Амины үнэтэй ус эрдэнэ | News.MN

Амины үнэтэй ус эрдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Амины үнэтэй ус эрдэнэ

Мандан
бадарч, доройтон буурч, сарнин задарч, сэргэн мандаж явсаар үрэгдсэнээс
үлдсэн, хорогдсоноос хоцорсон өнөөгийн монголчууд бид болоод “дэлгэсэн
тэрлэг” шиг газар нутаг маань шинэ сорилтууд, ухаалаг сонголт хийх
босгоны өмнө ирлээ.

Эзэн богдын сонгож төрөөгүй төрсөн нутаг,
зоригт өвгөдийн хүлээлгэж өгсөн эх орон маань тоолж баршгүй мал, туулж
баршгүй газар,  яндаж болшгүй баялагийн үүцийг задлах түүхэн хатуу
хариуцлагыг бидэнд тулгалаа.

Нээгдсэн, нээгдээгүй их баялаг
дотроос алтан амьны үнэтэй нэг л эрдэсийг бидэнд хир их заясан, яаж
рашаалан сүслэн хүртвэл дээр байх талаар мэргэжлийн хүний хувьд, чадвал
бодлого тодорхойлогчдод хүргэхийг эрмэлзлээ. Энэ бол ид шидэт ус эрдэнэ
юмаа.

 Арабын нэгэн найдан “Рубь-эль-халийн элсэн цөлийн хөрсөнд
мянган жил хэвтсэн тарианы үрэн дээр ганц дусал ус унахад хоромхон
соёолдог, түүнийг тордон ургуулсаар хийсэн, тээр дээр байгаа талхыг
авахдаа коран судрыг давхарлан дээр нь гишгээд авч болно” гэж хүндэлсэн
байдаг юм.

Бидэнд заяасан энэ оронд ус бас хязгаартай юм.
Дэлхийд ус бага, хуурайвтар оронд ордог. Тогтоогдсон усны нийт нөөц 608
шоо.км, үүнээс ашиглаж болох газрын доорх ус  11 шоо.км/жил, ашиглаж
болох гадаргын ус 5 шоо.км байдаг. Нөөцийн 80 орчим хувь нь гадаргын,
20 гаруй хувь нь газрын доор оршдог доо. Тэгээд дээр нь газар нутгийн
70 орчим хувийг эзлэх говь,тал хээрт гадаргын усны сүлжээ байхгүй
мөртлөө бүх ус хэрэглээнийхээ 80 хувийг газар доорх усаар хангадаг. Энэ
хэмжээ жилээс жилд үсрэнгүй өсөх хандлагатай байна.

Энд би
гадаргуугийн усыг тоолоод, үлдсэн үрэгдсэнийг нь тогтоогоод, бохирдсон
бузартсаныг зөндөө хонх цохиод хэвлэл бүхнээр яриад байгаа учраас
давтахаа больё. Тэртээ тэргүй гол мөрний маань усны 90 хувь нь хилээр
урсаад монголоос хульжин оддог билээ. Харин хамаагүй бага боловч 80
хувийг нь ундлаад байгаа газрын доорх ус, түүний  ашиглалт, үнэ цэнийн
тухай  та бүхэнд харьцуулах боломж олгон ягхийсэн яс тоо хэлж, цаашид
хомсдолоо яаж нөхөх, ямар бодлого барих, үүнийг хийхэд бидэнд юу
дутагдаж байгаа талаар товч бичье.

Газрын доорх ус

Бурхан
бидэндээ их мөрнүүдийн адагт амьдардаг бохир ус уудаг орнууд, нефтьтэй
арабууд, гадаргуугийн усаар хамгийн баян Канадаас илүүтэйгээр газрын
доорх чамгүй усны нөөц ордуудыг заяасан юм. Энэ нь бүр урд говь зүгтээ
ахиу байхыг яана. Ууршдаггүй, шүүрдэггүй, чанар нь өөрчлөгддөггүй,
удаан ч гэсэн тэжээгдэж байдаг далай юм. Газрын доорх ус гэдэг нь
гадаргын устай гидродинамик холбоотой хөрсний ус,энэ цааш гүний устай
хүйн холбоотой байдаг ч заримдаа ус агуулдаг сэвсгэр хурдас ба
тусгаарладаг неоген хурдас, шавар үеүүдээр тусгаарлагдан тэжээгдэлтэй
бас тэжээлгүй байдлаар оршдог газар доорх усан санг хэлээд байгаа юм.

Өнөөдрийг
хүртэл монгол оронд улсын төсөв болон хувийн хэвшлийн байгууллагуудын
хөрөнгөөр хийсэн газрын доорх усны хайгуулын дүнд 214 орд илэрч, сая
гаруй шоо.метр/хоногийн нөөц тогтоогдоод байна. Инглээ гээд 5000-50 сая
жилд бүрэлдсэн газрын доорх усны тэжээгдэл, үл тэжээгдэх усны бүрэн
судалгаа хомс манай нөхцөлд зөвшөөрөгдсөнөөс их ус хэрэглэхээр том
төсөл хэрэгжүүлэх, том хэрэглэгч байгуулах боломж мөхөс. Өөрөөр хэлбэл
байгалийн нөхцлөөр эргэн тэжээгдэх хэмжээ буюу ашиглалтын нөөцийг зөв
тогтоох нь өнөөгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Бас дээр нь усны
чанар, найрлагын хэмжээ  улсын хойд урд, баруун зүүнээр ихээхэн
ялгаатай, нийт 345 сум, суурингаас 110 нь хатуулаг ихтэй, 99 нь магни
ихтэй, 49 нь эрдэсжилт ихтэй, 27 сум хужиртай ус хэрэглэдэг юм.

Ус ашиглалтын өнөөгийн байдал

·  
 Манай улсын нийт хүн амын  30 гаруй хувь ус хангамжийн төвлөрсөн
тогтолцооноос 25 орчим хувь нь зөөврийн үйлчилгээнээс,  36 орчим хувь
нь ус түгээх байрнаас газрын доорх ус  хэрэглэж байна. Нийт хүн амын 53
хувь нь нь баталгаат эх үүсвэрт, 34 хувь нь ариун цэврийн байгууламжид
хамрагдсан ба нийт ус хэрэглээ 72 сая шоо.м хүрч байна

·  
 ХАА-д (2009-2010 оны байдлаар)  Манай улсын мал сүрэг 2009 онд 48.2
сая толгойд хүрч жилийн  усны хэрэгцээ нь 113.0 сая шоо.м боллоо. 2009
онд 32.1 мянган га усалгаатай газар тариалан эрхэлж, 129 сая шоо.м ус
ашигласан. 2010 онд хүлээгдэж байгаа үр дүнгээр  усалгаатай 
тариалангийн хэмжээ 37.4 мянган  га-д хүрнэ.

·    Уул уурхай,
үйлдвэрлэлд (2005-2009 оны байдлаар) 130 аж ахуйн нэгж байгууллага нийт
93.80 сая.шоо.м ,аж үйлдвэрт 35.8 сая шоо.м, эрчим хүчний үйлдвэрт 27.6
сая шоо.м ус ашигласан байна.

    Усны үнэ цэнэ дэлхийд болоод манайд

·    Дэлхийд өнөөдөр усны үнэ- АНУ-д 27 хувь, Англид 32 хувь, Австралид  45 хувь, ӨАБНУ-д 50 хувь, Канадад 58 хувиар өсчээ.

·  
 Нэг шоо метр усны дундаж үнэ Дани, Герман улсуудад 2,25 доллар /3150
төг/, БНХАУ-д 48 цент /672 төг/, АНУ-д 66 цент /924 төг/-ийн хооронд
хэлбэлзэж байна.

·    Манайд усны үнийг дээрх улсуудтай
харьцуулахад 15-100 дахин хямд төдийгүй дээр нь хэрэглэсэн усных нь 50
хувь орчмыг төлбөрөөс чөлөөлж үнэгүй ашиглуулж байна.

