“Долоон бурхан харвадаггүй”

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

“Долоон бурхан харвадаггүй”

“Ардын хувьсгалын анхны долоо”-гийн түүхийг өгүүлсэн “Долоон бурхан харвадаггүй” дэлгэцийн шинэ бүтээл энэ сарын 18-нд буюу Эх орончдын өдөр орон даяар нээлтээ хийх гэж байна. “Хүмүүн фильм” нэгдлийн анхны уран бүтээл болох уг кино хийх санааг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат гаргажээ. Цэргийн түүхч, улс төрийн түүхч нартай уулзаж, бусад сурвалж бичгийг үндэслэн кино зохиолыг бичсэн бөгөөд киноны зургийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд авчээ. “Хүмүүн фильм” нэгдлийн гүйцэтгэх захирал, уг киноны продюсераар ажилласан Ж.Батаа “Монголын эрэлхэг долоон хөвгүүний эл түүхийг 70 жил гуйвуулсан. Кино урлагаар дамжуулан түүхийг үнэн бодитоор хүргэх, эх орончдыг хэн байсныг харуулах нь бидний хүсэл төдийгүй үүрэг юм. Хиагтыг чөлөөлөх дайн, Оросоос тусламж гуйхаар мордсон үйл хийгээд хожим анхны долоогийн “эрлэгийн элч” болсон Элбэгдорж Ренчиногийн үнэн төрхийг ч кино харуулна” хэмээн онцолсон юм.

“Долоон бурхан харвадаггүй” киноны ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллан, гол дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин, дуучин  А.Дашпэлжээ, Б.Жаргалсайхан, жүжигчин Г.Золбоот, Н.Ялалт, Н.Төмөрбат, П.Хувьзаяа, У.Батбаатар нар тогложээ.

Ардын хувьсгалын анхны долоогийн үзэл бодол, хайр сэтгэл, зорилго, туулсан замнал, амь бие хайрлалгүй эх орныхоо төлөө зүтгэсэн үйл хэрэг нь хойшид хэрхэн эргэснийг энэхүү бүтээлээс харах л үлдлээ. “Долоон бурхан харвадаггүй” дэлгэцийн шинэ бүтээл гуравдугаар сарын 18-нд “Тэнгис” кино театрын тайзнаа 18.00 цагт албан ёсны нээлтээ хийнэ.

 “Долоон бурхан харвадаггүй” киноны трейлерийг ЭНД дарж үзнэ үү.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж