Монголын уламжлалын нэгдсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр нарын тус намын Удирдах зөвлөлийнхөн өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд энэ сарын 5-нд зохион байгуулсан намынхаа тавдугаар их хурлынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Уг хуралд 780 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд намын Ерөнхий зөвлөлийн гишүүд болон намын нарийн бичгийн дарга нараа сонгосон. Намын Удирдах зөвлөлөөс намын даргад Д.Гансүрэн, Б.Батболд нар өрсөлдсөнөөс гишүүдийн олонх намынхаа даргаар дөрвөн жил даргын үүрэг гүйцэтгэн ажилласан нарийн бичгийн дарга Б.Батболдыг сонгосон юм. Мэдээж Ерөнхий нарийн бичгийн даргын суудал нь эзгүйрсэн тул мөн л санал хураалт явуулж Л.Өнөрбаярыг үүрэг гүйцэтгэгчээр сонгосон байна. Энэ удаагийн хуралдаанаас ирэх сонгуульд бусад нам эвсэлтэй хамтран оролцох уу, дангаар оролцох уу гэдгийг шийдэх байх гэх хүлээлт байсан ч шийдэж чадалгүй шийдвэрлэх эрхийг бага хуралдаа өгөхөөр болжээ. Намын энгийн гишүүд, төлөөлөгчдийнх нь олонх МУНН-аа дангаар сонгуульд оролцох ёстой гэж байр сууриа илэрхийлж байсан ба өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хуралдсан бага хурлаараа ч ирэх сонгуульд аль нэг намтай эвсэхгүй, дангаар оролцох шийдвэр гаргаж байсан байна. Харин шинээр томилогдсон намын дарга нь энэ талаар өөр бодолтой байгаа бөгөөд “Миний хувийн бодлоор ирэх сонгуульд Монгол ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намтай хамтран эвсэж оролцох нь зүйтэй, Одоогийн сонгуулийн тухай хуулиар эвслийн тухай зааж өгсөн байгаа. Нэг нь л эвслээс гарахад эвсэл бүхэлдээ хүчин чадлаа алдах тухай заалт байгаа. Энэ утгаар харвал үзэл баримтлалаараа нийлж байгаа МАХН, МҮАН л хамтарч болохоор харагдаж байна. Түүнээс биш одоогоор өөр бусад улс төрийн хүчнүүдтэй эвсэх тухай ярих болоогүй байна. Одоогоор бол тэдгээр намууд зөвхөн хамтран ажиллах гэрээ л байгуулсан байгаа. Сонгуульд эвсэл болж оролцоно гэдэг нь илүү нарийн зүйл” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан юм. Ийнхүү намын гишүүдийн олонх, намын удирлага ирэх сонгуульд бусад нам эвсэлтэй хамтран оролцох эсэх дээр ялгаатай байр суурьтайгаар ирэх Бага хуралд орцгоохоор боллоо. Бага хурал ирэх дөрөвдүгээр сарын эхээр болно.
Б.МАНД