·  
 Монгол улсын ус хэрэглээ тооцоогоор өдөрт 1,5-1,8 сая шоо метр ,түүний
50 орчим хувь нь хүн ам, мал аж ахуй, газар тариалан гэсэн гуравхан
салбар эзэлдэг ба эдгээрийг усны төлбөрөөс бүрэн чөлөөлсөн байдаг.

·  
 Үлдэх хэсэг болох уул уурхай, хөнгөн ба хүнд үйлдвэр гэх мэт бусад
салбарт усны төлбөрийг тооцохдоо нэг литр усыг гадаргын усанд 1-8
төгрөг , газрын доорхи  усанд 1-10 төгрөгөөр тооцон төлбөр ноогдуулж
байна.

Бид эрдэс баялгаа бол харин ч дэлхийн зах зээлийн төвшинд хүргэж борлуулж чаддаг бөлгөө.
Дэлхий
өнөөдөр хойд,урд мөсөн тивд цэвэр усны нөөцтэй болохын тул зэвсэг
хангинуулж байна. Урсдаг усаа “савалж” авч үлдэж байна. Ус ихтэй Орос
47 мянган усан сантай, Турк ойрын үед 3000 усан сан барьж, 27 их наяд
доллар зарж тойруулж үйлдвэр хот байгуулах гэж байна. Урд хөрш усны
инженер Ху жин тао, байнгын хорооны 11 гишүүний гурав нь ус, усны
хайгуулын инженерээр улсаа удирдуулж байна.

Бид олон саванд ус
дүүргэж үлдэх хэрэгтэй байна. Үүнийг мэргэжлийн хэлээр устай 12 жилийн
усаар, гандуу 12 жилдээ зовлонгүй нэг төвшинг барин, голоо ч таслалгүй
хэрэгцээндээ ч илүүчилсэн усны савыг олон жилийн тохируулгатай бас нэг
жилийн, сарын, хоногийн тохируулгатай усан сангууд, цөөрөм гэж хэлдэг
юм.

Усны бодлого,бодлогын хэрэгжилтийн төвшин ямар байсан бэ?

Монголд
усны салбар байгуулагдсаны 72 жил, мөхсөний 19 жил, дахин тулгамдсан
шаардлагаар өндийж эхэлсний таван жилийн ойг, дэлхийн усны баяртай цуг
тэмдэглэлээ. Сайндаа ч биш улс орон асар том технократ бодлогын
эргүүлэгт шидэгдсэнээс устай газар хот суурин, устай газар үйлдвэр,
устай газар бэлчээр, устай газар тариалан эрхлэх, устай газар аялал
жуулчлал эрхэлдэг, эрдэнэстэй газар эхлээд ус хайдаг, дараа нь тэр
бүхэн рүү зам, төмөр зам, өндөр хүчдэл, шилэн кабель, хот байгуулалт,
орон сууц барьдгийг гэнэт нээж эхэлсэн юм. Яг ингээд эхлэх үед газрын
доорх усны нөөцийн бодлогыг уул уурхайнхан геологичидоор, УЦС-ын
ассинхрон генераторын кабелаас цаашихийг мэдэх эрчим хүчнийхэн 2000
маркийн тусгай цементэн зуурмагаар хийдэг УЦС-ын барилгын гүйцэтгэгчээр
250-400 маркийн портлант цементен зуурмагаар хийц угсардаг иргэний
барилгын компани сонгож, ХАА–хан тариалангийн компанид услалтын
системийн бодлогыг таалал болгон мөнгөтэй нь хуваарилж, худгийг хайгуул
хийлгэхгүй шууд өрөмдүүлэх мөнгө тарааж, эмнэлэгийнхэн инженерийн
хийцтэй ховорхон рашааны бодлогыг барьж, хот суурингийн усны бодлогыг
ашиглагчид нь тодорхойлж, өөрөө захиалж, гүйцэтгэж, ашиглаж,
ашиглалтаас хасч, түүн дээр орон сууцны газар өгч   эхэлснээр хуучин
ЗХУ–ын спортын тэмцээнд нэг районы спортын байцаагчийн тарьсан паянтай
хошин кинотой адил юм болж эхэлсэн.

