Сирийн Ерөнхийлөгчийн хувь заяа Орос, Хятадаас хамаарна

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Сирийн Ерөнхийлөгчийн хувь заяа Орос, Хятадаас хамаарна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадтай хэлэлцээр хийхээр Дамаска хотыг зорив. Магадгүй тэрбээр НҮБ-аас Сирид энхтайван тогтоохоор илгээж буй сүүлчийн элч ч байж болох юм. Тэрбээр Сирид нөхцөл байдал хэр хүнд байгааг, Засгийн газар нь иргэдийнхээ өөдөөс гал нээсэн эсэхийг өөрийн биеэр харж, дүгнэж цэгнэн НҮБ-д тайлагнах ёстой. Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад түүнийг дуртайяа хүлээн авч байгаа боловч цаашид юу болохыг таамаглах эрт байна.

Сирид Арабын хувьсгалын шуурга үлээсээр байгаа. Бүх зүйл өнгөрсөн оны нэгдүгээр сард эхэлсэн юм. Тэр үед Засгийн газрын бодлогыг шүүмжилсэн агуулга бүхий хэдэн үгсийг сургуулийнхаа ханан дээр биччихсэн сурагчдыг Сирийн хууль сахиулагчид баривчлан хорьжээ. Үүнд дургүйцсэн Сирийн иргэд жагсаал зохион байгуулж, эцэст нь мөнөөх сурагчдыг суллуулж чадсан. Гэхдээ Сирийн цагдаа нар тэднийг аймшигтай тамлан зовоосон нь олон нийтэд ил болсноор Башер аль Ассадыг эсэргүүцэгчид хүчээ авчээ. Үймээн самууныг намжаахын тулд Сирийн Засгийн газар өөрсдийг нь дэмжиж буй хүмүүсийг цуглуулж, олон жагсаал зохион байгуулсан байна. Энэ нь яваандаа Сирийн ард түмэн дотроо хагаран бутрах нөхцөл байдал руу ойртуулж, шашинуудын зөрчил, үндэстэн, ястан хоорондын мөргөлдөөн болж хувирав.

Зарим мэдээгээр энгийн иргэд рүү гал нээхээс татгалзсан цэргүүдийг Сирийн армийн удирдлага шууд ажлаас нь халж байсан гэх. Гэхдээ иргэдийнхээ өөдөөс буу шагайсан гэдгийг тус улсын эрх баригчид огт хүлээн зөвшөөрөөгүй юм. Сирийн Ерөнхийлөгч Башер аль Ассад анхандаа "Энэ бол биднийг хагарган бутаргах зорилготойгоор террорист бүлэглэлүүдийн хийж буй ажил" хэмээн мэдэгдэж, төрийн мэдлийн телевизүүдээр хэдэн цаг үргэлжлэх урт лекцээ уншиж байлаа. Харин сүүлдээ түүний байр суурь өөрчлөгдөж "Гадаадын түрэмгийлэгчид манай улсын дотоод хэрэгт оролцож, бидний хооронд зөрчил үүсгэж байна" хэмээн дүгнэх болсон юм. НҮБ-аас гаргасан мэдэгдэлд дурьдсанаар Сирийн үймээнээс болж 8000-11000 хүн амиа алджээ. Тэдний 2200-3600 нь цэргүүд байж. Түүнчлэн олон мянган хүн улс төрийн хоригдол болж цөллөгт явж байгаа аж.

Харин Сирийн Засгийн газрын төлөөлөгчид үүнийг үгүйсгэж, 5100-6000 хүн амиа алдсан хэмээн мэдэгдсэн юм. Тэд "Сөрөг хүчнийхний явуулсан хуурамч мэдээлэлд тулгуурлан НҮБ тайлан мэдээгээ гаргаж байна" гэв. Сирийн сөрөг хүчнийхэн нь суннитууд байгаа бол эрх баригчдыг нь шийтүүд төлөөлдөг.

Өөрөөр хэлбэл, хэзээнээсээ хоорондоо таарамж муутай байсан энэ хоёр шашны бүлэглэлүүд Сирийг мөргөлдөөний талбар болгосон гэж дүгнэж болохоор байна. Сирийн асуудалд Арабын холбоо, АНУ, Европын холбоо болон бусад улсын зүгээс байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, НҮБ энхийг сахиулагч цэргүүдээ Сири рүү нэвтрүүлж, ард иргэдийнхээ өөдөөс гал нээсэн эрх баригчдыг нь шийтгэхээр яаравчилж байна. Гэхдээ энэ нь Сири улс дотроо хэд хэд хуваагдан задрахад хүргэж магадгүй юм.

