Эрхэм журмын нөхөд өө,
Монголын Ардчилсан Холбооны гишүүн эмэгтэйчүүд ээ,
Өнөөдөр бид Монголын Ардчилсан Холбооны “Эмэгтэйчүүд” хөдөлгөөний 2-р чуулганыг зохион байгуулж 22 жилийн өмнө Та бидний тэмцэж олсон ардчилал, эрх чөлөө, шударга ёс өнөөдөр ямар түвшинд орсон талаархи МоАХ-ны Ерөнхий чуулганаас гаргасан мэдэгдэл болон МоАХ-ны Ээлжит 4-р Их хурлын шийдвэрийг дэмжиж Монгол орны эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж цаашид эмэгтэйчүүд бид гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүй болон эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хэрхэн хувь нэмэр оруулах талаар хэлэлцэхээр хуран чуулж байна.
1990 оны цагаан морин жилийн түүхэн үйл явдал нь социалист Монгол улсыг ардчилсан Монгол улс болгож, зах зээлийн эдийн засагтай, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн, олон намын тогтолцоотой, чөлөөт сонгуулийн зарчмаар хууль тогтоох дээд байгууллагаа сонгодог, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, иргэд нь хувийн өмчтэй, гадаад оронд чөлөөтэй зорчдог, нэг үгээр хэлбэл, хүн төвтэй тийм л нийгэм байгуулж, ингэснээрээ монгол хүний улс төр, эдийн засгийн эрх чөлөө нь хангагдаж, энэ бүхний үр дүнд монгол хүн эх орондоо эзэн нь болж орох орон, идэх хоол, өмсөх хувцсаар дуталгүй эрүүл энх, элэг бүтэн амар жимэр амьдрах тийм л өргөн боломжийг олгосон юм.
Энэ боломж Монголын мянга мянган охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд ч олгогдсон билээ. Ийм боломжийг олж авахын тулд манай үе үеийн турьхан хэдий ч баатарлаг, уяхан хэдий ч эрэлхэг, ухаант бүсгүйчүүд өөр өөрийн цаг үедээ тэмцсээр ирсэн билээ.
Монгол эмэгтэйчүүд дотроос Их эзэн Богд Чингис хааны ээж Өүлэн, их хатан Бөртэ үжин, Хулан хатан, Есүй хатан, Өгөдэй хааны хатан Наймалжин, Гүег хааны хатан Огул Хаймиш, Хубилай хааны хатан Хөхчин, Өлзийт төмөр хааны хатан Булган, Тулуйн хатан Сорхугтани Бэхи, Батмөнх даян хааны хатан Мандухай зэрэг эх орныхоо төлөө бие сэтгэлээ харамгүй зориулж түүхэнд нэрээ мөнхөлсөн олон арван хатадыг бид мэднэ.
19-р зууны эхээр буюу 1902 оноос Богд Жавзандамба хутагтын хатнаар залагдаж 1911 онд Улсын Эх дагинаар өргөмжлөгдсөн Дондогдулам хатан ч нийгэмд шинэчлэлийг эхлүүлж, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж Монгол орныг Манжын дарлалаас чөлөөлөхөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Тэр цагаас хойш Түвдэнгийн Бор, Сүхбаатарын Янжмаа, Сономын Удвал зэрэг манай улсын түүхэнд эрэлхэг баатарлаг үйл хэргээрээ ч тэр, хийж бүтээсэн ажил үйлсээрээ ч тэр нэр алдраа цуурайтуулсан олон арван алдар цуутай төр, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүд төрөн гарсныг түүх гэрчилнэ.
Тэгвэл 1990 оны ардчилсан хувьсгалын үйл хэрэгт Монголын хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүд маань эх орны өнцөг булан бүрт гар хумхин хойш суулгүй, айж хулчийн гэртээ бүгэлгүй ачааны хүндийг үүрэлцэн үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөөх тэмцэлд идэвхийлэн оролцсон юм. Энэ нь угтаа Монгол эмэгтэйчүүдийн ажилч хичээнгүй, дайчин, тэмцэгч, тууштай зан чанар хийгээд Хатан ухааны үргэлжлэл байлаа.
Нэг хэсэг нь өөрийн бие сэтгэлээр оролцсон бол нөгөө хэсэг нь эр нөхрөө, хүүгээ, дүүгээ, ахыгаа, аавыгаа ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцоход нь сэтгэл санаагаар дэмжиж, ар гэрийг нь найдвартай авч явсан халамжит эхнэр нь, хайртай ээж нь, эгч нь, дүү нь, охин нь байсан юм. Энэ бүх хүмүүсийн итгэл, сэтгэл, зүтгэлээр Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан гэдэгтэй хүн бүр санаа нийлэх буй заа.
Учир иймд Монголын нийт эмэгтэйчүүд, эхчүүд, түүний дотор Ардчилсан холбооны гишүүн эмэгтэйчүүд та бүхэндээ гүн талархал илэрхийлж буйг минь хүлээн авна уу?
Цаг хугацаа өнгөрсөөр л …
Монгол улс ардчиллын замаар замнасан 22 жилийн түүхийг өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад 1990 оны цагаан морин жил бид чухам юуны төлөө тэмцсэн юм бэ гэдгээ эргэн харж, харамсахад хүрэхүйц нөхцөл байдал үүсээд байна.
Монгол Улсын үндсэн хуулийн Арван дөрвөдүгээр зүйлийн 1-рт ”Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”
2-рт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” хэмээн заасан байна.
Нэг талаас Монгол улсын хууль, тогтоомжуудад хүний эрх, эрх чөлөө, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хязгаарлан боомилсон зүйл заалт туйлын ховор гэж хэлж болно. Гэвч нөгөө талаас хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан “ялгаварлан гадуурхаж, хүний эрх зөрчих тухай” бичигдээгүй хуулийн хэрэгжилт туйлын сайн байна гэж ойлгож бас болно.
Тухайлбал, хүмүүсийг нас, хүйс, үзэл бодол, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхалт хэрээс хэтэрлээ. Эмэгтэйчүүд энэхүү гадуурхалтанд хамгийн их өртөж, хохирч явна. Хаа сайгүй л нас, зүс царай, бие бялдар зааж, хөрөнгө чинээ харж ажилд авч байна. Тиймээс эмэгтэйчүүдийн ихэнхэд нь ажил олдохгүй байна. Мэдээж, ажилгүй хүн орлогогүй. Тэтгэмжийн цөөхөн хэдэн төгрөгөөр л амин зуулгаа хийж байна. Түүний цаана үр хүүхэд, хань нөхөр нь, эцэг эх, ах дүү нь, нэг үгээр хэлбэл тухайн гэр бүл давхар хохирч байна. Үүнийг дагаад нийгмийн асар олон сөрөг үзэгдлүүд гарах боллоо.
Ийм байлгах нь хэнд ашигтай юм бэ?
Охид бүсгүйчүүд хүчирхийлэл, бэлгийн дарамт, хүний наймааны золиос болсоор байна. Олон сайхан бүсгүйчүүд гадаад оронд хямд ажиллах хүч болж боолын хөдөлмөр эрхэлж явна.
Аль сайн боловсролтой, эрүүл чийрэг гэсэн эрчүүдээ бөөн бөөнөөр нь ажиллах хүч болгон гадаадад экспортлож байгаагаас болж тэр тооны ажиллах хүчийг хөрш зэргэлдээ орнуудаас импортлож байна. Өөрөөр хэлбэл, “ажиллах хүчний экспорт, импорт” гэдэг шинэ бизнес манай улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ид цэцэглэн хөгжиж байна. Үүнээс болж бүсгүйчүүд маань харь хүний гэргий болж холын орныг зорихын сацуу эх орондоо ч харийн хүний үр хүүхдийг олноор тээх боллоо. Мөн амар хялбар амьдралын мөр хөөж архи, зугаа цэнгэлд бие сэтгэлээ зориулах болсон бүсгүйчүүд ч их болж. Энэ бүхний цаана Монгол хүний удмын сан, цаашилбал, Монгол улсын хүний нөөцийн болон хүн ам зүйн бодлого алдагдаж улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудлууд үүссээр байна.
“Эмс, охид ариун бол төр ариун” гэдэг. Өөр нэг утгаараа “эмс ариун бол цус ариун, түшмэд ариун бол төр ариун” гэдэг. Тэгвэл манай төр аль ч утгаар нь “ариун байх”-аа больсон бус уу?
Мөн Үндсэн хуульд Монгол хүн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах баталгаатай эрх эдэлнэ гэжээ. Хууль тунхаг шинжтэй дэмий хоосон зүйл болоод байгааг бид харж байна. Бидний ирээдүйдээ итгэх итгэл хомсдож, амьд явах баталгаа алдагдаад удаж байна.
Гадаа гарахаас айдаг боллоо. Үр хүүхдээ гадаа тоглуулах нь бүү хэл ойрхон газар ч ганцааранг нь явуулахаас айж байна. Хүн нь хүнээсээ айгаад зогсохгүй амьсгалах агаар, уух ус, идэх хоол, хүнснээсээ хүртэл айдаг боллоо.
Монголчуудад эрүүл, амьд явах баталгаа байна уу?
Монгол хүнд амьсгалах агаар, идэх хүнс, уух ус, амьдрах газар, хийх ажил олдох нь уу?
Бидэнд эх орондоо эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, цалингаараа сайхан амьдрах боломж байна уу?
Бидний хүүхдүүдэд сайн сайхан ирээдүй байна уу?
Үүний хариуг хэн өгөх ёстой вэ?
Модоо огтолж, усаа ширгээж, хар – шар алтаа ухаж, бэлчээрээ сүйтгэж, хөрсөө сэндийлж, ан амьтнаа устгаж байна шүү Монголчуудаа. Бүр гадныханд найр тавьж эх орноо худалдаж байна зарим нь. Иймд бидэнд экологийн аюул нүүрлээд байна.
Эцэг өвгөдөөс маань үеийн үед, үрийн үрд амиа тавин байж хойч үедээ үлдээсэн МОНГОЛ хэмээх аугаа их цогц “бүтээл” бүхэлдээ устах гэж байна. Үүнийг бид хараад сууж тэвчих үү?
Эзэн Богд Чингис хаан, эх болсон газар нутаг, хууль цааз, журам, түүх соёл, босоо монгол бичиг, морин хуур, уртын дуу, уран нугаралт, бие биелгээ, монгол гэр, монгол дээл, малгай, гутал, бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, айраг, идээ цагаа зэрэг нүүдэлчин монголчуудын түүхийн уртад бүтээсэн бүхий л үнэт зүйлсийг харийнхан өөрийн болгох гэж улайрсаар л… бид ч өөрсдөө үүнийгээ санаатай болон санамсаргүйгээр устгалцаж байна. Түүний цаана монголчууд бидний мөн чанар, язгуур эрх ашиг, цаашилбал эх орны тусгаар тогтнолд аюул учирч байна.
Хотын гудамжаар хуучин машинууд зогсоо зайгүй хөлхөлдөж, хэврэг байшингууд багтах зайгүй шавалдаж, баар цэнгээний газрууд багачууд, хүүхдүүдийг минь бөхөөж байхад үүнийгээ улс орны хөгжил мэтээр хаана хаанаа андуураад байх шиг байна.
Монгол хүнийг танихын аргагүй болжээ. Удам судар, эх түүхээ мэдэх нь бүү хэл эх хэлээрээ ч зөв ярьдаг хүн цөөрч байна.
Гадны урлаг, хувцас, соёл, боловсролын тогтолцоо, аж төрөх ёсыг хуулбарлан дуурайж, түүгээрээ хүнийг үнэлэх үнэлэмжийн шалгуур тогтоогоод яваа нь цаагуураа жинхэнэ монгол хүний үнэ цэнийг алдагдуулж байна.
Архи, тамхинд шунан дондсон эрчүүд олширч, ажилгүй залуучууд хөлхөлдөж байхад аанай л эмэгтэйчүүд, хүүхнүүд амьдралын ачааны хүндийг үүрсээр л зүтгэж байна. Айл гэрийн хамаг ажил л тэдний нуруун дээр байдаг. Ажил хийж мөнгө олоод ар гэрээ тэжээх, эр нөхрөө халамжлах, үр хүүхдээ хайрлах, гэр орноо цэвэрлэх, хоол ундаа хийх гээд борви бохисхийх завгүй зүтгэнэ.
Эмэгтэйчүүд эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн салбарын бүхий л ажлыг хийж байна. Нэг хэсэг нь хөдөө хөхөрч, гадаа гандаж ганзаганд явна, зах дээр зогсож наймаа хийнэ. Малаа маллаж жилийн дөрвөн улиралд бэлчээр сэлгэн нүүдэллэнэ…
Бүгдээрээ нэгэн жишээ татаж үзье. Хүнийг улс орон, өрх гэр гэж бодоё. Тэгээд баруун гар нь эрэгтэй хүн, зүүн гар нь эмэгтэй хүн гэж бодоё. Ганц гараар тэр бүр бүгдийг хийж болдоггүй, хоёр гар хоёулаа байж гэмээнэ ажлын бүтээмж сайн байдаг шүү дээ. Үүн лугаа адил улс гэрт эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэнцүү оролцоо хэрэгтэй. Гэтэл бодит амьдрал дээр эрчүүд та нар минь хаана явна даа? Бүгд эрвийх дэрвийхээрээ амьдралын төлөө зүтгэх биш, дарга, түшмэл болох гээд орчилдон тэмцэлдээд байх шиг.
Баян, хоосоны ялгаа та бидний нүдний өмнө улам бүр ил тод болж байна.
Энэ бүхэн хэнээс, юунаас болов ?
Бид 22 жилийн турш л ярьлаа. Энэ удаа ч гэсэн би энэ тухай ярьж байгаадаа харамсаж, төрийн эрх мэдэлтнүүдийн өмнөөс ичиж байна.
Жил бүр л ярьдаг юм аа ярина. Ажилгүйдэл, архидалт, өвчин зовлон… гээд бичээд байвал нилээн урт жагсаалт гарна.
Юу өөрчлөгдсөн юм бэ?
Төр засгаас эдгээрийг шийдвэрлэх нэрээр болсон болоогүй маш олон бодлого, хөтөлбөр, стратеги, концепци нэртэй, үл гүйцэлдэх, мөрөөдлийн ч гэмээр баримт бичгүүдийг үйлдвэрлэж дотоод, гадаадын сургалт, семинар, хурал цуглаан зохион байгуулж хөрөнгө мөнгө үрнэ. Дээр нь улс төрийн намууд сонгогч олонд таалагдаж сонгуульд ялахын тулд том том албаны үгээр бичигдсэн, ойлгомж муутай, хүрэх үр дүн болон хугацаа нь тодорхойгүй хирнээ хүний сэтгэл татахуйц сайхан амлалтуудыг өгдөг. Дараа нь тэднээс хэн ч биелэлтийг нь асуудаггүй, хариуцлага тооцдоггүй болохоор тэдэнд айж эмээх юм гэж үгүй. Тэд “Их удаж л дараагийн сонгуульд ялагдана биз. Гэхдээ манай ард түмэн цайлган цагаан итгэмтгий зантай болохоороо дахиад нэг сонгоод үзье, хийх байгаа гээд л биднийг сонгочихно, болохгүй бол сонгуулийн будлиан хийж байгаад ч болов ялна даа…” гэж боддог бололтой.
Эцсийн дүндээ юу ч өөрчлөгддөггүй.
Одоо манай төрд хар хайрцагны бодлого битгий хэл бодлогод нь залгамж чанар ч гэж байхгүй болохоор хэн дуртай нь юу хүссэнээ хийдэг болчихож.
Үнэндээ хөрсөн дээр цэцэг ургуулдаг биш, цаасан дээр цэцэг зурдаг хүн л олон болж.
Тэгвэл хэн хариуцлага хүлээх юм бэ?
1990 оноос хойш төрийн эрхийг барьж байсан болон барилцаж байсан улс төрийн хүчнүүд энэ бүхний хариуцлагыг үүрэх ёстой хэдий ч тэдэнтэй хариуцлага тооцох механизм өнөөдрийг хүртэл байхгүйгээс тэд улам бүр хүчээ авч өөрсдийгөө хамгаалсан бүхий л тогтолцоогоо өдрөөс өдөрт бэхжүүлсээр байна. Өөрсдийгөө түмэн олноос тусгаарлах хана хэрмээ босгосоор байна.
1990 онд монголын ард түмэнд олдсон тэр боломжийг бид яагаад алдчихав? Ийм өргөн уудам газар нутаг, байгалийн асар их баялагтай улс хэрнээ 3 сая хүрэхтэй үгүйтэй ард түмнийг яагаад хүний дайтай амьдруулж болдоггүй юм бол гэсэн асуултууд шил шилээ даран хөвөрнө.
Аргагүй дээ, ард түмэнд олдсон боломжийг авъяастай худалч, авхаалжтай хулгайч нар өрсөөд ашиглачихсан юм.
Төрөөс төрсөн хэдхэн тооны тэрбумтан олигархууд, тэдний жижигхэн хувилбар болох шат шатны цөөн тооны эрхтэн дархтангууд улс орноор маань тоглож, түмэн олныг минь туйлдуулж байна.
Тэд санаатайгаар нийгмийн олонхийг ядуу зүдүү байлгаж, өчүүхэн бага мөнгийг тэтгэмж болгон өгч байна. Түүгээрээ удирдан залж өөрсдийн гарыг харсан “нийгмийн тэжээлгэгч давхарга”-ыг бий болгож, ажилгүйдэл, ядууралд сөхрүүлж, дуулгавартай зарц-сонгогч-сонсогч болгохыг санаархаж байна. Тэдэнд эх орноос нь илүү эд баялаг, тансаг амьдрал, алт мөнгө хэрэгтэй.
Тэгвэл бидэнд эрх чөлөө, шударга ёс, тусгаар тогтнол хэрэгтэй. Бид эх орноо хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй хүмүүс.
Бидний үеийнхний үүрэг, хариуцлага алтнаас илүү үнэтэй. Монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болжээ. Энэ бүхэнд эмэгтэйчүүд бидний оролцоо ихээхэн хэрэгтэй байх нь дамжиггүй.
Монголчууд төрөөс төрсөн олигархууд болон худлаа амлаж хувиа хичээдэг хуурамч эх орончдоос салах цаг болжээ.
Та бид 2012 оны Улсын Их Хурлын болон орон нутгийн шат шатны сонгуульд шударга, хариуцлага үүрэх чадвартай, түмэн олныхоо төлөө нэгэн биеээ хайрлахгүй зүтгэх жинхэнэ шалгарсан эх орончдыг сонгож, төр засгаа бүрдүүлж чадах ахул улс орныхоо ирээдүйн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулах болно.
Энэ сонгуулийн дүнгээр бидний ирээдүй, улс орны тусгаар тогтнол тодорхойлогдох болно гэдгийг бүгдээрээ ухаарцгаая. Энэ удаагийн сонгууль бидэнд зөв сонголт хийх түүхэн боломжийг олгож байна.
Учир иймд Монголын Ардчилсан Холбооны эмэгтэйчүүд бид нийт сонгогчиддоо хандан “зөв цагт нь зөв сонголтоо хийх”-ийг уриалж байна.
Та бүхэнд сайн сайхныг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.