Ираны Тегеран хотод өндөрлөсөн “Тахтийн цом”-ын тэмцээнээс Монголын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр 55 кг-ын жинд Гавьяат тамирчин Б.Наранбаатар мөнгөн медаль хүртсэн бол өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр 60 кг-д Спортын мастер Б.Баянмөнх хүрэл медаль хүртжээ. Тэрбээр эхний тойрогт нутгийн бөхөд ялагдсан ч дагах барилдаанд ОХУ-ын тамирчин Муршид Муталимовыг 6:0, 4:1-ээр, улмаар хүрлийн төлөө Ираны Дабагхисоуракиг тус тус ялнаар медалийн тавцанд зогсох эрхтэй болов. Харин олон улсын хэмжээний мастер Э.Ням-Очир Казахстаны Саитбек Окасовт, 120 кг-д Ж.Чулуунбат Ираны Асгхар Лагхари нар тус тус ялагдаж тэмцээнээ дуусгасан байна. Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга Б.Төмөрбаатар Олон улсын бөхийн холбооноос тус тэмцээнийг удирдаж, зохион байгуулагчаар томилогдон ажиллав. Баг тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.
Гавьяат тамирчин Б.Наранбаатарын тухайд өмнө нь 2004 онд тус тэмцээнээс алтан медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү найман жилийн дараа дахин зодоглож, мөнгөн медаль хүртсэнээр "Тахтийн цом"-ын хос медальтан боллоо. Сонирхуулахад, түүний төрсөн өдрийн баяр өчигдөр буюу гуравдугаар сарын 11-нд тохиосон бөгөөд Б.Наранбаатар төрсөн өдрийнхөө өмнөх өдөр мөнгөн медаль хүртэж, өөртөө бэлэг барьжээ.