гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эхлээд
С.Эрдэнэ гишүүн 1995 оноос өмнө тэтгэвэрт гарагсдын тэтгэврийн зөрүүг
арилгасан талаар мэдээллээ. Өнгөрсөн оны тавдугаар сарын 30-нд УИХ-ын
нэр бүхий гишүүд Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын
тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, сая
ээлжит бус чуулганаар батлуулсан талаар тэрбээр мэдээлсэн юм. Ингэснээр
1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 160 гаруй мянган хүний тэтгэврийн
зөрүүг арилгах боломж бүрдэж, үүнд зориулан улсын төсвөөс 20-23 тэрбум
төгрөг гаргахаар болсон байна.
Өнөөдөр С.Эрдэнэ, Г.Баярсайхан
нарын гишүүд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох
тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Энэ талаараа мөн
үргэлжлүүлэн мэдээлэл хийлээ.
Уг хуулийг баталснаар нийгмийн
шилжилтийн үе болох 1990-1994 онд тухайн үеийн нөхцөл байдал, ажлын байр
олноор татан буугдаж байснаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжоо
алдсан хөдөлмөрийн насны 200 мянга гаруй иргэний нэгдсэн бүртгэлийг
гаргаж, ажилласан жилийг нь нөхөж тооцох боломж бүрдэх ажээ. Мөн
1995-2000 онд хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны 703 мянган иргэн
тэтгэврийн даатгалд хамрагдах боломжтой болох аж. Тэдгээр 703 мянган
иргэний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээнээс тооцсон орлогоос 10 хувийг нөхөн төлснөөр
ажилласан жил нь тасраагүйд тооцогдох юм байна.
Нэг хүн дунджаар
600 мянга орчим төгрөгийг нэг удаа төлснөөр тэтгэврийн даатгалын санд
60-70 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого орно гэдгийг гишүүн С.Эрдэнэ
хэллээ. Ингэснээр уг асуудал төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр
шийдэгдэх юм байна. Олон арван үйлдвэр хаагдаж, ажлаас цомхотгосноор
гахай үүрч ганзагын наймаа эрхэлж, ТҮЦ ажиллуулж явсан иргэдийн
ажилласан жил тасраагүйд тооцогдох нэг удаагийн арга хэмжээг уг хууль
батлагдсан тохиолдолд авах аж. Нийгмийн шилжилтийн үед ажилгүй болсон
иргэддэ халамж үзүүлдэг жишиг гадаад орнуудад байдаг юм байна. Хуулийн
төсөл өргөн барьсан гишүүд энэхүү хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлж
өгөхийг УИХ-ын даргаас хүссэн байна.
Харин цэрэг, цагдаа,
тагнуулын байгууллагад ажиллаж байгаад тэтгэврийн насанд хүрэлгүй
халагдагсад, дөрвөөс дээш хүүхэдтэй гэсэн шалтгаанаар 30-аад насандаа
тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүдэд харин энэ хууль үйлчлэхгүй, 1995
оноос өмнө тэтгэвэрт гарагсдын тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээнд
хамрагдана гэдгийг гишүүн С.Эрдэнэ хэллээ.