ОССК-иас зээлд хамрагдахыг хүсэгчдэд хэд хэдэн шалгуур тавьж буй. Үүнд:
- Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн байна.
- Зээлдэгчийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр нь тухайн өрхийн нэг сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байх.
- Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн дагуу төлөх өр зээлгүй байх хэрэгтэй аж. Ингээд арилжааны банкаас тавьж буй шалгуурыг хангасан тохиолдолд танд зээл олгох юм.
Хэрэв та дээрх шаарлагад нийцэж, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах материалыг бүрдүүлэх хэрэгтэй юм байна.
- Зээлд хамрагдах хүсэлтийг бөглөх. Хүсэлтээ ОССК-ийн www.ossk.mn цахим хуудаснаас татаж авах боломжтой юм байна.
- Анх удаа орон сууцтай болох гэж байгааг нотолсон Үл хөдлөх, эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа.
Тус лавлагааг Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс өнгөрсөн сарын 28-наас эхлэн өгч эхэлсэн. Ачаалал ихтэй байгаа тул өдөрт 400 гаруй хүн лавлагаа авч буй гэнэ. Лавлагааны хураамж нь 5200 төгрөг юм байна.
Хэрэв та аливаа нэг орон сууцыг хамтран эзэмшиж байсан бол дээрх зээлд хамрагдах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, аав, ээж, хамаатан садангийн байрыг түр хугацаагаар ч болов эзэмшиж байсан бол зээлд хамрагдах боломжгүй. Иргэдийн дунд тухайн иргэнтэй хамтран зээлдэгч нь бас дээрх шаардлагыг биелүүлсэн байх ёстой гэсэн ташаа ойлголт үүсээд байгаа. Харин ОССК-ийн зүгээс зээлийн хамтран зээлдэгчид ямар нэг шаардлага тавиагүй байгаа юм. Гагцхүү хамтран зээлдэгч тань тодорхой орлогын эх үүсвэртэй, таны ямар нэгэн хамаатан садан мөн бол өрхийн орлогоо бүрдүүлэх боломжтой.
- Эцэст нь та 100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууц захиалах буюу худалдан авахаар байгуулсан гэрээ зэргийг бүрдүүлэхэд хангалттай. Орон сууц санхүүжилтийн корпорацийн www.ossk.mn вэб сайтад уг хөтөлбөрт хамрагдах барилгын компаниудын жагсаалтыг гаргасан байна. Тус жагсаалтаас иргэд өөрсдийн хүсэл сонирхолд нийцэж буй барилгын компаниа сонгож, гэрээгээ хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар 18 сарын дотор баригдаж дуусах 28300 айлын орон сууц байна. Зарим нь эхлэх шатандаа, зарим нь эхлээд явж байгаа. Засгийн газрын 341 дүгээр тогтоол гарахад л барилгынх нь ажил 90 хувьтай явж байсан компаниуд ч байна. Эдгээр байруудаас та аль ч байрыг сонгон, худалдан авах гэрээ байгуулах боломжтой юм байна.
Зээлийн материал бүрдүүлэх явцад барилгын компани болон иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа аж. Эдгээр асуудлын талаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээс тодрууллаа.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт багтсан зарим барилгын компани иргэдээс 30 хувийн урьдчилгаа шаардаж байна. Гэтэл иргэд 10 хувийн урьчилгаа өгнө гэсэн ойлголттой байдаг. Энэ талаар тодруулна уу?
-Барилгын компаниудын хувьд энэ хөтөлбөрт хамрагдаж байгаа нь маш ашигтай зүйл. Учир нь эргэлтэд орж, зарагдахгүй байгаа байрыг Засгийн газраас шийдвэр гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулж өгч байна. Манай зүгээс барилгын компаниудтай 10 хувийн урьдчилгаа авна гэж зааж өгсөн байгаа. Харин 30 хувийн урьдчилгаа нэхээд байгаа бол заавал тэрхүү байрнаас сонголтоо хийх шаардлагагүй шүү дээ. Үнэндээ бол барилгын компаниуд 30 хувийн урьдчилгаа нэхэх ёсгүй. Гэхдээ 30 хувийн урьдчилгаа төлөөд орох иргэд цөөнгүй. Иргэдэд сонголт хангалттай байгаа.
-ОССК-иас гаргасан жагсаалтад багтсан компаниудаас “Манайх ямар ч гэрээ байгуулаагүй” гэх хариулт өгөх нь цөөнгүй байна. Үнэхээр гэрээ байгуулаагүй юм уу?
-Одоо гэрээ байгуулна. Манайхаас гэрээ байгуулсан эсэхээс үл хамаахан иргэд худалдан авах гэрээгээ хийж байж болно. Бидний байгуулах гэрээ бол “Та нар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн жагсаалтад орлоо. Ийнхүү орсноор мэдээ, тайлангаа хугацаандаа өгч бай, хэзээ эхлэх вэ хэзээ дуусах вэ” гэдэг л гэрээ байгуулах гэж байгаа юм.
-Байрны үнэ огцом өсч байна. 50 сая төгрөгт багтах орон сууц ховор байна. Үүнд хяналт тавих боломж бий юү?
-Хөтөлбөрийн хүрээнд 50 сая төгрөгт багтаан байр авах тухай асуудал огт яригдаагүй. Засгийн газрын жагсаалтад орсон байрнаас анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэнд 50 сая төгрөг хүртэл зээл олгож чадна. Тухайн иргэн хэдэн ч төгрөгийн үнэтэй байр худалдан авч болно. Хамгийн гол нь 50 саяас илүү гарсан мөнгийг манай зүгээс шийдвэрлэж чадахгүй. 10 төгрөгөөр зарна гээд байхад таван төгрөгөөр авна гэсэн ойлголт байдаггүйтэй яг ижил.