УИХ-ын даргын захирамжийн хүрээнд гуравдугаар сарын 5-9-ний хооронд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан билээ. Ээлжит бусаар нийт таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч захирамж гарсны дараа Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д өргөн мэдүүлсэн тул хэлэлцэх асуудлын дараалалд нэмж оруулсан юм. Ингэснээр нийт зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг УИХ хүлээгээд байсан ч хамгийн чухалд тооцогдож байсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг баталж чадалгүй хаврын чуулган руу шилжүүлсэн. Тэгвэл ээлжит бус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан нар маргааш 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр зар тарааж эхэллээ.
Г.Дарь