Хандивын илүүдлийг улсын орлого болгохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.03.13-нд нийтлэгдсэн

Хандивын илүүдлийг улсын орлого болгохыг хүсэв

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр өчиг­дөр мэдээлэл хийлээ. Хамуг Монголын хөдөлмөрийн нам байгуулж, намынхаа цэцийн даргын алба хашсанаас хойш нэг хэсэг нам гүм байсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хэд хэдэн асуудлаар УИХ дахь хоёр намын бүлгийн дарга болон Монгол Улсын Ерөнхий сайдад бичиг хүргүүлсэн талаар мэдээлсэн юм. Тэрээр УИХ дахь хоёр намын бүлгийн дарга болох МАН-ын дарга С.Батболд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нарт намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчин намын гишүүд болон компаниудаас их хэмжээний мөнгө буюу хандивын хуульд заасан хэмжээнээс их мөнгө авсныгаа улсы төсөвт шилжүүлж, улсын төсөвт шилжүүлсэн гэх баримтын хамт энэ сарын 20-ны дотор хэвлэл мэдээлэл болон олон нийтийн хэрэгслээр мэдээлэх ёстой гэж үзэж байгаагаа бичгээр хүргүүлсэн байна. Хуулиндаа бол улс төрийн намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хувь хүн нэг сая, компани байгууллагаас 10 сая хүртлэх төгрөгөөс хэтрэхгүй байна гэж заасан байдаг аж. Мөн энэхүү хандивыг жилд хоёр л удаа өгөх ёстой гэж заажээ. Сүүлийн үед Ардчилсан нам гишүүд болон УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хүсэгчдээс 50 сая төгрөг, орон нутагт нэр дэвшигчээс 20 сая төгрөгийн хандив  болгон авч байгаагаа зарлан, нээлттэй мэдээлж байгаа ч нэр дэвших хүсэлтэй 99 гишүүн тус бүрээс авсан 50 сая буюу нийт дөрвөн тэрбум 950 сая төгрөгөөс хуульд нийцүүлэн 99 сая төгрөгийг намдаа үлдээж,  үлдсэн дөрвөн тэрбум  851 сая төгрөгийг улсын орлого болгон төсвийн дансанд шилжүүлж, баримтын хамт олон нийтэд мэдээлэх хүсэлтийг  тус намын даргад хүргүүлсэн байна.

АН хандивын мөнгөн дүнг олон нийтэд ил тодоор мэдээлж байгаа бол  МАН ил тод бус, өөрөөр хэлбэл мэдээлэхгүй байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хэлж байсан юм.  УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАН- ын дарга С.Батболдод хүргүүлсэн бичигтээ  “МАХН одоогийн МАН-ын 26 дугаар их хурлын үеэр намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намд өгсөн хандивын талаар мэдээлж байсан. Тухайлбал, “МАК”, “НИК” компани, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Б.Чойжилсүрэн, “НИК” компанийн захирал Ц.Содбилэг нар тус бүр нэг тэрбум төгрөг, Д.Дамба-Очир 500 сая төгрөг тус тус хандивлаж байсныг тухай үед мэдээлж байсан. Энэ цагаас хойш нэг жил зургаан сарын хугацаа өнгөрсөн учраас энэ хугацаанд хэдэн хүн, компани хандив өгснийг олон нийтэд ил тод болгохыг” хүсчээ. Тиймээс хуульд заасны дагуухаас илүү мөнгийг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэж хүсэлтээ тавьсан юм байна.

Мөн УИХ-ын  гишүүн Ц.Шинэбаяр төсвийн тодотгол болон төсвийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Энэ оны төсөв батлагдаж, ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хийлээ. Улсын төсөв хязгааргүй өсч, тэр хэрээр ч хөрөнгө оруулалт, урсгал зардал өмнөх гурван удаагийн УИХ-ын баталсан хөрөнгө оруулалтаас давсан ч үр өгөөж нь амьдрал дээр харагдахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр “Үр дүнгүй төсөв баталж байгааг нэг жишээгээр дурьдахад миний сонгогдсон  Дорнод аймагт гэхэд өндөр хүчдэлд холбогдоогүй сум байхгүй. Гэтэл 2012 оны төсөвт Чулуунхороот сумыг 4,5 тэрбум төгрөгөөр өндөр хүчдэлд холбохоор тусгажээ. Монголд 30 гаруй сум төвийн эрчим хүчинд холбогдоогүй байхад холбогдсон суманд төсөв төлөвлөх хэрэггүй гэдгийг өмнө нь хэлж байсан ч хүлээж аваагүй” гэлээ.  Улсын төсөв баталж байх хугацаанд гишүүн гадаадад эмчилгээ хийлгэж байсан учир саналаа илэрхийлж чадаагүй юм байна. Тиймээс улсын төсвөөс үргүй хөрөнгө оруулалт хийдгийг зогсоох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий  сайдад хүргүүлжээ.

УИХ-ын ээлжит сонгууль дөхөж, намууд сонгуульд оролцох бэлтгэлээ базааж байгаа. Харин отгон намуудын нэг болох Хамуг Монголын хөдөлмөрийн нам 2012 оны сонгуульд хэрхэн оролцох талаар тодруулахад “Манай нам сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулаад дуусч байна. Гишүүнчлэлийн хатуу зарчим барихгүйгээр дэмжигчид дээрээ тулгуурлаж байгаа. УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед улс төрийн намууд мөнгөөр гишүүн худалдаж авч байна. МАН гэхэд 50 гишүүн элсүүлбэл нэг сая төгрөг, элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад бас нэг сая төгрөг өгнө гэх мэтчилэн зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа. Манай нам бол хатуу гишүүнчлэлийн эсрэг байр суурьтай.  Удахгүй намын зүгээс энэ талаараа олон нийтэд мэдээлэх болно” гэлээ.

Ш.ЧИМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж