Өсвөрийн сурвалжлагчид усны аянд нэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сурвалжлагчид усны аянд нэгджээ

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Усны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёоны бүсийн салбар, Ховд Буянт голын сав газрын зөвлөл хамтран “Цэнгэг хүрэлцээтэй усыг хойч үедээ өвлүүлье” хэмээх аян өрнүүлж байна. Тус аянд Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст Алтай” сургууль, Жаргалант сумын 3, 6-р 12 жилийн сургуулийн өсвөрийн сурвалжлагч хүүхдүүд оролцож Ховд хотын усан хангамжаас ус хэрэглэж, ашигладаг нийт 100 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцанд судалгаа хийж, усны алдагдлыг бууруулах уриалга гаргаад байна. Өсвөрийн сурвалжлагч хүүхдүүд Ховд аймгийн усан бассейн, “Ховд” их сургуулийн оюутны байрууд дээр очиж танилцсан байна. Хүүхдүүд төслийн газруудаас хэвлэн гаргасан “Амьдрал нэг л олдоно, харин ус бол амьдрал”, “Та аяганд ус хийж шүдээ угааж заншвал өдөрт 10 л, сард 300 л, жилд 3600 л ус хэмнэнэ”  гэсэн сурталчилгааг усны цорго, суултуур, халаалтын паарнаас ус алдаж байгаа цэгүүд дээр наажээ. Хүүхдүүд дөрвөн баг болж, судалгааны дүн гаргаж, усны алдагдал үүсгэж байгаа газрууд дээр “Байгаль” сэтгүүлч клубын сэтгүүлчидтэй хамтран сурвалжлага хийж, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх юм байна. Усны аян цаашид үргэлжилж, усны алдагдал зогсоох ажлыг “Шим ус” компанийн ажилчидтай хамтран гүйцэтгэх ажээ. Мөн уран илтгэлийн уралдаан, хүүхдийн жүжигчилсэн тоглолт бэлтгэн цэцэрлэгийн дүү нартаа тоглож үзүүлэх гэнэ.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж