Өргөн хэрэглээний 93 бараанаас 50-ийнх нь үнэ өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Өргөн хэрэглээний 93 бараанаас 50-ийнх нь үнэ өсчээ

Монголын Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг эхний хоёр сарын байдлаар гурван үндсэн чиглэлийн дагуу мэдээллээ. Тайлангаар өргөн хэрэглээний барааны өсөлт болон гадаад худалдааны алдагдлын тухай сөрөг үзүүлэлт гарч ирсэн юм. Ингээд нийгмийн үзүүлэлт, макро эдийн засаг болон бусад туслах салбарын тоон үзүүлэлтийг танилцуулъя.

I. Нийгмийн үзүүлэлт

  Улсын хэмжээнд 2012 оны эхний 2 сард 11579 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 1320 эх буюу 12.9 хувь, төрсөн хүүхдийн тоо (амьд төрөлтөөр) 11631 болж, 1338 хүүхэд буюу 13.0 хувиар өслөө. Нэг хүртэлх насандаа 206 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 15 хүүхэд буюу 7.9 хувиар нэмэгдэж, 1-5 хүртэлх насны 38 хүүхэд эндэж өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2011 оны 4 дүгээр улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 555.4 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 134.7 мян.төг буюу 32.0 хувиар нэмэгдлээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2011 оны 4 дүгээр улирлын байдлаар 548.9 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 104.3 мян.төг буюу 23.5 хувиар өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2012 оны 2 дугаар сарын эцэст 58.4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.9 мян.хүнээр буюу 51.6 хувиар өсчээ. Нийгмийн даатгалд 2012 оны эхний 2 сард 406.5 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 261.9 мянга буюу 64.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 144.6 мянга буюу 35.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 77.2 мянга буюу 23.4 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 59.1 мянга буюу 29.1 хувь, төсөвт байгууллагынх 18.1 мянга буюу 14.3 хувиар нэмэгджээ.  
 
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2012 оны эхний 2 сард 53.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 2.5 мян.хүн буюу 4.8 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 355.3 сая төг буюу 7.0 хувиар нэмэгджээ. “Хүний хөгжил” сангаас 2012 оны эхний 2 сард 119.0 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 2.8 сая иргэнд олгосны 98.3 хувь нь 21.0 мян.төг, 0.9 хувь нь 70.0 мян.төг, 0.8 хувь нь 10.0 мян.төг бэлнээр авсан иргэд байна.

Халдварт өвчнөөр 2012 оны эхний 2 сард 7220 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 987 хүн буюу 15.8 хувиар нэмэгдэхэд цусан суулгаар өвчлөгчдийн тоо 14 хүн буюу 6.9 хувь, сүрьеэгээр 23 хүн буюу 3.7 хувиар буурсан хэдий ч тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 52 хүн буюу 8.2 хувь, трихомониаз өвчнөөр 40 хүн буюу 6.1 хувь, салхин цэцгээр 36 хүн буюу 5.8 хувь, вирүст хепатитээр 19 хүн буюу 0.8 хувь, гонококкт халдвараар 5 хүн буюу 0.6 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Улсын хэмжээнд 2012 оны эхний 2 сард 3974 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 648 хэргээр буюу 19.5 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (435), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг (115), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (61), байгаль хамгаалах журмын эсрэг (32) зэрэг гэмт хэрг өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2012 оны эхний 2 сард 1235 хүн гэмтэж, 253 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 53 буюу 4.5 хувиар, нас барсан хүний тоо 7 буюу 2.8 хувиар өссөн байна.

II.Макро эдийн засгийн үзүүлэлт

 Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2012 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 2.5 хувь, оны эхнээс 5.4 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.4 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 7.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2012 оны 2 дугаар сарын эцэст 6238.4 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 90.9 тэрбум төг буюу 1.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1370.9 тэрбум төг буюу 28.2 хувиар өсчээ.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2012 оны 2 дугаар сарын эцэст 673.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 16.8 тэрбум төг буюу 2.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 199.3 тэрбум төг буюу 42.0 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 2 дугаар сарын эцэст 5706.2 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 58.6 тэрбум төг буюу 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 2179.9 тэрбум төг буюу 61.8 хувиар өсчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2012 оны 2 дугаар сарын эцэст 176.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 102.5 тэрбум төг буюу 2.3 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 63.7 тэрбум төг буюу 56.6 хувиар өсчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2012 оны 2 дугаар сарын эцэст 323.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 3.3 тэрбум төг буюу 1.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 37.1 тэрбум төг буюу 10.3 хувиар буурсан байна.

 Үнэт цаасны арилжаа 2012 оны 2 дугаар сард 19 өдөр явагдаж, 2.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 7.2 сая ш үнэт цаас арилжигдсан байна.

 Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2012 оны эхний 2 сард 674.8 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 682.1 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 7.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Нэгдсэн төсвийн урсгал орлого 2012 оны эхний 2 сард 672.3 тэрбум төг, урсгал зардал 559.8 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 112.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 160.8 тэрбум төг буюу 37.2 хувиар өсөхөд бусад татварын орлого 59.1 тэрбум төг буюу 2.3 дахин, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 56.3 тэрбум төг буюу 35.2 хувь, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 30.3 тэрбум төг буюу 60.5 хувь, гадаад худалдааны татварын орлого 14.9 тэрбум төг буюу 46.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 44.6 тэрбум төг буюу 2.3 дахин өсөхөд төсөвт газрын өөрийн орлого 16.4 тэрбум төг буюу 76.3 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 10.2 тэрбум төг, бусад нэр заагдаагүй орлого 7.5 тэрбум төг буюу 3.6 дахин, газрын тосны орлого 4.7 тэрбум төг буюу 4.3 дахин, хүү, торгуулийн орлого 4.3 тэрбум төг буюу 2.2 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

 Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2012 оны эхний 2 сард 682.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 212.2 тэрбум төг буюу 45.2 хувиар өсөхөд эргэж төлөгдөх цэвэр зээл 2.0 тэрбум төг 33.1 хувиар буурсан хэдий ч хөрөнгийн зардал 89.3 тэрбум төг буюу 4.1 дахин, татаас, шилжүүлгийн зардал 88.6 тэрбум төг буюу 38.4 хувь, бараа, үйлчилгээний зардал 34.8 тэрбум төг буюу 18.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Хөрөнгийн зардалд 2012 оны эхний 2 сард 118.4 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 89.3 тэрбум төг буюу 4.1 дахин өсчээ. Хөрөнгийн зардлын өсөлтөд дотоодын эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 81.5 тэрбум төг буюу 4.0 дахин, гадаад эх үүсвэрээс хийгдсэн хөрөнгийн зардал 7.8 тэрбум төг буюу 5.4 дахин нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Монгол улс 2012 оны эхний 2 сард дэлхийн 103 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1469.3 сая ам.долл, үүнээс экспорт 529.9 сая ам.долл, импорт 939.3 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2011 оны 2 дугаар сард 60.2 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2012 оны 2 дугаар сард 154.8 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 94.6 сая ам.долл буюу 2.6 дахин өсчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 437.7 сая ам.долл буюу 42.4 хувь, үүний дотор импортын хэмжээ 323.7 сая ам.долл буюу 52.6 хувь, экспортын хэмжээ 114.1 сая ам.доллар буюу 27.4 хувиар өсчээ.

Экспортын 97.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

III.Эдийн засгийн салбарын үзүүлэлт

  Том малын зүй бус хорогдол 2012 оны эхний 2 сард улсын хэмжээнд 61.0 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 73.4 мян.толгой буюу 54.6 хувиар буурсан байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр авч үзвэл адуу 3.1 мянга, үхэр 6.1 мянга, тэмээ 87, хонь 22.4 мянга, ямаа 29.3 мянга байна.

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний 2 сард 287.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 20.6 тэрбум төг буюу 7.7 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, молибдений баяжмал, цайрын баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.4-77.3 хувь, архи, ариун цэврийн цаас, зүсмэл материал, хивс, шар айраг, шингэн сүү, нарийн боов, талх, амтат ус, ундаа, шахмал түлш, бетон зуурмаг зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1 хувиас 7.9 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Төмөр замын тээврээр 2012 оны эхний 2 сард 3263.0 мян.т ачаа, давхардсан тоогоор 609.9 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 674.0 мян.т буюу 26.0 хувь, зорчигчдын тоо 37.3 мян.хүн буюу 6.5 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр төмөр замын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 2 сард 68.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.8 тэрбум төг буюу 47.3 хувиар өсчээ.

Агаарын тээврээр 2012 оны эхний 2 сард 553.7 т ачаа, давхардсан тоогоор 94.1 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 301.6 т буюу 2.2 дахин, зорчигчдын тоо 28.4 мян.хүн буюу 43.1 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2012 оны эхний 2 сард 22.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.0 тэрбум төг буюу 22.4 хувиар өсчээ.

 Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2012 оны 2 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун суманд (6.0 мм) орсон байна. Энэ оны 2 дугаар сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд хамгийн их температур 7.4 хэм, Завхан аймгийн Отгон суманд хамгийн бага температур -48.0 хэм байлаа. Салхины хурд Төв аймгийн Зуунмод суманд 21 м/с хүрчээ.

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2012 оны 2 дугаар сард Улаанбаатар хотын 13-р хороолол орчимд 29 удаа, Хархорин захын орчимд 25 удаа, 32-ын тойрог орчимд 16 удаа, Офицеруудын ордон орчимд 15 удаа, 1-р хороолол орчимд 12 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж Хархорин захын орчимд 29 удаа, 13-р хороолол орчимд 28 удаа, 32-ын тойрог, Баруун дөрвөн зам орчимд тус бүр 24 удаа, Мишээл экспо, Офицеруудын ордон орчимд тус бүр 20 удаа, 1-р хороолол орчимд 15 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 32-ын тойрог орчимд 29 удаа, Хархорин захын орчимд 28 удаа, 13-р хороолол орчимд 25 удаа, Баруун дөрвөн зам орчимд 19 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 16 удаа, угаарын хий 32-ын тойрог орчимд 2 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.

 Аюулт үзэгдэл, осол 2012 оны эхний 2 сард 716 удаа гарсны улмаас 30 хүн амь насаа алдаж, 0.4 мян.толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Энэ оны эхний 2 сард объектын түймэр 686 удаа, бичил уурхай, нурангины осол 8 удаа, химийн хорт бодистой холбоотой ослын дуудлага 5 удаа, гол, нуурын усанд унасан осол 4 удаа, мал, тэжээвэр амьтны галзуу өвчин 3 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2012 оны эхний 2 сард 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан тухай мэдээлж байна.

2012 он гарсаар эхний хоёр сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 154,8 сая ам.долларын алдагдалтай гарсан талаар тодруулахад, “Энэ нь өмнөх оны импорт давамгайлсан гадаад худалдааны бодлого явуулж байгаатай холбоотой. Гадаад худалдааны алдагдалд экспорт буурах нь нөлөөлнө гэсэн үг. Экспорт дундаа уул уурхайн чиглэлийнх давамгайлж байна" хэмээн МЭЗСГ-ын дарга Б.Бадамцэцэг хариулсан юм. Түүнээс хүнсний барааны үнийн өсөлтийн талаар тодрууллаа.

-Эхний хоёр сарын байдлаар өргөн хэрэглээний барааны үнэ 5,4 хувиар  өссөнийг өмнөх үеийнхтэй харьцуулбал ямар дүр зураг гарч ирэх бол?

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн,үйлчилгээний тариф өнгөрсөн сарынхтай харьцуулахад 2,5%, хоёр сарын өмнөхтэй харьцуулахад 5,4 % байна. Үндсэндээ хоёр сараар л тооцоход 5,4 хувь юм. Харин өмнөх жилийнхтэй харьцуулахад 12,4 хувиар өссөн байна. Сарын өсөлтийг авч үзвэл хүсний бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт их нөлөөлж байна гэж хэлж болно. Иргэд үүнийг 2, 5 хувь гээд бага хувиар мэдэрч байж болох юм. Инфляцийн төвшингүүдийн хооронд нь харьцуулахад өндөр өсөлт юм. Яагаад гэхээр эдийн засаг хэвээр үргэлжилж байгаа бол жилийн хувьд авч үзэхдээ 4-6 хувьтай байдаг. Гэтэл энэ бол хугацааны хувьд ч тооны хувьд ч өндөр өсөлт гэдгийг онцолж байна.

-Орон нутагт үнийн өсөлт хэр байгаа вэ?

-Үнэ ханш зөвхөн нийслэлд ч биш, орон нутагт өссөн байна. Үнийн өсөлт тархалт өргөн байна. Барааны бүлгээр нь авч үзэхээр хүнсний барааных. Энэ нь инфляцийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Хүнсний барааны бүлэг их өндөр өсөлттэй. Тухайлбал, аймгуудад 7-48 хүртэл  хувийн өсөлттэй байна. Дархан–Уул  аймагт махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ 48 хувиар өссөн.  Ингээд төгрөгийн худалдан авах чадвар буурч байгаагийн шинж. Нийслэлд хүнсний өргөн хэрэглээний 93 бараа бүтээгдэхүүнээс 50-д нь үнэд нэмэгдэж  өөрчлөлт орсон.

-Үнийн өсөлт бусад үзвэр үйлчилгээнд нөлөөлсөн гээд байгаа?

-Нийтийн хоолны үнэ 10,4 хувиар өссөн. Зарим бүтээгдэхүүн бол шууд болон шууд бус нөлөөтэй. Амбулаторийн үзлэгийн хөлс нэг сарын хугацаанд 40 хувиар өссөн. Тэгэхээр ерөнхийдөө нэг төрлийн бус,бусад төрлийн бараа, үйлчилгээнд нөлөөлсөн ерөнхий дүр зураг гарч байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж