
МоАХ-ны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний II чуулган Төрийн ордны Их танхимд болж байна. Тус хуралдаанаар эмэгтэйчүүд нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, монгол хүн эрүүл байхын тулд хэнээс эхлэн анхаарах вэ гэдгийг энэ удаад хөндлөө. Эмэгтэйчүүдийн хувьд ураг эхийн хэвлийд бүрэлдэж, хүүхэд өсч бойжин төлөвших хүртэл нь онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Тодруулж хэлбэл, хүүхдийн эрүүл мэндэд анхаараад зогсохгүй, төрөөс төрөх насны эмэгтэйчүүдэд онцгой анхаарах шаардлага байна гэж хэлж буй юм.
МоАХ-ны гишүүн Г.Баасан хэлэхдээ “Одоогоос 22 жилийн өмнө ардчилсан нийгэм шударга ёсны төлөө тэмцэж байсан бүсгүйчүүд өнөөдөр цуглан нийгэмд тулгараад байгаа, ард түмний сэтгэл санааг шалгаж байгаа олон асуудлыг таслан зогсооход нийтийн төлөө нэгэн биеэ хаяж чаддаг, бүсгүйчүүд дорвитой шийдвэр гаргаж, дуу хоолойгоо нэгтгэж нийгмийн сайн сайхны төлөө хошуучлан ажиллах багц шийдвэр гаргана гэж бодож байна” гэсэн юм.
МоАХ-ны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний II чуулганд 21 аймаг есөн дүүргээс 500 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Г.Дарь