Дархан аварга С.Чүлтэмийн хөшөөг босгоно

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Дархан аварга С.Чүлтэмийн хөшөөг босгоно

1800-гаад оны эцэс 1900-гаад оны эхэнд барилдаж явсан Цэцэнхан аймгийн Боржигон цэцэн вангийн хошууны бөх, долоон хошуу даншигийн дархан аварга Самбуугийн Чүлтэмийн хөшөө дурсгалыг Дундговь аймгийн төв Мандалговь хотын төвд бүтээхээр болж, хөшөөний шавыг тавьжээ. Даншигийн их аврага одоогийн  Дундговь аймгийн нутагт 1874 онд төржээ. Луус, Дэлгэрхангай сумын нутгаар нутагладаг, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумын нутагт амьдарч байсан байна. Тэрээр 1902 оны халхын даншигт долоо давж, мөн тэр жилдээ тусгай даншигт найм даван түрүүлж Богдын лүндэнгээр арслан цол хүртэж явжээ. 1903, 1904 оны наадамд найм, 1905 оны тайлгын наадамд долоо, 1906 оны даншигт 11 давж түрүүлэн аварга цол хүртсэн нь монгол бөхийн түүхнээ тэмдэглэгдэн үлджээ. Дундговь нутгаас олон сайхан хүчит бөхчүүд төрөх бэлэгдлээр дархан аваргын хөшөө дурсгал сүндэрлүүлэх юм байна. Энэ ажлыг Улаанбаатар хот дахь Мандалговь хотын нутгийн зөвлөл санаачлан зохион байгуулж байгаа ажээ.

С.Чүлтэм аваргын хөшөө цэцэрлэгт хүрээлэн бүхий цогцолбор байгуулагдах гэнэ. Хөшөө таван метрийн өндөртэй, өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг илэрхийлсэн гурван суурины дөрвөн талд дөрвөн хүчтэнийг товойлгон боржин чулуугаар урлах аж. Хөшөөг Дундговь нутгийн залуу уран бүтээлч Д.Батсуурь, Ж.Түвшинжаргал нар бүтээж байгаа ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж