Хүмүүс чихэлдэж, дарга нар ярилцсаар

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Хүмүүс чихэлдэж, дарга нар ярилцсаар

“Хөөе. Та нар шахцалдахгүй эмх замбараатай зогсооч, нэгэнт зогсч л байгаа юм чинь тэртэй тэргүй ажлаа бүтээнэ” гэж түгжрэл зохицуулагч цагдаа орилно. Гэхдээ энэ бол гадаа байгаа машины түгжрэл биш. Улсын бүртгэлийн газарт байгаа их хүмүүсийн “хөдөлгөөн”-ийг зохицуулж байгаа цагдаагийн үг. Зургаан хувийн хүүтэй зээлээр шинэ байр авах “эрх”-тэй болсон хүмүүс Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт ийн дугаарлаж байгаа нь энэ. Доод давхартаа ч тэр, дээд давхартаа ч тэр хүмүүс гартаа цаас барин дугаарлана. Тэд урдуур нь орох гэсэн хүмүүст тун дургүй. Ямар сайндаа дугаар дундуур нь ороод юм асуух гэсэн чинь хүмүүс тал, талаас барьж идэх гэж байхав дээ.

Олон хүн, эхүүн үнэр…

Улсын бүртгэлийн газар үүдээр ороход нэг давхартаа багталцахгүй шахам олон хүн зогсоно. Тэд бүгд гартаа бүдэг цэнхэр өнгийн цаас атгажээ. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, лавлагааны хуудсыг атган зогсч байгаа нь энэ, жилийн зургаан хувийн хүүтэй зээлд багтчих горьдлоготойгоор. Цагдаа дараалал дайрсан нэгнийг загнаж байгаа харагдана. Уг нь тэр эмэгтэй гарахдаа дугаар захисан гэх ч урд нь, хойно нь зогсч байсан хүмүүс бүгд юун хүн ирэв гээд түүнийг халгаасангүй. Бүр сүүлдээ хэрүүл, зодоондоо хүрсэн учраас цагдаа зохицуулж байгаа нь энэ. Сүүлийн хэдэн хоног Улсын бүртгэлийн газар иймэрхүү өнгө төрхтэй байгаа. Улсын бүртгэлийн газрын хоёрдугаар давхарт Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар байрладаг. Сүүлийн хэдэн хоног хүнээ дийлэхээ байсан учраас хүмүүсийн талыг нь нэг давхарт дугаарлуулах болсон нь энэ байлаа. Хоёрдугаар давхарт гарахад эхүүн үнэр хамар цоргино. Давчуухан тасалгаатай тэр газар халуун, дээр нь завсар зай болгоноор нь хүмүүс шавжээ. Хоёрдугаар давхарт байгаа хүмүүсийн ихэнх нь цаас авахаар зогсч байгаа нь энэ. “Би 60 гарсан настай хүн. Өглөө 9 цагаас хойш дугаарлаж байж сая нэг юм авч байна. Толгой эргээд үхэх гэж байна. Алгын чинээхэн цаасны төлөө л бид ингэж зогсч, дугаарлаж байна шүү дээ” гэж Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Балжид ярьж байсан юм. Иргэд үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авахын тулд гурван цаг гаруй зогсч, дээр нь 5100 төгрөг өгөх ёстой.

60 хүнд үйлчилдэг байсан бол одоо 880 хүнд…

Тэндхийн ажилтнуудын хэлж байгаагаар бол эхнээс нь албан ёсоор мэдэгдэж, анхааруулж зохион байгуулсан бол ингэж дажин болохгүй байсан гэн. “Бид чинь төсвийн цалинтай, боловсон хүчний дээрээс тогтоосон тоотой. Илүү хүмүүс авч ажиллуулах гэхээр төсөвт тусгагдаагүй учраас хүндрэлтэй. Хаа, хаанаа л бухимдал үүсч байна. Өмнө нь бид өдөрт 60 гаруй л хүнд үйлчилдэг байсан бол одоо 880 гаруй хүнд үйлчилж байна шүү дээ. Нэг хүн дээр л гэхэд бид найман дүүргийн хэмжээний материалыг шүүх хэрэг гарч байгаа” гэж УБЕГ-ын Сургалт сурталчилгааны ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг ярив. Яг энэ үед Улсын бүртгэлийн газрын удирдлагууд нь хуралдаж ачаалалыг багасгах талаар хэлэлцэж байсан юм.

