Хувийн хэвшлийнхний цалинг нэмэгдүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшлийнхний цалинг нэмэгдүүлнэ гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шатахууны үнэ буурсантай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Ингэхдээ шатахууны үнэ 1690 төгрөгөөс 270 төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч дараа нь 280 төгрөгөөр буурч,  1680 төгрөгт хүрсэн нь тэмцэгч олны гавьяа гэдгийг МҮЭ-ийн холбооны зүгээс онцолж байлаа. МҮЭХ-ны ерөнхийлөгч  С.Ганбаатар “Бараа материалын үнийн суурь үнэ болсон шатахууны үнийг үгсэн хуйвалдаж нэмээд,  буцаад буулгасан тохиолдол байдаггүй. Тэмцэж байсан ахмад буурлууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон гурван талт хэлэлцээрийнхэн, шатахуун импортлогч нарын хамтын ажиллагааны үр дүн гэдгийг дурдах хэрэгтэй болов уу” хэмээв. Харин цаашид шатахууны үнийг одоогийнхоос нэмэгдүүлэх бол хяналт, шалгалтын, тэмцлийн үйл ажиллагааг сааруулахгүй ажиллах болохоо мэдэгдэж, хуулиа баримталж, шатахууны үнийг төлдөг хэрэглэгчийн төлөөх байгууллага, хэрэглэгч түмний төлөөлөл болсон МҮЭХ-той зөвшилцөж байж,  хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт дээр үндэслэн нэмэх асуудлыг ярих ёстой талаар мэдэгдлээ. Шатахууны үнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн тухай МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас байр суурийг нь сонирхлоо.

-Шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний, тэр дундаа хүнсний барааны үнэ нэмэгдсэнд МҮЭХ хэрхэн тэмцэх вэ?

-Хэрэглэгчийн төлөөх хоёр үндэсний байгууллага байна. Түүний нэг нь болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай манайх их ойр ажиллаж байна. Түүнтэй хамтран бараа бүтээгдэхүүний үнийг барих, хавчих, худалдан авалтаараа хэсэгчилж боомилъё гэсэн уриалга гаргаад байна. Өөрөөр хэлбэл, импортлогч, үйлдвэрлэгчдийн зүгээс хүнсний барааны үнийг буулгахгүй бол арай хямдыг нь худалдан авч хүнсний барааг нь муудтал худалдаж авахгүй байх юм.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тухайд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Бид ОССК-тай хамтран санамж бичиг биш, гэрээ байгуулсан. Энэ бол миний үндсэн ажил. Орон сууцанд 200 гаруй тэрбум төгрөгийг баталсан. Харин энэ байранд хэн түрүүлж орохыг тухайн Засаг дарга, нам гаргахгүй. Зөвхөн ажилчид, үйлдвэрчний төлөөлөл болсон хорооныхон хуралдаж шийдэх хэрэгтэй.

МҮЭХ өнөөдөр ийнхүү мэдээлэл хийх үеэрээ хувийн хэвшлийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх талаар тэмцэх тухайгаа мэдэгдлээ. Энэ талаарх мэдээллийг цуглуулж, цалинг хэдэн хувиар нэмэх шаардлага байгаа эсэхийг лхагва гаригаас өмнө тодорхойлох гэнэ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж