Дорноговь аймгийн Сайншанд хотын Ар шанд буюу Сайншандын дөрөвдүгээр багт ихэнхдээ төмөр зам дагуух айл өрхүүд суурьшсан байдаг ажээ. Тэр хавийн оршин суугч хүүхдүүд хичээлдээ явахдаа заавал төмөр замын гармаар гарч явдаг гэнэ. Хэтэрхий яарч, анхаарал болгоомжгүй явснаас үүдэж, осолд орох тохиолдол мэр сэр гардаг байна. Багийн хүүхдүүд өнгөрөгч онд нэгэн шинэ санаа дэвшүүлж, орон нутгийнхаа удирдлагад танилцуулсан нь тухайн хэсэгт нүхэн гарц барих явдал гэнэ. Улмаар санаачилгаа ажил хэрэг болгож, шийдвэр гаргуулж чадсан байна. Сайншанд вокзалаас баруун тийш 200 метр газар сумчны байрны орчимд төмөр замын доогуур нүхэн гарц барихаар орон нутгаас шийдвэрлэсэн бөгөөд үүнд зориулж 805 сая төгрөг төсөвлөсөн байна. Энэ гуравдугаар сард нүхэн гарц барих компанийг сонгон шалгаруулж, дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлэх ажээ. Нүхэн гарц барьснаар ард иргэд болон хүүхэд багачууд осол аюулд өртөхгүй амгалан тайван зорчих боломжтой болох гэнэ.
Э.Сараа