Харин үүнээс болж Арабын орнуудад шашин хоорондын мөргөлдөөн гарч, Ойрхи Дорнодод үүсээд буй эмх замбараагүй байдал даамжрах вий гэдгээс Арабын холбооны орнуудын удирдагчид болгоомжилж байна. Тиймээс тэд НҮБ-ын цэргээс урьтаж шинжээчдийн багаа Сири рүү илгээсэн юм. Хэрэв шинжээчид Сирийн үймээний үеэр эрх баригчид нь иргэдийнхээ өөдөөс гал нээгээгүй гэж дүгнэвэл НҮБ цэргээ тус улс руу оруулахгүй байх байлаа. Арабын холбооныхон ч үүнийг л хүсэж байв. Эхний удаад шинжээчдийн дүгнэлт тэдэнд нааштайгаар гарсан. Гэвч яваандаа байр суурь нь өөрчлөгдөж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн ОХУ, Хятадын тал Сири рүү энхийг сахиулах цэргүүдийг оруулахыг дэмжихгүй байна. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Сири улсын ард түмэн дотоод зөрчлөө өөрсдөө шийдвэрлэх ёстой. Тусгаар улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх хэнд ч байхгүй" хэмээн тайлбарласан юм.

Тэр ч байтугай өнгөрсөн сард Сирид айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Башер аль Ассадтай уулзжээ. АНУ-ын төлөөлөгчид "Оросын тал иймэрхүү байдлаар шал дэмий цаг үрж байна" гэж дүгнэсэн бол Башер аль Ассадын хувьд хүчирхэг гүрний дэмжлэгийг авч байгаадаа нэлээд маадгар байна. Гэхдээ бүх зүйл цаанаа учиртай байдаг. Оросууд Башер аль Ассадыг түлхэн унагах тэмцэлд нэгдэхгүй байгаа нь ч шалтгаантай юм.

Орос, Сирийн харилцаа олон арван жилийн түүхтэй. Геополитикийн үүднээс авч үзсэн ч оросуудад энэ улс ач холбогдолтой билээ. Одоогоос таван жилийн өмнө Сирийн армид Оросын 2000 орчим мэргэжилтэн ажиллаж байсан юм. Мөн Сирийн эрх баригчдад оросууд зэвсэг нийлүүлдэг. Өмнө нь энэхүү худалдаатай холбоотойгоор Сири ОХУ-д 13.5 тэрбум ам.долларын өр төлөх ёстой байсны 10 тэрбум ам.долларын өрийг нь цайруулж байсан түүх бий. Сирийн Тартуст Оросын тэнгисийн цэргийн бааз байрладаг.

Мөн Араб, Израилийн энхийн хэлэлцээрт оролцох баталгаа болж өгдөг. Өөрөөр хэлбэл, Орос Сириэр дамжуулж Ойрхи Дорнод дахь хүч нөлөөгөө нэмэгдүүлэхийг эрмэлздэг. Хэрэв НҮБ-ын цэрэг тус улсад нэвтэрбэл Орос мөрөөдөл замхарна. Энэ бүхнээс үүдээд Сирийн улс төр дэх өөрчлөлтийг Кремлийн удирдагчид маш анхааралтай ажиглаж, болгоомжтой хандаж байна. Саяхан В.Путин дахин сонгогдсон.

Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон "Сонгуулийн дараа Оросын эрх баригчид байр сууриа өөрчилнө гэж найдаж байна" гэж мэдэгджээ. Хятадын засаг захиргаа мөн л АНУ болон барууны орнуудын байр суурийг дэмжихгүй байгаа. Энэ нь Ойрхи Дорнодод үүсээд буй бослого, хөдөлгөөн Хятадад хүртэл халдварлах вий гэхээс болгоомжилж байгаатай холбоотой юм.

Түүнчлэн АНУ-ын хүч нөлөөг сулруулахын тулд ОХУ-тай хамтран НҮБ, НАТО-оос баталсан баримт бичигт хориг тавьдаг зуршил Бээжингийн эрх баригчдад бий. Хойд Солонгос, Ираны цөмийн зэвсэгтэй холбоотой яриа хэлэлцээрт Орос, Хятадын тал мөн л иймэрхүү байр суурийг илэр-хийлсээр ирсэн. Сирийн асуудалд санаа зовж буй өөр нэг орон бол Турк. Гэхдээ Сиритэй хөрш зэргэлдээ орших тус улсын шинжээчид үймээн самууны буруутнаар барууныхныг нэрлэж байна.

Ер нь Сири гэж ямархуу улс вэ. Одоогоос 70 орчим жилийн өмнө Ирак, Сири улсыг хамтад нь нэгтгэсэн Арабын социалист сэргэн мандалтын нам байгуулагдсан юм. Харин энэ намын тэргүүн Саддам Хуссейныг АНУ-ын холбоотнууд 2003 онд түлхэн унагасан билээ. Харин Сирид 1970 оноос Хафиз Эсад төрийн бүх эрх мэдлийг гартаа авчээ. Түүнийг эрх барих хугацаанд Хама хотод бослого гарч байсан боловч тэрбээр цэргийн хүчээр дарсан юм.

Эцэст нь 30 гаруй жил төр барьсан Хафиз Эсад 2000 онд хүү Башер аль Ассад халаагаа өгсөн билээ. Одоо Сирийн Ерөнхийлөгчийг М.Каддафийнх шиг хувь тавилан хүлээж байгаа эсэхийг хэн ч үгүйсгэхгүй байна. Түүний хувь заяа Орос, Хятадын эрх баригчдын үзэгний үзүүр дээр тогтож байгаа гэхэд хилсдэхгүй.

Т.Элиса

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж