Мөн тэрээр “2008 оны долдугаар сарын 1-ны өдрөөс сургамж авах хүсэлгүй байна. Иймдээ ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтайгаар хийлээ” хэмээлээ. Мөн өөрийнх нь нэр дээр шүүхээс гэрчээр оролцуулах тухай албан ёсны шийдвэр гараагүйг тайлбарлан “Одоогоор долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор Н.Энхбаярын нэр дээр гэрчээр оролцуулах тухай шийдвэр ирээгүй байгаа” гэв. Тэрээр энэ хэргийг хэлэлцэх шүүх хурлыг нээлттэй хийлгэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлээд тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /ҮАБЗ/-ийн хуралдааны мэдээллийг нээлттэй болгох тухай хүсэлтэй албан ёсоор гаргаснаа ч мөн онцлон “Шүүх хурлыг хаалттай болгох гээд байгааг би буруу гэж бодож байгаа юм. Долдугаар сарын 1-ний үйл явдал бүхэлдээ ард түмний нүдний өмнө болсон. Түүнийг хааж нуух шаардлагагүй. Аль болохоор нээлттэй хийгээч гэдэг хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Хуулбарыг нь ҮАБЗ, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд явуулсан байгаа. Энэ нөхдүүд хурлыг нээлттэй явуулах боломжоор хангахын төлөө ажиллах байх гэж найдаж байна. Ард түмэн хэн юу хэлж, юунд зорьж байсныг, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байсныг хараг” хэмээв. Түүний үзэж буйгаар өмгөөлөгч нар нь хүртэл хэргийн материалтай бүрэн танилцах боломжгүй, нууцад хамаарах зүйл гээд хаалттай байгаа тул Н.Энхбаяр өөрийн биеэр оролцсон ч тодорхой мэдээлэл өгч, үнэн зөвийг хэлж чадахгүйд хүрэх вий гэх айдас байгаа гэнэ. ҮАБЗ-ийн зөвлөлийн уг хаалттай мэдээллээс тэрээр ганц зүйлийг л баталгаатай хэлж чадна гэдэг нь “Аюулгүй байдлын зөвлөлөөс галт зэвсэг хэрэглэхгүй байх тухай анхааруулсан” гэнэ. Мөн түүний үзэж буйгаар онц байдал зарласан зарлиг гаргаснаараа учирч болох байсан аюулын хэмжээг багасгасан гэнэ. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр болон Цагдаагийн газрын дарга Ч.Амарболдоос өгч байсан мэдээлэл нь ялгаатай байсан ба С.Баяр онцгой байдал зарлахыг удаа дараа шаардаж байсан гэнэ. Энэ талаар Н.Энхбаяр хэлэхдээ “Намынхаа байрыг шатаалгаж, тэгээд дотор нь байсан хүний хувьд С.Баярт нөхцөл байдал сүртэй харагдаж байсан байх. Иймээс тэр надаас онцгой байдал зарлахыг шаардаж байсан. Харин ЦЕГ-ын дарга Ч.Амарболд нөхцөл байдал онцгой байдал зарлахаар хэмжээнд болоогүй гэж байсан. Би тухайн үед нөхцөл байдалд Цагдаагийн даргыг арай бодитой хандаж байна гэж үзээд үдээс өмнө онц байдал зарлаагүй. Харин оройд нь Ч.Амарболд “нөхцөл байдал хяналтаас гарлаа гэсэн. Ингээд яаралтай арга хэмжээ авч онц байдал тогтоох зарлигаа гаргасан” хэмээн тайлбарлалаа.
Сэтгүүлчдийн зүгээс “Хэн буудах тушаал өгсөн юм бэ” гэсэн асуултад хариулт авахыг хүсч байсан боловч тэрээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр ч, сүүлд болон энэ хурлын гадна ч гэсэн миний л мэдэж байгаагаар хүчний байгууллагын удирдлагуудад бид галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн хатуу үүрэг даалгавар өгч байсан. Үүнээс илүү зүйл хэлж чадахгүй байна. Яагаад гэвэл нууц учраас. Хэрвээ энэ асуудлыг нууцын зэрэглэлээс гаргавал энэ асуултад хариулт өгөх боломж үүсэх юм” хэмээн хариулсан юм.