Н.Энхбаяр: Шүүх хуралд оролцоход хэзээд бэлэн

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Шүүх хуралд оролцоход хэзээд бэлэн

МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Америкчууд есдүгээр сарын 11-ний өдрийн халдлагаас сургамж аваад дахин алан хядах үйл ажиллагаа явуулахгүйн төлөө идэвхтэй ажиллаж байна. Харин монголчууд бид 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш ийм  явдал дахин давтахгүйн төлөө хэрхэн ажиллаж байгаа  вэ гэдгийг бодох цаг болжээ. Би бодохдоо маш муу ажиллаж байна, сургамж авах хүсэлгүй байна гэж үзэж байна. 2008 оны сонгуулийн луйврыг дахин давтахаа төлөвлөөд тийм  хууль баталсан гэдгийг шууд хэлье. Миний өнөөдрийн хийж байгаа мэдээлэл, цаашдаа хийх мэдээлэл нь сургамж авахад бага ч болов нэмэр болох болов уу гэж бодож байна” гэсэн тайлбартайгаар  хурлаа эхэлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Түүнээс долдугаар сарын 1-ний хэргийн эргэн тойрон дахь асуудлаар зарим асуултад хариулт авлаа.

-Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдоод байгаа цагдаагийн удирдлагуудыг шүүх хуралд та өөрийн биеэр гэрчээр оролцох уу?

-Одоогоор хуулийн  байгууллагаас шүүх хуралд оролцох талаар албан ёсоор мэдэгдээгүй байна. Зарлан дуудах бичгийг шуудангаар илгээсэн бол магадгүй хараахан ирж амжаагүй байгаа байх. Үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг хэлмээр байна. Шүүх хурал хаалттай болох гээд байгааг би буруу гэж бодож байгаа юм. Долдугаар сарын 1-ний үйл явдал бүхэлдээ ард түмний нүдний өмнө болсон үйл явдал. Түүнийг хааж нуух шаардлагагүй. Аль болохоор нээлттэй хийгээч гэдэг хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Хуулбарыг нь ҮАБЗ, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд явуулсан байгаа. Энэ нөхдүүд хурлыг нээлттэй явуулах боломжоор хангахын төлөө ажиллах байх гэж найдаж байна. Ард түмэн хэн юу хэлж, юунд зорьж байсныг, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байсныг  хараг. Сургамж авъя гэвэл энэ бүхнийг нууцын зэрэглэлээс гаргах ёстой. Хоёрдугаарт, шүүх хуралд оролцох  нь хүнд асуудал биш. Харин оролцоод утга байна  уу гэдгийг бодохоос аргагүй. Шүүх хурал нууц шүү, энэ талаар хамаагүй ярьж болохгүй шүү гэвэл оролцоод  юу ярих юм бэ. Би  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан зүйлийг л шүүх хурлын үеэр ярина шүү дээ. Ярих гэхээр шүүх хурал нь хаалттай, нууц. Бүр өмгөөлөгч нар нь хэргийн нууц материалтай танилцаагүй гэсэн. Өмгөөлөгч танилцах эрхгүй, юу ч мэдэхгүй ордог. Тэгээд би ороод хамаагүй зүйл яриад байж болох юм уу, үгүй юм уу мэдэхгүй байна. Гуравдугаарт, гэрчээр дуудаад байгаа дөрөвхөн хүн асуудлын гол биш. Энэ бүхнээс эхний шалтгааныг буюу  яагаад  хүмүүс  жагссан юм, хэн луйвар хийсэн юм, хэн өдөөн хатгасан юм гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй гэж дүгнэж байна.  Миний хувьд шүүх хуралд оролцоход хэзээд бэлэн байна.

-Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс буудаж болохгүй гэдэг даалгавар өгсөн талаар ярилаа. Тэгэхээр хэн нэгэн  буудах тушаал өгөх санаачилга гаргасан учраас ҮАБЗ буудаж болохгүй гэдэг даалгавар өгсөн мэт ойлгогдож байна. Хэн нэгэн буудах тушаал өгөх санал гаргасан бол шууд  зарлаж болдоггүй юм уу?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр ч, сүүлд болон энэ хурлын гадна ч гэсэн миний л мэдэж байгаагаар хүчний байгууллагын удирдлагуудад бид галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн хатуу үүрэг даалгавар өгч байсан. Үүнээс илүү зүйл хэлж чадахгүй байна. Яагаад гэвэл нууц учраас. Хэрвээ  энэ асуудлыг нууцын  зэрэглэлээс гаргавал энэ асуултад хариулт  өгөх боломж үүсэх юм.

-Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад та гэрчийн мэдүүлэг өгсөн. Шүүх хуралд өөрийн биеэр оролцлоо гэхэд мөрдөн  байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс илүү зүйл ярих уу?

-Шүүх хурлын мэтгэлцээн асуулт, хариултын журмаар өрнөх байх. Шүүгч, өмгөөлөгч нарын асуултын хүрээнд хариулаад л явна. Үүнээс шүүх  шийдвэрээ гаргах болов уу.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж