МАН буюу тухайн үеийн МАХН-ын 26 дугаар их хурал дээр намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх намд хандив өргөсөн талаар мэдээлэл хийж байсныг Ц.Шинэбаяр гишүүн сануулсан юм. Тухайн үед У.Хүрэлсүх дарга МАН-д НИК ХК нэг тэрбум, МАК ХХК нэг тэрбум, УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Б.Чойжилсүрэн нар тус бүр нэг тэрбум, гишүүн Д.Дамба-Очир 500 сая төгрөг хандивласныг мэдээлж байжээ. Түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн. Өнгөрсөн хугацаанд ямар компани, хувь хүн нэмж хэдэн төгрөгийн хандив өргөснийг ил болгох ёстой гэсэн юм.
Мөн АН-ынхан УИХ-д нэр дэвшихийг горилогч бүрээс 50 сая төгрөг хандив болгон авснаа зарласан, мөн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс 20 сая төгрөг авч эхэлж буй талаар сураг гарсныг гишүүн дурдав.
Гишүүн Ц.Шинэбаяр дараа нь төсвийн тодотголын талаар байр сууриа илэрхийлэв. “Улсын төсөв хязгааргүй өсч байна” гээд Улсын нэгдсэн төсвөөр гурван их наяд төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалт баталсан нь өмнөх гурван удаагийн УИХ-ын баталсан хөрөнгө оруулалтаас давсан ч үр өгөөж нь амьдрал дээр харагдахгүй байгааг шүүмжиллээ. Түүний сонгогдсон Дорнод аймагт гэхэд өндөр хүчдэлд холбогдоогүй сум байхгүй. Гэтэл 2012 оны төсөвт Чулуунхороот сумыг 4,5 тэрбум төгрөгөөр өндөр хүчдэлд холбохоор тусгажээ. Монголд 30 гаруй сум төвийн эрчим хүчинд холбогдоогүй байхад холбогдсон суманд төсөв төлөвлөх хэрэггүй гэдгийг Ц.Шинбаяр гишүүн хэлж байсан ч хүлээж аваагүй аж. Гишүүнийг гадаадад эмчлүүлж байх хойгуур төсөв баталсан байжээ. Аж ахуйн нэгжийн захиалгаар төсвийн үргүй хөрөнгө оруулалт хийдгийг зогсоох хэрэгтэй гэж гишүүн Ерөнхий сайдад хандсан байна.
Хамуг Монголын хөдөлмөрийн нам сонгуульд хэрхэн бэлтгэж байгааг сонирхсон сэтгүүлчийн асуултад Ц.Шинэбаяр гишүүн энэ талаар сэтгүүлчдэд удахгүй мэдээлнэ гээд тус нам хатуу гишүүнчлэлийн зарчим барихгүй, дэмжигчид дээрээ тулгуурлаж байгааг хэлэв. Сонгууль дөхсөн үед намууд мөнгөөр гишүүн элсүүлж байгааг мөн буруутгалаа. МАН л гэхэд 50 гишүүн элсүүлсэн гишүүдээ нэг сая төгрөгөөр урамшуулж байгаа гэв.