2005 оноос хуучин БОЯ-ны
дэргэд усны газар байгуулагдсанаар усны сав газрын нэгдсэн менежмент,
стратеги чиглэл тогтоох, усны хөтөлбөрүүд, хууль, эрх зүйн акт
боловсруулах болон бусад тулгамдсан асуудлаар чамгүй ажил хийж, овоо
хөл дээрээ босч бэхжиж эхэлж байгаа боловч усны экосистемийн асар том
орон зайн хомсдолын дунд хүний нөөц, чадамж, санхүүгийн боломж, шийдвэр
гаргагчдын дэмжлэг, бусад салбарын эр зориг, эх орноо гэсэн сэтгэл
дутсаар байна.

Шулуун хэлэхэд усны засаглал явуулах төрийн цэгцтэй бодлого, хүч, эрхийн акт, мэдэл, халамж бүгд дутагдаж байна.

Яг одоо бидэнд юу дутагдаж байна, цаашид яах вэ?

·  
 Төсвөөс хөрөнгө шаардахгүй, харин улс гүрний хөгжлийн гол хөдөлгөгч
хүч болдог салбарынх нь онцлогийг ашиглан төсөв бүрдүүлэгч байхаар
хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлж, газартай адил эдийн засгийн
эргэлтэнд оруулан санхүүгийн чадавхи, эрх мэдэлтэй болгомоор байна.

·    Өндөр хөгжилтэй, технологитой орнуудын сайн мэргэжилтний өөдөөс нүүр тулах боловсон хүчний чадавхитай болгомоор байна.

·  
 Газрын доорх болон гадаргын усны ашиглалтын нөөцийг тогтоох нэн орчин
үеийн арга аргачлалтай болж, ус ашиглагчдын давагдашгүй шуналыг
үндэслэлтэй хязгаарлах “нохойд барих модтой” болмоор байна.

·  
 УМХГ-ын усны барилгын стандарт, норм, дүрэмийг сахиулах улсын
байцаагчийг барилга хот байгуулалтын байшингийн оролтын тоолуураас усны
цорго хүртэлх усыг шийддэг сан зангилааны инженерээс салгаж усны
салбарын мэргэжилтнүүдэд нь өгч, усны байгууламжийг хянах, хүлээж авах
ажлыг УГ-т авч ирмээр байна.

·    Усны хайгуул, хийх худаг
өрөмдөх, усны барилгын зураг төсөл, барилгын ажил явуулах тусгай эрхийг
Барилга хот байгуулалтын салбараас УГ–т байлгах шаардлага байна.

·  
 Монгол малд 10 тэрбум, хүн малын усанд хоёр тэрбум төгрөг
хуваарилуулдаг ХАА-наас яамнаас бодлогыг нь авч бэлчээр, тариалангийн
усыг нь “торт” маягаар биш тооцоо судалгаатай өгмөөр байна.

·  
 Улсын төсөв, тусламжийн хөрөнгөөр баригдсан УЦС-ын барилгын
генератораас цаашхийг салгаж эрчим хүчнийхэнд үгүй бол ТҮЗ-д нь БОАЖЯ
хувьцаагаар орох үгүй бол хамгийн орчин үеийн менежментийн механизм
болох ТХХТ /төр-хувийн хэвшлийн түншлэл/, Төв Азийнхны БӨА
/барь-өмчил-ажилла/ хэлбэрт шилжүүлэх.

·    Ундааны болон
үйлдвэрийн усны иж бүрэн альтернатив анализ хийдэг, өрнийн хүчирхэг
компаниудын анализын дүнг нотолж, няцааж чаддаг орчин үеийн лаборатори
хэрэгтэй байна.

·    Нийт усны нөөцийн 20 орчим хувь нь газрын
доорхи ус эзэлж байхад улсын ус хэрэглээ, ашиглалтын 80 хувийг гүний
усаар хангаж байгаа зохисгүй харьцааг нэн даруй өөрчилж эхлэх зайлшгүй
шаардлагатай.

·    Өнөөдөр дэлхийн улс орнууд валютынхаа нөөцөөс
илүүтэйгээр усныхаа нөөцийг зохиомлоор алсын  бодлоготойгоор нэмэгдүүлж
байгаа нийтлэг жишгийн дагуу хөв цөөрөм, далан боомт байгуулж усны
нөөцийг хүний хүчин зүйлээр нэмэгдүүлж хуурай томоохон нутаг дэвсгэртээ
орон зайн хуваарилалт хийснээр говийн бүсийн аж үйлдвэр, уул уурхайн
салбаруудын усан хангамжийг төрийн бодлогоор шийдвэрлэх

·    Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан нь болох усны гурван төрлийн фазын шилжилтийн гамшиг:

1. Гадаргын ус уурших, агаарын хуурайшилтанд шимэгдэх, уурын төлөвт шилжин алдагдах

2. Дулаан сэрүүний тохируулга мөстлөг, мөнх цас хатуугаас шингэнд шилжин гадаргын урсацаар дамжин хил гарч алдагдах

3.
Үүл манан төлвөөс газартай харьцан тунадас унах явц алдагдах явцуудтай
тэмцэх, зохицох арга хэмжээний бодлогыг боловсруулж. ялангуяа гадаргын
усны 90 хувийг хилээс гадагш урсгадаг орны хувьд “Ус хөтөлбөр”-ийг
яаралтай батлан, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлыг хангахад “Усны
талаар баримтлах төрийн бодлого”-ыг тодорхойлж   хэрэгжүүлж эхлэх.

·  
 Усны менежментийн нэгдмэл оновчтой бодлого явуулдаг,төрийн хяналт,
олон нийттэй харилцах, төр хувийн-хэвшлийн түншлэлийн Төв Азид тохирсон
хэлбэрийг сонгон дэмждэг, усны засаглалын оновчтой институцийг
тохируулагч агентлаг болон бусад хэлбэрээр өргөжүүлэн байгуулах.

·  
 ҮАБЗ-ийн даргын хувьд Монгол улсын Ерөнхийлөгч байгаль орчин тэр
дундаас усны асуудлыг тусгайлан үзэж, өөрийн байнгын ивээлд байлгаж
хууль эрх зүйн оновчтой орчин бий болгоход хууль тогтоох болон
гүйцэтгэх засаглалд бүрэн эрхийнхээ дагуу нөлөөлөх шаардлага байна.
    
  
 Энэ бүхэн амьдралаас ургасан шаардлага болохоос манай хамт олон, усны
мэргэжилтнүүдийн үе үеийнхний хувийн өчүүхэн атгаг сонирхол бус гэдгийг
мэргэн та ойлгох бизээ. Үүнийг цусных нь 90 хувь, булчингийнх нь 45
хувь, ясных нь 25 хувь, биеийнх нь 75 хувь уснаас бүрддэг бөгөөд
үүнийхээ 10 хувийг алдахад л нүднийх нь алим жижгэрч, уруул нь хагарч,
шээс нь хаагдан, хоолой нь бооход хүрдэг бодгалиудад хандаж бичив.

     ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газрын орлогч дарга  док.Ц.Сосорбарам

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

surahaa 2010-05-05 119.11.17.108

Yag zuv chi zuv bichlee hu Yag ingeed geed unshaad uzeerei humuusee iim yumnuud doctor geed bga yum da neg gaigui tolgoitoi arhichind arhi ugch yumaa hiilgeed doctor bolson bh da

Avatar

hehe 2010-05-05 119.11.17.108

ene eruusuu uguulber zuin butets nairuulga gej meddeggui nuhur bna sh de
neg uguulbert huchneen yum bagtaah geed bnaa esvel hudlaa tsetserheh geed bgaa yumaa da yanz ni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж