ИЗН-ын нэр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэв

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

ИЗН-ын нэр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэв

Иргэний Зориг намын Их хурлаас намын нэрээ өөрчилж Иргэний Зориг Ногоон нам гэж нэрлэсэн болон түүнтэй холбоотойгоор намын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт  оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх  өнөөдөр  хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас 2012 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдсан тус намын ээлжит Их хурлаар нэр, намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтүүд нь Улс төрийн намын тухай хууль болон бусад хуулиудад харшлаагүй гэж үзэв. Мөн Улс төрийн намуудын улсын бүртгэлд Иргэний Зориг Ногоон нам буюу ИЗНН гэсэн нэртэй нам байхгүй тул улсын бүртгэлд бүртгэх нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн холбогдох зүйл заалтад харшлахгүй гэж Улсын Дээд шүүх үзжээ. Ингэхдээ Иргэний Зориг намын нэрийг Иргэний Зориг Ногоон нам болгон өөрчилсөн нь Монголын Ногоон намын нэртэй давхардсан гэж үзэх үндэслэл байхгүй болохыг Дээд шүүхийн тогтоолд дурдсан байна.

Иймээс Иргэний Зориг намын 2012 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн ээлжит Их хурлаас намын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтүүдийг Улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэлээ.

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж