Кремлийн санхүүжилтээр бүтсэн “Наймдугаар сарын 8” нэртэй кино хойд хөршид өнгөрсөн сарын сүүлчээр нээлтээ хийснээс хойш багагүй шуугиан тарьж байна. Уг кино 2008 онд Орос, Гүржийн хооронд болсон дайны тухай өгүүлдэг юм.
Өнгөрсөн онд Гүрж улс Холливудын найруулагч Рэни Харлиг найруулагчаар ажиллуулан, жүжигчин Энди Гарсияг Ерөнхийлөгч Саакашвилийн дүрд тоглуулан “Наймдугаар сарын тав хоног” хэмээх киног бүтээн дайнд Оросын талыг буруутган харуулсан. Үүний хариу болгон Оросууд өөрсдийн хувилбарыг ийнхүү бүтээж, дайны галыг Гүрж улс эхэлсэн болохыг сануулав.
Албаны эх сурвалжийн өгүүлснээр “Наймдугаар сарын 8” кино 10 сая ам.доллараар бүтсэн бөгөөд энэ зардлын 90 хувийг Кремль гаргажээ. Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Энэ кино үнэнийг хүмүүст өгүүлж буйгаараа онцгой чухал” хэмээн дүгнэлээ.