Энд нэлээд хэдэн хоногийн өмнөөс ачаалал нэмэгдэж, хүмүүс багтаж, шингэхгүй болсон болохоор тэд өдөрт үйлчлүүлэх хүмүүсийн тоог 400 гаруйгаар хязгаарлаж, дугаар тараах болжээ. Гэсэн ч энэ нь иргэдийг бухимдуулах бас л нэг шалтгаан болж.

Лавлагааны 5100 төгрөг дээрээс тогтоосон тоо…

Лавлагаа авахаар давчуухан тасалгаанд дугаарлаж байсан хүмүүс лавлагааны үнэ 5100 төгрөгийг шүүмжлэх. “Лавлагааны 5100 төгрөг иргэдийг бухимдуулж байгаа нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг УИХ-аар баталгаажуулсан тэмдэгтийн хураамжийн дагуу л хурааж байгаа. Тиймээс хэн нэгэн нь үүнээс ашиг олж байна гэж ойлгож болохгүй. Бид лавлагааг зөвхөн тухайн өдрөө хүчинтэй гэсэн шийдвэр гаргасан учраас дараа нь байраа зарж борлуулна гэсэн эрсдэл гарахгүй” гэж Ч.Нямцэцэг ярьж байлаа. Гэхдээ нэг гэр бүлийн хүн болгон 5100 төгрөг тушаана гэсэн үг биш. Гэр бүлийн хүмүүс дундаа энэ мөнгийг тушааж болох аж. Үүнд харин нэгэн зүйлийг та санах хэрэгтэй. Учир нь та өргөдлөө гэр бүлийн байгаа насанд хүрсэн хүмүүсийнхээ тоогоор бичих хэрэгтэй.

Нэг гэр бүлийн хүмүүс хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах боломж байхгүй…

Хэрвээ танай гэр бүл өмнө нь эцэг, эхийнхээ худалдаж авсан байранд амьдардаг байсан бол зургаан хувийн зээл авах боломж байхгүй ажээ. “Нэг гэр бүлийн хүмүүст зээлэнд хамрагдах боломж тун бага. Анх удаагийн гэсэн шүүлгэ тань дээр гарахгүй. Учир нь та хамтран эзэмшигч байсан учраас” гэж Ч.Нямцэцэг тайлбарлав. Олон цаг дугаарласан хүмүүсийн дийлэнх нь үүнийг сонсоод бухимдалтай гарч байлаа.

Ийнхүү хүмүүс дугаарласаар… Шийдвэр гаргадаг хүмүүс нь ачаалал багасгах тухай ярьсаар… Зарим хүмүүс нь ажлаа бүтээж байхад, зарим нь ажлаа бүтээхгүй гарч байгаа харагдав. Гэтэл бас хүмүүсийг бухимдуулж, нэг газрыг нь ийн ачаалалд оруулсны дараа энэ хүмүүс бүгд байртай болох уу гэдэг эргэлзээтэй. Хэрвээ 75 сая төгрөгийн үнэтэй байр авах гэж байгаа бол улс 50 сая төгрөгийн зээл өгнө. Та 25 сая төгрөгөө бэлтгэсэн байх ёстой гэсэн үг. Дээрээс нь нэг хүний сарын орлого 680 мянган төгрөг байх ёстой гэчихсэн байдаг. Сонгуулийн шоу битгий байгаасай гэсэн хүслийг л шивнэх үлдлээ.

Хүмүүс УБЕГ дотор түгжирч, чихэлдэж, бас 100 айлын зам түгжирч байлаа. Аль хэдийнэ үд хэвийжээ…

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж