Автобусны ослын шалтгааныг тогтоогоогүй байна

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Автобусны ослын шалтгааныг тогтоогоогүй байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр "Улаанбаатар импекс" компанийн хажуугийн төмөр замын гарман дээр Daewoo 540 маркийн автобус сэлгээний РМ21250 маркийн гал тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол өнгөрсөн баасан гарагийн орой 20:55 цагт гарлаа. Ослын улмаас хоёр зорчигч хүнд гэмтсэн байна. Тухайн үед автобус дүүрэн зорчигчтой явж байсан бөгөөд азаар хүний амь эрсдээгүй аж. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Автобусны жолооч гармаар амжиж гарах гэж байгаад ийм осол гаргалаа" хэмээв.

Харин энэхүү ослын талаар Том оврын автобусны холбоо, нийслэлийн төв диспичерийн утсанд ямар нэгэн мэдээлэл ирээгүй талаар холбогдох албаныхан хэлж байв. Түүнчлэн Замынцагдаагийн газартай холбогдоход "Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тиймээс ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ. Сүүлийн хоёр жил том оврын автобус осолдох тохиолдол элбэг болж зорчигчид хүртэл айдастай явах болсон. Ихэнх осол жолоочийн хариуцлагагүй, хурд хэтрүүлснээс болж үүсдэг аж. Улаанбаатар хотод нийт 800 гаруй том оврын автобус үйлчилдэг бөгөөд саяхан жолооч нараас нь ЗЦГ-аас дүрмийн шалгалт авахад дөнгөж 128 нь тэнцжээ.

Л.Баатархүү

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж