Азийн оюутны эмэгтэй волейболын аварга шалгаруулах II тэмцээний анхдугаар хэвлэлийн хурал өнгөрсөн бямба /03.10/ гаригт боллоо. Уг хуралд Азийн оюутны спортын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, тэмцээний техникийн төлөөлөгч, Азийн волейболын холбооны шүүгчдийн комиссын гишүүн Япон улсын иргэн Ёшихарү Нишиваки, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар болон волейболын холбооны шүүгчид оролцсон юм. Энэ удаад анхдугаар тэмцээний аварга Тайланд, мөн зохион байгуулагч Монголоос гадна Хонконг, Казахстан, Киргизстан, Малайз гэсэн зургаан орон оролцохоор эцсийн байдлаар мэдүүлэгээ өгчээ. Хэвлэлийн хурлын үеэр Д.Жаргалсайхан дарга хэлэхдээ “Тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ 65 хувьтай явж байна гэж дүгнэлээ. Тэмцээн Буянт-Ухаан дахь Спортын шинэ ордонд болно. Харин тамирчид Спортын төв ордон болон МУИС-ийн Эдийн засгийн сургуульд тус тус бэлтгэлээ базааж, “Цэцэг” зочид буудалд байрлана. Тэмцээнийг олон улсын стандартад нийцсэн Жефлор шалан дээр явуулна. Шал маань даваа гаригт ирэх юм” гэсэн мэдээллийг өглөө. II тэмцээнд оролцох зургаан баг олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу тойргоор тоглох бөгөөд I, II байр эзэлсэн багууд хоорондоо аваргын төлөө, харин III, IV байр эзэлсэн нь хүрэл медалийн төлөө тоглоно. Монголын шигшээ, урьдчисан байдлаар “Энагура”, “Уурхайчин”, “Эрчим”, “Тэнүүн Огоо” багуудын 22 тамирчнаар бүрдүүлсэн. “Хангарьд” дахь нэгдсэн цугларалт дууссаны дараа тэднээс 12-ыг нь эцсийн байдлаар сонгон шалгаруулах ажээ.
Сугалаа явагдлаа
Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын II тэмцээний сугалаа энэ өдөр явагдлаа. Сугалаа сугалах ёслолыг Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх удирдан явуулсан юм.
- Киргизстан
- Малайз
- Казахстан
- Монгол
- Хонконг
- Тайланд гэсэн дараалалаар сугалаа таарсан бөгөөд олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу эхний тоглолт Киргизтан, 2009 оны Азийн аварга Тайландын багуудын хооронд болно. Харин хоёр дахь тоглолт Малайз, Хонконгийн шигшээ багуудын дунд өрнөх юм. Эхний гурван тоглолтын төгсгөлд талбайн эзэн Монгол, Казахстаны хүчтэй багтай өрсөлдөнө.
БТСГ-ын дарга Ч.Наранбаатар төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Тэмцээнийг зохион байгуулах хорооны орлогч дарга, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар бэлтгэл ажилтай танилцахаар ирсэн Азийн оюутны спортын холбооны төлөөлөгч, БНХАУ-ын иргэн Шүй Хуй, тэмцээний техникийн төлөөлөгч, Азийн волейболын холбооны шүүгчдийн комиссын гишүүн Япон улсын иргэн Ёшихарү Нишиваки нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төлөөлөгчид бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, МУИС-ийн бэлтгэлийн заалны асуудалд анхаарал хандуулж, тамирчдын эрүүл мэндийг нэгдүгээрт тавихыг анхааруулж, хүссэн юм. Хариуд нь БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хэлэхдээ “Бид тэмцээнийг өндөр зохион байгуулалт дор хийхээр хичээж байна. Зохион байгуулах хорооныхон тамирчдын эрүүл мэнд, зохион байгуулалт гээд бүх тал дээр сайн ажиллаж байгаа. Бидэнд зөвлөгөө өгч, тэмцээнээ амжилттай зохион байгуулъя. Та бүхнийг ирсэнд баяртай байна” гээд Монголд тавтай морилохыг хүслээ.