Ж.Энхбаярын хүртсэн сургамж

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаярын хүртсэн сургамж

“Сонсогч” байх үедээ сонссон цэргийн номлол нь философийн хувьд өөрчлөгдөж, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын бодлого иргэнлэг болж өөрчлөгдсөнийг мэдрээгүй явсан Ж.Энхбаяр эхний сургамжаа авлаа.

Мэргэн буучдыг зэвсэгт хүчний бодлогын хүрээнд бэлтгэж ирсэн нарийн ширийнийг ил тод зарлаад зогсохгүй, тэднийг иргэдийн жагсаал цуглааны үед ашиглана гэсэн мэдэгдлийг хийж, энгийн олныг сандаргаад авсныхаа хариуцлага дээр тэр буув. Түүний энэ итгэл үнэмшлээс эмээсэн сөрөг хүчнийхэн түүнийг огцруулах асуудлыг босгож ирсэн нь эцсийн дүндээ Ж.Энхбаярт эртээдхэн Ерөнхийлөгчийн зүгээс сануулаад байсан “зангараг” гээч нь чухам юуг хэлээд байсныг ойлгуулах шиг боллоо.

Ам алдсан үгнийхээ араас ахиад л хадуурч, “МАН олонхи, МАН өөрийн бодлогоо хэрэгжүүлэх эрхээ авсан. Хэн ч бүү саад бол” гэж хэдэрлэсэн нь хатуудчихав уу? Олонхийг хянаж байдаг цөөнхийн хяналт гэдэг тоглоом биш аж. “Бүхний дээр оршигч нам минь намайг хамгаална” гэсэн итгэл дээр нь эргэлзээ тээсэн хүндхэн өдрүүд түүнийг угтах нь. С.Батболдын Засгийн газар нөхөн томилгоо хийхдээ тухайн албанд тэнцэх, үгүйг нь үл харгалзан фракц, бүлэглэлийнхээ эрх ашгийг тэнцэтгэсэн томилгоо хийхийг чухалчилсны золиосонд Ж.Энхбаяр өртчихлөө. Сайдын албан тушаал дээр үлдэх, эсэхээр тогтохгүй улсын нууц задруулсан хэргээр шүүхэд дуудагдаж ч мэдэхээр нөхцөл байдал түүнийг тосч байгааг УИХ-ын гишүүд баасан гаригт түүнд санууллаа. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “МАН-ын энэ удаагийн томилгоо хөнгөдсөнөөс болоод хайран залуу ингээд шүүх рүү ч явчихаж мэдэх нь байна шүү” гэж хэлсэн нь үг санаандгүй зүйл биш. Харин ч нөхцөл байдлыг харж, тооцоолсон үг биз ээ.

Түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Н.Энхболд, Ц.Нямдорж нарын МАН-ын гишүүд “Ж.Энхбаярын хийсэн мэдэгдэл итгэл үнэмшил нь биш юм шүү. Батлан хамгаалахын сайдад иргэдийнхээ эсрэг зэвсэгт хүчнийг ашиглах эрх хуулиар байхгүй” гэж хаацайлсаар, энэ удаад нөмөр болоод өнгөрөв. Гэхдээ л нэгэнт хэвлэлүүдээр нийтлэгдэж, улс орон даяар цацагдсан Ж.Энхбаярын мэдэгдэл “ам алдвал барьж болдоггүйн” нэг адилаар араасаа хариуцлага дагуулах ёстой алхам гэдэг байр суурь дээрээ АН-ын бүлгийн гишүүд бат зогссоор үлдлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний тухай хуульд “иргэдийн эрх, зүй ёсны ашиг сонирхлын эсрэг зэвсэгт хүчнийг ашиглахыг хориглоно” гэдгийг тодорхой бөгөөд хатуу заасан байдгийг Ж.Энхбаяр эхлээд сайтар судалж мэдэх ёстой байж. Төрийн эрхийг хэнд шилжүүлэхийг ардчилсан оронд иргэд нь шийддэг. Энэ үйл явцыг сонгууль гэх бөгөөд сонгох эрх нь зөрчигдөж буй эсэхэд иргэд хяналт тавих, хэл үг гаргах эрх чөлөөтэй. Иргэдийн зүй ёсны ашиг сонирхол гэж үүнийг хэлнэ. Тэгвэл ийм үйл явцыг таслан зогсооход зэвсэгт хүчнийг ашиглаж болно гэж нэг бус удаа тайлбарласан Ж.Энхбаярын итгэл үнэмшилтэй эвлэрэх ёстой гэж үү? Яагаад ийм мэдэгдэлд ямарваа нэг хариуцлага тооцохгүй өнгөрөх ёстой гэж?! Ийм зүйлээр оролдож болдоггүйг сануулсан Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарын өргөн мэдүүлсэн “огцруулах санал” Ж.Энхбаярт том сургамж боллоо.

“Мэргэн буучдыг Л. Болд сайдын үеэс бэлтгэж байсан” гэх мэдээлэл хийснийг нь  ташаарал гэж хариу мэдэгдсэн Батлан хамгаалахын сайд асан Л.Болдоос тэрбээр чуулганы танхимд уучлалт гуйсан. Гэхдээ долдугаар сарын 1-нийх үйл явцад зэвсэгт хүчний мэргэн буучдыг оруулах тухай яриандаа ямар ч “залруулга” хийсэнгүй. Үүнийхээ өөрийн итгэл үнэмшил үү, эсвэл төөрөгдөл үү гэдгээ тодруулсангүй. Дэндүү мэдээжийн буюу “хуулиар тийм эрх Батлан хамгаалахын сайдад байхгүй” гэдэг тайлбарыг л албан ёсоор өглөө. Хуулиас давсан зүйлийг амнаасаа давуулж чадсан нь баримт. Үүнийхээ төлөө уучлал гуйгаад сайн дураар огцрох саналаа тавьсан бол улстөрчийн хувьд ёс суртахуун, эр зоригийн илэрхийлэл болох байлаа уг нь.

Монгол Ардын нам бодлогын хүрээнд ярилцан тохиролцож, “Долдугаар сарын 1-нд хүчирхийлэл өдөөх гэж байна” гэдэг улстөрийн дүгнэлтийг зарим гишүүд хийж байгааг МАН-ын бүлгийн гишүүд үгүйсгэсэн. Гэхдээ МАН-ын томилсон сайд тийм итгэл үнэмшил илэрхийлсний хариуцлагыг нам нь ч бас хүлээх л ёстой. Харин МАН энэ удаад эл үйлдлийг өмгөөлөөд гарлаа. Тэр ч бүү хэл “УИХ хэн нэгнийг огцруулах бичиг өргөн барьж байдаг зарлалын самбар шиг болж хувирлаа” гэдэг үгийг Ц.Нямдорж гишүүн чуулганы танхимаас мэдэгдлээ. Цөөнх нь олонхио хянадаг, ард түмэн нь эрх мэдлээ парламентаар дамжуулан хэрэгжүүлдэг ардчилсан засаглалыг бид аль 20 жилийн өмнө сонгосон. Энэ л зүй ёсны эрх чөлөөг маань үгүйсгэн буруутгана гэдэг эцсийн дүндээ “төр хүчирхийлэгч, дарангуйлагч” болж хувирахыг дэмжиж байгаагаас ялгаагүй хэрэг шүү дээ.

Тийм мэдэгдэл хийсэн сайдаа ийм үгээр хаацайлаад сууж байгаатай тэгээд эвлэрье гэж үү?! Юутай ч Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд хэвээрээ үлдлээ. Харин тэр сургамж авсан болов уу. Итгэл үнэмшлээ өөрчилж чадах уу?!

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж