Хонконг нь дэлхийн шинэ санхүүгийн төв хэмээн яригдаж, дэлхийн олон улсын компаниуд Хонконгийн хөрөнгийн биржээс амжилттай хөрөнгө босгосоор байгаа юм. 2011 оны эцэс гэхэд Хонконг нь хувьцаа анх нийтэд санал болгон худалдах (IPO хийх) дэлхийн хамгийн том зах зээл гэсэн нэрээ 3 дахь жилээ хадгалан үлдсэн. Компанийн хувьцааг анх нийтэд санал болгон худалдсанаар 33,3 тэрбум америк доллар босгож дэлхийд энэ үзүүлэлтээр манлайлжээ. Энэ компаниудын дунд Glencore, Prada, Samsonite, Coach дэлхийн томоохон компаниуд байгаа юм.
Уг Хэлэлцүүлэг Blue Sky Tower /Хөх тэнгэр/ зочид буудалд болох бөгөөд Хонконгийн Хөрөнгийн биржийн ахлах менежерүүд болон хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн зөвлөхүүд оролцох аж. Хэлэлцүүлгээр “Яагаад өндөр өсөлттэй эдийн засаг бүхий бүс нутагт нөлөөгөө өргөжүүлэх сонирхолтой олон улсын компаниуд Хонг Конгод хувьцаа гаргахыг хүсч байна вэ?”, “Хувьцааны нэгэн төрөл болох Хонг Конгийн хадгаламжийн сертификатыг ашиглах тухай”, “Хувьцааг зах зээлд анх гаргах буюу хувьцааг хэд хэдэн биржид нэгэн зэрэг амжилттай гаргахад голлох нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн талаар” зэрэг илтгэлүүд тавигдах юм байна. Мөн BOC International, KPMG Hong Kong, Latham & Watkins болон The Bank of New York Mellon зэрэг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд хэлэлцүүлгийг ивээн тэтгэж байгаа аж.
Арга хэмжээний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай http://www.centillion.com/mongolia2012 гэсэн вэб сайтад зочлоорой.
С.Болд