Нефтийн хямралаас хэрхэн гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Нефтийн хямралаас хэрхэн гарах вэ?

Энэ асуултад Эдийн засгийн форумд оролцогчид өөр өөрсдийн өнцгөөс тайлбар өгсөн юм. Монголын Эдийн засгийн форум дээр хэлэлцсэн олон асуудлаас хамгийн сонирхолтой нь “Нефтийн хямралаас гарах гарц” гэсэн хэлэлцүүлэг байлаа. Одоо энэхүү хуралдаан дээр яригдсан асуулт, хариултыг дэлгэрэнгүй хүргэе.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:

Нэгдүгээр сард нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд нийгмийн бухимдал бий болж, улс төрийн тогтворгүй байдал хүртэл бий болохоор байдалд хүрлээ. Тэгэхээр бидний ингээд хэлэлцэж,  асуудалд анхаарлаа хандуулж байгаа нь зайлшгүй ярих ёстой зүйл гэдгийн илрэл юм. Нэгдүгээр сарын үнийн нэмэгдлийн шалтгааныг оросууд манайхыг шахах гэсэн явдал гэвэл үнэмшилгүй. Тэгвэл манай импортлогчид дотроо нэмээд байна уу гэвэл бас үгүй.

Нефтийн хямралаас гарах гарц эрж хайж, зарим нь импортыг төр мэдэлдээ авбал яасан юм гэсэн шийдлийг ярьж байгаа. Миний хувьд төрийн хэт өмчлөлийн эсрэг байр суурьтай байдаг хүн. Төрийн өмч хаана байна тэнд хамгийн их авилгал байдаг. Ер нь төр зохицуулах  үүрэгтэй болохоос бизнест оролцох ёсгүй. Гол нь компаниуддаа хяналтаа сайн тавих хэрэгтэй. Тэгж байж л манай зах зээлийн орчин сайжирна гэж ойлгодог. Бусад орнуудын түүхийг хараад байхад төр нь бизнест оролцох гээд хэдэн арван жил оролдсон байдаг. Тэгээд эцэст нь ерөөсөө болохгүй юм байна. Энэ нь төрийн том том гэмт хэрэгтнүүдийг л бий болгодог юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Мөн сүүлийн үеийн судалгаагаар манайд бусад орнууд атаархмаар их нүүрс, занарын нөөцтэй гэж тогтоогдоод байгаа. Ийм бололцоогоо маш шуурхай ашиглах л хэрэгтэй байна.

Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Сарангэрэл:

2017 он хүртэл газрын тосны салбарт Засгийн газраас баримтлах бодлого гарсан. Эхлээд хайгуул олборлолтоо нэмэх хэрэгтэй. Дараа нь хэрэв хангалттай хэмжээнд газрын тос байна гэж үзвэл боловсруулж, тодорхой хэмжээгээр дотоодын хэрэглээгээ хангана гэж уг баримт бичигт тусгасан байгаа. Гэхдээ энэ хооронд газрын тосны бүтээгдэхүүн импортлох нь тодорхой. Харин импортоо урт хугацаанд тогтвортой хийхийн тулд Засгийн газрын түвшинд гэрээ хэлэлцээр хийе гэж байгаа. Мөн оруулж ирж байгаа эх үүсвэрүүдээ нэмэх талаар дээрх бодлогод тусгасан.

Сэтгүүлч М.Оюунчимэг:

Олон жилийн турш эхлээд төрийн төлөөлөгч  очиж хэлэлцээр хийгээд, дараа нь импортлогч байгууллагууд нь бизнесийхээ хүрээнд оруулж ирдэг энэ зарчмаар явж байгаа шүү дээ. Гэтэл шатахууны үнэ өссөөр байна. Үүний эсрэг татвараа бууруулах бодлого барьж явсаар байгаад өнгөрсөн оны долдугаар сар гэхэд гааль болон онцгой албан татвараа тэглэчихсэн. Хэрэв дахиад Оросын талаас үнэ нэмэгдээд ороод ирвэл шатахууны үнэ дахиад өсөх үү?

НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Халиунбат:

Шийдлийг урт дунд болон богино хугацааны гэж ангилж ярилцах хэрэгтэй. Боломж хувилбарууд нэлээд хэд бий л дээ. Газрын тосны нөөцөө нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэр байгуулах, мөн нүүрс, занарын төсөл гэх мэтчилэн. Гэхдээ энэ бол урт хугацааны стратегийн асуудал юм. Бид ойрын хоёроос гурван жилдээ импортлогч улс байх нь тодорхой. Тэгэхээр энэ талаараа эхлээд сайн ярих ёстой. Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Нефтийн бүтээгдэхүүн цаг минутаар үнэ нь өөрчлөгдөж байдаг. Харин манайд жилдээ 2 юм уу 3 удаа л өөрчлөгдөж байгаа. Энэ нь харьцангуй тогтвортой барьж байна гэж хэлж болохоор дүн юм. Ойрын 2- 3 жилдээ бол үнийг хатуу тогтоож барих боломж байхгүй. Хүмүүст нэг буруу ойлголт байгаа. Төр нь очоод оросуудтай ярьчихвал үнэ хямдарчих юм шиг бодоод байдаг. Гэтэл энэ нь эргээд маш том бооцоог тавих шаардлагыг бий болгодог. Бид та нарт ийм юм өглөө, та нар харин яах гэж байна вэ гэсэн асуудал тавьдаг. Өнгөрсөн оны зургадугаар сард Эрдэс баялаг, эрчим хүчний сайд очоод ярихад өмнөөс  нь зөрүүлээд маш том төслүүдийн талаар ярьсан. Үнэхээр Засгийн газар ийм хэмжээний бооцоо тавиад тоглоё гэвэл нээлттэй л дээ.

ЭБЭХСайдын зөвлөх А.Ундраа:

Гол нь хараат байдал гэдэг нь нэг улсаас бараг 100 хувь авч байгааг л хэлээд байгаа юм. Тэгэхээр авч байгаа эх үүсвэрүүдээ нэмэх нь нэг арга зам. Энэ хараат байдлаас бүрэн гаръя гэвэл өөрсдөө шатахуунаа үйлдвэрлэдэг л болох хэрэгтэй. Шатдаг занар, метаны хий зэргийг ашиглах хэрэгтэй. Гэхдээ энэ нь шинэ салбар учраас хууль эрх зүйн орчноо тодорхой болгох хэрэгтэй. Ашигт малтмалын хуулиар зохицуулагдах уу, Газрын тосны хуулиар зохицуулагдах уу гэх мэт. Ер нь экспортолдог болох ч боломж потенциал бол манайд ирээдүйдээ байгаа.

ҮХШХ-ны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодогын газрын дарга Б.Ганбаатар:

Эрчим хүчний аюулгүй байдал аливаа улсын анхаарлын төвд байдаг асуудал. Яах аргагүй ойрын болон урт хугацаанд яах вэ гэж салгаж авч үзэх хэрэгтэй. Ойрын хугацаанд бол төрийн нөөцийг бий болгох нь чухал. Урт хугацаандаа мэдээж өөрсдийн нөөцийг ашиглаж эхлэх хэрэгтэй. Сүүлийн үеийн мэдээллээр олборлож гаргаж байгаа газрын тос 10 хувийг л хангахаар хэмжээнд байгаа. Үүнийг ядаж 30 хувь болгоод дотоодын хэрэглээний тодорхой хувийг хангаж эхлэх хэрэгтэй. Гол нь яаравчлах нь чухал юм. Үүнээс цаашлаад тэр нүүрс шингэрүүлэх болон био түлш ч гэдэг юм уу эдгээр технологийг оруулж ирэх шаардлагатай. Гэхдээ сайн судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй.

Доктор Эрдэнэбат:

Германчуудын хийсэн судалгаагаар Монгол улсад зарагдаж байгаа дизелийн үнэ Ази, Номхон далайн орнуудын дунд хамгийн өндөр нь гэж гарсан. Бензин ч мөн адил хэдхэн орныг эс тооцвол манайд бараг хамгийн өндөр нь гэсэн дүн гарсан. 1998 онтой харьцуулахад бензиний хэрэглээ 80 хувь, дизелийн хэрэглээ 4 дахин өсчихөөд байгаа. Цаашдаа улам өсөхөөр харагдаж байна. ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад нэгдлээ. Тиймээс бид хамгийн богино хугацаанд Дэлхийн худалдааны байгууллагын тавцанг ашиглаад, сайн нөхцөлтэй гэрээ байгуулж болохоор харагдаж байна.

Академич Т. Намжим:

Сүүлийн 5 жилд шатахууны үнэ 2 дахин өссөн. Үүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн 2 дахин өссөн. Цаашдаа ийм байсаар байвал гадаадын хөрөнгө оруулалт зэрэг асуудалд бэрхшээл болох болно. 100 хувь бэлэн шатахуун импортолдог улс бараг ганц Монгол байх. Бусад нь ямар нэг хэмжээгээр боловсруулдаг. Хараат байдлаас гарах ганц гарц бол газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр байгуулах явдал юм. Мөн нүүрснээс шингэн түлш гаргах гээд байгаа. Энэ нь маш өндөр зардалтай. Нефтийг 350 градуст халааж боловсруулдаг бол нүүрсийг 1400 градуст халааж байж хийжүүлнэ. Тэгэхээр үүнийг яаж хийх вэ гэдэг бол том асуудал.
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны СТГ-ын орлогч дарга Ж. Жаргалсайхан:
Энэ талаар 10 гаруй жил ярилаа. Шалтгааныг нь гаргаж ирэх хэрэгтэй байна. Боловсруулах үйлдвэр байгуулах гээд бас олон жил ярьсан. Яг хаанаа гацаад байна вэ гэдгийг тогтоож шийдвэр гаргалт болон ажлын үйл явцыг тургэвчлүүлэх хэрэгтэй.

НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Халиунбат:

Яг одоогийн энэ шатахууны үнэтэй харьцуулахаар тэр үйлдвэрүүд ашигтай харагдаж байгаа. Гэтэл Оросын энэ их татвар ерөнхийдөө улс төрийн шалтгаанаар тавигдаад байгаа. Энэ нь байхгүй болчихож болох юм. Тэгвэл эргээд үйлдвэрүүд эдийн засгийн хувьд ашиггүй тусахаар ч байж болно шүү дээ. Тэгэхээр өмнө нь яагаад үүнийг хийж болохгүй байсан бэ гэдгийг иргэн хүнийхээ хувьд бас судалж үзсэн. Тэр үед боловсруулах үйлдвэр барих нь шатахуун худалдаж авснаасаа эдийн засгийн хувьд ашиггүй л байсан. Үүнийг сайн бодолцож үзэх хэрэгтэй.

Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Сарангэрэл:

1997 оноос хойшх хайгуулын ажиллагаагаар ноднин л нөөц тогтоогдож эхлээд байгаа. Одоогоор хоёрхон газар нөөц тогтоогдоод байна. Боловсруулах үйлдвэр барихын тулд нөөцөө эхлээд тогтоох хэрэгтэй. Тиймээс өнгөрсөн хугацаанд ийм боломж байхгүй байсан.

Баянхонгор аймгийн ХАҮТанхимын мэргэжилтэн  Г.Энхтүвшин:

Барилга, уул уурхайн үйлдвэрлэл, газар тариалангийн цаг эхлэх гэж байна. Тэгэхээр энэ жил өнгөрсөн жилийх шиг эрсдэл гарч болзошгүй. Энэ тал дээр ямар бэлтгэлтэй байна вэ?

Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Сарангэрэл:

Энэ жил дахин ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр компаниудын нөөцийг нэмэгдүүлэхийг сануулж байгаа. Мөн төрийн нөөцтэй болох тал дээр тодорхой хэмжээний ажлуудыг хийж, төсөв бүрдүүлж байгаа. Мөн дээр нь ийм асуудал гарвал бусад компаниас шатахуун авах талаар гэрээ хийгдэж байгаа. ОХУ-д манайхтай адилхан газар тариалангийн улирал нь эхэлнэ. Тиймээс бид болгоомжтой байх хэрэгтэй.

“Монголын алт” компанийн зөвлөх Д.Содном:

Үнэхээр хараат байдлаас гаръя гэж байгаа бол өөрийн нөөц болон боловсруулах үйлдвэрийн тухай ярих ёстой. Түүнээс биш яаж нэг амь зуух вэ гэсэн тулга тойрсон зүйл яриад байж болохгүй.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:

Уул уурхайн компаниудын авч байгаа шатахуунд татварын хөнгөлөлтүүд бас үйлчилж байгаа. Хэрэв уул уурхай ашигтай байгаа бол тэр татваруудаа авч байвал яасан юм бэ. Мөн хэрэглээний асуудал дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй. Улаанбаатар хотын энэ их бөглөрөл нь шатахууны үнээсээ хамаараад бидний амьдралыг доош нь татаад байна уу даа гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл дотоод зохицуулалтаа бид буруу хийж байна.

Эдийн засагч Д.Сүх-Эрдэнэ:

Үр ашиг гэдэг нь зөвхөн эдийн засгийн хувьд байдаг юм биш шүү дээ. Нийгмийн болоод ногоон хөгжлийн үр ашиг гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Түр эдийн засгийн ашиг гэдгээ орхивол яасан юм бэ? Өөрөөр хэлбэл энэ талаар бодох сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна.

“Монгол” дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг:

Нарны эрчим хүчийг ашиглах гэдэг бол ирээдүй юм. Бензин хэрэглэхгүй болох нь байна шүү дээ. Энэ бол хамгийн сайн энерги. Нарны болон салхины энергийг акумляторт хуримтлуулаад, тэр нь долоо хоногоо ч юм уу даагаад явчихдаг. Энэ тал руугаа хүч хаяж судалгаа хийх хэрэгтэй байна.

Төмөр зам тавих асуудал бас байна. Тянжинь руу ч юмуу шууд төмөр зам тавьчихвал тэндээсээ бүтээгдэхүүн оруулж ирэх боломжтой.

“Женерал Электрик” компаний суурин төлөөлөгч Ц.Түмэнцогт:

Одоо шав тавиад байгаа үйлдвэрүүд түүхий эдээ хэрхэн шийдвэрлэх гэж байгаа юм бол, мөн хэдий хугацааны дараа үйлдвэрлэлээ явуулж эхлэх боломжтой юм бэ?

П. Сарангэрэл:

Тусгай зөвшөөрлөө авчихаад байгаа компаниуд импортоор түүхий нефтиэ авахаар төсөл боловсруулсан байгаа. Импортоор түүхий эд ээ аваад томоохон хэмжээний, гарц сайтай үйлдвэр барихыг төрөөс дэмжиж байгаа. Одоо тэдгээр компаниуд үйлдвэрээ барих л үлдээд байгаа.

ҮХШХ мэргэжилтэн  Б. Ариунбаяр:

Хараат байдлаас гарахын тулд төрөөс дэмжлэг үзүүлж, мөнгө хаях хэрэгтэй. Тэрнээс биш ашиг яриад компаниудад орхичиж болохгүй асуудал болов уу гэж бодож байна.

Доктор Х.Владимир:

АНУ, Франц, Япон гэх мэт орнууд хий, нарны энерги рүү шилжээд эхэлчихлээ. Монголын хэрэглээ маш бага. Дээр нь нефть бол дуусч байгаа. Тэгэхээр манайх өргөн хэрэглээндээ сэргээгдэх эрчим нэвтрүүлээд, уул уурхайдаа бол дизелиэ үйлдвэрлээд явдаг ийм ирээдүй харсан төсөл рүү мөнгөө хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн О.Чулуунбат:

Урт хугацаандаа өөрийн бололцоог л ашиглах хэрэгтэй. Яваандаа нүүрс ба занар луу орох нь тодорхой. Ямар нэг маргаад байх асуудал байхгүй болов уу гэж бодож байна. Харин хууль зүйн зохицуулалтын талаар одоо ч яригдаж байна.

ҮХШХ Б.Ганбаатар:

Дэлхий дээр байгаа газрын тосны нөөцүүдийн 70 гаруй хувийг үндэсний компаниуд эзэмшдэг. Үндэсний компаниудын нөлөө их байгаа нь үүнээс харагдаж байна. Тиймээс үндэсний компани байгуулах нь сүүлийн үеийн хандлага юм шиг байна. Энэ талаар судалж үзэх нь зүйтэй байх гэж бодож байна. Мэдээж үндэсний компани байгуулахад сөрөг нөлөө байгаа л даа. Гэхдээ давуу талууд их гэдгийг ч бодолцох ёстой.

Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч П.Сарангэрэл:

Хувийн аж ахуйн нэгжүүдийг нефтийн бүтээгдэхүүн боловсруулж гаргах тал дээр тууштай ажиллаасай гэж бодож байна. Төрийн зүгээс зохицуулалт болон хууль гаргах, хуулийн сайжруулалтын тал дээр анхаарлаа хандуулж, таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд ажиллах болно.

Нөөцөө бүрдүүлэх тал дээр сав агуулахын асуудал хамгийн чухал. Мөн нефтийн бүтээгдэхүүн бол удаан хугацаагаар хадгалаад байх боломжгүй зүйл. Гэхдээ одоогийн байгаа боломжоороо нөөцөө бүрдүүлээд явж байгаа.

НИК ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Халиунбат:

Бодит үнээ хүлээн зөвшөөрөөд улстөржихөө болих хэрэгтэй байна. Зайлшгүй тодорхой хугацаанд хараат байдалд байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгийгээ буруутгаад суух биш, хамтарч ажиллах шаардлагатай. Саяын үнийн нэмэгдэл бол төр хэт их оролцож үнийг барьж байгаад сүүлдээ барьж чадахаа болиод тавьсан л үйл явц шүү дээ.

Урт хугацаанд хийнэ гэж байгаа ажлуудаа одооноос хийгээд эхлэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл Монгол улс одоо харьцангуй санхүүгийн боломжтой болсон. Энэ бий болж байгаа боломжоо ашиглаад хурдацтай явмаар байна. Ингэвэл 2015-2016 оны үед эхний үр дүн нь харагдаад эхэлнэ.

ҮХШХ Б.Ганбаатар:

Төр нэн тэргүүндээ дор хаяж өөрийн 3 сарын нөөцөө бүрдүүлээд авах л шаардлагатай байна.

“Монголын алт” компанийн зөвлөх Д.Содном:

Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад маш их бэрхшээл байна. Наад зах нь гэрээ хийж байгаа компаниас мөнгө олоод авчих санаа байгаад байдаг.  Жишээ нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурсны урамшуулал гэж 500 мянган доллар авдаг. Цаашлаад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан газар хяналт тавих ажил байдаг. Үүнд жилийн 150 мянган доллар авна гэсэн шаардлагыг бас тавьдаг. Аймаг улсыг дэмжихэд, Засгийн газрын мэрэгжилтнүүдийг бэлтгэхэд бас мөнгө төл гэдэг. Ийм юмнуудыг хөнгөлөх хэрэгтэй. Үүнийхээ оронд харин ашигт тосныхоо хэдэн хувийг улс авах вэ, хэдэн хувийг компани авах гэдэг дээр л сайн ярих хэрэгтэй. Үндэсний компаниуд 60 хувийг нь улсад оруулна гэсэн гэрээ хийчихээд байгаа. Энэ л хамгийн чухал юм. Миний ойлгосноор Дорнодод ажиллаж байгаа Хятадын хоёр компаниас 30 орчим хувь нь л улсад орохоор байгаа. Ийм асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Хэлэлцүүлэг дээр хөндсөн асуулт хариултыг бүрэн эхээр нь уншигч Танд хүргэлээ. Цаг хагас үргэлжилсэн хэлэлцүүлгийн явцад “Нефть бүтээгдэхүүний үнийг хүчээр барих боломж хязгаарлагдмал юм, нефтийн хямрал бодит аюул болж байна, хямралаас гарах олон гарц бий, харин төр шууд зохицуулалтад оролцох нь илүү хор хөнөөлтэй үр дагавар цаашид авчирч болзошгүй” гэсэн байр сууриуд зонхилж байлаа.

Г. Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж