Кофи Аннан Сирийн дарангуйлагчийг ятгаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Кофи Аннан Сирийн дарангуйлагчийг ятгаж чадсангүй

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны Сири дэх тусгай айлчлал үр дүнд хүрсэнгүй. Туршлагатай дипломатчыг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадтай цуст мөргөлдөөнийг зогсоох арга замын талаар хэлэлцээ хийснээс хойш ердөө хэдхэн цагийн дараа мөргөлдөөний голомт болоод буй Хомс хотод 45 хүнийг хоморголон устгасан аймшигт хэрэг гарчээ.  Шатаж нас барсан тэдгээр хохирогчдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан гэнэ. Хомс хотын нэгэн дүүрэгт гарсан хэргийг Сирийн цэргүүд үйлдсэн  гэж сиричүүд үзэж байгаа юм. Сирийн сөрөг хүчнийхэн энэ хэргийн гол найруулагч нь Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг гэж буруутгаж байгаа аж. Эрх баригчдын зүгээс гадны сурвалжлагчдыг тус улсад нэвтрэхийг хориглосон учраас дээрх хэргийн талаарх өөр мэдээлэл байхгүй байна.

Өнгөрсөн бямба гаригт Дамаск хотод Сирийн Ерөнхийлөгчтэй уулзсан Кофи Аннан тус улсын Ерөнхийлөгчөөс гал зогсоож, эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүмүүсийг суллан, Улаан загалмайн ажилтнуудыг тус улс руу оруулахыг уриалжээ. Тэрбээр "Энэ мэдээж хэцүү боловч бүтнэ гэдэгт бид найдах ёстой” гэж мэдэгдсэн байна. Лондон хотод төвтэй Сирийн ажиглагчдын төвөөс мэдээлснээр Сирийн цэргүүд Растан хот дахь Асси голын гүүрийг нураасан гэнэ. Мөргөлдөөнөөс дайжсэн энгийн иргэд гүүрээр гарч, дүрвэж байсан юм. Сирийн Ерөнхийлөгч мөргөлдөөний галыг зогсоох эсэхэд ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна.

НҮБ-ын шинжээчдийн хэлж буйгаар жилийн өмнө эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлсэн Сирийн иргэний дайнд 7,500 гаруй хүн амиа алдсан тоо гарчээ.
 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж