ зарлага нь 548 мянган төгрөг. Тэгэхээр олсон хэдэн бороосоо зарлагадаад илүү гарсан долоон мянган төгрөгөө та банкинд хадгалуулбал магадгүй өсөөд хэзээ нэгэн цагт та баяжих ч юм бил үү хэн мэдлээ.

Өмнөх оныхоос нэлээд өссөн таны өрхийн орлогыг юунд зарцуулдагддагыг мэдэхгүй ч бяцхан тооцоо хийгээд үзье. Нэг өрхийг гурван гишүүнтэй гэж тооцвол, зөвхөн нэг сарын хугацаанд танай өрхийн хэрэглэх махны үнэ 160 орчим мянган төгрөг болно гэсэн үг юм. Цаашилбал гурил будаа, хүнсний ногоо гээд өргөн хэрэглээний барааны үнийг тооцоод байвал ямар ч тоо гарах юм билээ, айгаад орхичихлоо. Энэ мэтээр цааш урагшилбал махны үнэ буурахгүй улам л өсөх магадлалтай байгаа талаар хүмүүс ярилцаж байх юм. Учир нь энэ жил өвөлж өнтэй сайхан болж өмнөх жилүүдийнхээс харьцангуй гарз багатай гарсан болохоор малчид малаа нядлахыг тэр бүр хүсэхгүй л болов уу. Улсаас бэлэн мөнгө тараачихна. Дээр нь  ноос, ноолуураа самнаад мөнгөтэй болчих юм чинь. Тэгэхээр мах хомсдоод ирнэ, дээр нь нөөцийн мах ч дуусчихна. Халаасан дахь хэдээ шавхан байж хэд дахин үнэтэй болсон мах авах цаг удахгүй ирэх нь дээ. Яая гэхэв.

Х.Нарангэрэл

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж