Тайзнаа Д.Туяа, Ц.Ариунаа, Н.Дариймаа, Р.Доржхорлоо нар П.И. Чайковскийн “Евгений Онегин” дуурийн нэгдүгээр үзэгдэлд тоглон Ш.Наранчимэг “Тоска” дуурийн Тоскад хувиран, Ц.Ариунаа “Трубадур”-ын Азученнаг амилуулсан бол Ө.Уянга “Травиата” дуурийн Виолетта болж, Р.Доржхоролоо “Кармен” дуурийн Хабанерагийн ариг эгшиглүүлсэн. Гайхалтай есөн бүсгүй, есөн өөр өнгө, есөн сайхан цээл хоолой. “Энэ л ари, дуунуудыг Х.Уртнасан гуайн залуу насандаа амьдруулж байсан, сайхан шүү” хэмээн үзэгчид өөр хоорондоо ярих нь сонсогдоно. Тийм ээ, хагас зууны түүхтэй дуурийн театрын түүхийг бичилцэж яваа, Монголдоо болоод дэлхийд данстай энэ цагийн дуурийн хатан хааны түүхийг түүний залгамж халаа болсон залуу дуучид цааш нь үргэлжлүүлэн бичилцэнэ. Тайзнаа түүний гэрэл зургийн цомог хөврөн “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Санд дуулж байсан бичлэг нь эгшиглэсэн юм. Сонгодог үдшийн бас нэгэн гэнэтийн бэлэг бол эрэгтэй гоцлол дуучид байлаа. Тэд түүний дуулж амьдруулсан Б.Шаравын хөгжим, Т.Галсангийн үг “Аав, ээж хоёр минь” дууг дуулсан.
“Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав минь ээ…” хэмээн эгшиглэх нь дан сопрана хоолойн дунд шигтгээ болон танхимыг доргиох шиг болсон шүү. Х.Уртнасан гуайд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав гуай цэцгийн баглаа өргөн барьж хүндэтгэл үзүүлсэн.
“Primadonna сонгодог есөн өнгө” тоглолтод соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров болон Х.Уртнасан гуайн өсч, төрсөн Булган нутгийнхан, түүний үе үеийн шавь нар, найз нөхөд, шүтэн бишрэгчид нь цугласан. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай Х,Уртнасан гуайн тухай “Би түүнийг сайн мэдэхгүй байсан. 1970-аад оны төгсгөлд Х.Уртнасан надад өөрөө хэн бэ гэдгээ мэдүүлсэн. Тиймээс XX зууны төгсгөлийн гол төлөөлөгч, гол ачаа үүрэгч, XXI зууны гол хөтлөгч нь болж байна. Х.Уртнасанг магтвал үнэхээр үг илүүднэ. Монголын дуурийн дуучдаас анх удаа 1984 онд зохиолын дуугаар концерт хийж байсан. Түүнээс хойш дуучид зохиолын дуу дуулдаг болж. Тэрбээр дэлхийн театр эмэгтэй дуучдынхаа магнайд нь очиж дуулж байсан. Энэ театртаа хамгийн хэцүү давааг нь давж байсан. Өнөөдөр тэрбээр монголын дуучдыг бэлтгэх хоёр дахь том үе шатандаа орж, асар том үүрэг хүлээсэн. Театр бол мөнхийн зүйл. Мөнхийн байгаа учраас мөнхөд дуурсагдах энэ дуучнаа магтан дуулах нь тэдний ариун үүрэг. Үүнийг дуулж байгаагаараа өнөөдөр Уртнасан хэн байж вэ гэдгийг сонсох болно. Уртнасангийн дараа ямар театр үлдэж вэ гэдгийг ч сонсох болно. Түүний ирээдүй болсон энэ театр хаана яван гэдгийг ч сонсоно. Уртнасан бол манай дуурийн таетрын сүүлийн хагас зууны мэдээлэл, сан, бүх зүйлийг тээгчийн нэг юм” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Мөн Монголын дуурийн урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хагас зууны түүхтэй Монголын дуурийн урлагийн түүхийг бичилцэж яваа дэлхийн болон Монголын шилдэг дуурийн найруулгыг хийсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган сонгодог үдэшт ирсэн байсан бөгөөд тэднийг хамтдаа байхыг харсан үзэгчид дуурийн хаан, хатан хаан хоёр хэмээн өргөмжилж байсан шүү.
“Primadonna сонгодог есөн өнгө” өргөмжлөгдөн хатан хааны сэнтийд заларсан Х.Уртнасан гуайд дуу бүрийн төгсгөлд үзэгчид суудлаасаа босон баярласан сэтгэлээ илэрхийлж байсан. Энэ л танхимд хурсан олон түүний есөн эрдэнэ мэт шавь нарт нь болон “тэргүүн хатан”-д алга ташилт харамгүй хайрлаж байлаа. Алга ташилт, хайр хүндлэлд умбасан энэхүү тоглолт “Есөн эрдэнэ” дуугаар өндөрлөсөн.
Тэрбээр эх орныхоо хөрсөнд гялалзан байгаа есөн эрдэнийг бидэнд илгээн тэднийг ундлан тэтгэсэн агуу дуучин билээ. Дэлхийн болон Монголын сонгодог аялгуу цалгисан энэ л алтан тайзнаа дуурийн хатан хаан мэхийн хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ жил Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жил, дуурийн гоцлол дууны ангийн 60 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд “дуурийн хатан хаан” Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан гуайд ийнхүү хүндэтгэл үзүүллээ.