“Айвенхоу” Австралид шинэ уурхай нээв

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

“Айвенхоу” Австралид шинэ уурхай нээв

Өмнөговь аймагт Оюутолгой төсөл хэрэгжүүлж буй “Айвенхоу Майнз”-ын охин компани “Айвенхоу Австрали”  Австралийн Квинслэнд дэх Осборн уурхайд алт, зэсийн баяжуулах үйлдвэрлэлийг эхлүүлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Роберт Фридлэнд тус уурхайн эзэмшлийн эрхийг 18 сарын дотор олж авжээ. “Айвенхоу Австрали” Осборн уурхайгаас энэ онд 700-900 мянган тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөж буй аж. Харин ирэх жилээс олборлолтыг 1,8-2 сая тоннд хүргэх юм байна. Компанийн мэдэгдэж буйгаар тус ордод 15-20 жил олборлолт явуулах гэнэ.

“Айвенхоу” бусад охин компаниудын ашгийг тэр чигт нь цутгаж буй Өмнөговь аймаг дахь Оюутолгойн асар том ордын хөрөнгө оруулалтад голлон анхаарч байгаа аж. “Айвенхоу Майнз” компани Оюутолгой төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрснийг мэдэгдсэнээс хойш тус компанийн 13 тэрбум ам.долларын хувьцааны ханш энэ онд 9,5 хувиар нэмэгдсэн байна. “Айвенхоу Майнз” Оюутолгойн 66 хувиас гадна Монголын нүүрс олборлогч “SouthGobi Resources” компанийн 58 хувь болон Казакстан дахь алтны уурхайн тал хувийг эзэмшдэг байна. Уул уурхайн аварга “Рио Тинто” групп хувьцааны дийлэнхийг нь эзэмшдэг “Айвенхоу Майнз” Оюутолгой төсөлд одоогоор таван тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд олборлолтыг энэ оны гуравдугаар улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. “Айвенхоу Майнз” Оюутолгойн ордоос жилд 550 мянган тонн зэс, 650 мянган унци алт олборлох юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж