“Архигүй Монгол”-д жолоочид нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

“Архигүй Монгол”-д жолоочид нэгдлээ

“Монголын хувийн автобусны эзэд, жолооч нарын холбоо”-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй монголын төлөө хамтдаа” уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж “Өндөр бүтээлийн зургаан сарын аян”-ыг эхлүүллээ.   

Тэд энэ аяныхаа хүрээнд зорчигч тээврийн хэрэгслээр зорчиж буй олон нийтэд архины эсрэг сурталчилгаа түгээж, тээврийн хэрэгслийн дотор архины эсрэг зар сурталчилгаа, ухуулан таниулах зурагт хуудас байршуулах болсон байна.

Өнөөдөр Автобус 3 компани дээр зохион байгуулагдсан дээрх арга  хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, Нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайхан, Монголын хувийн автобусны эзэд жолооч нарын холбооны Ерөнхийлөгч Х.Галмандах, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу, нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар оролцсон юм.

Одоогийн байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаанд 50 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй жолооч тээвэрчид хамрагдаж байгаа бол нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 100 гаруй аж ахуйн нэгжүүдэд 2500 гаруй жолооч тээвэрчид ажиллаж байгаа юм. Архины асуудал нийтийн тээврийн салбарт ажиллагсадын хувьд, тэр дундаа олон түмний амь насыг хариуцаж явдаг зорчигч тээврийн жолооч нарын хувьд үнэхээр гамшиг дагуулсан аюул бөгөөд цаашид энэ салбарт ажиллагсад архины эсрэг сэтгэл нэгтэй тэмцэнэ гэдэгээ илэрхийлж байв.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж