Эрэгтэй чөлөөт бөхийн 55 /Даулет Ниязбеков/, 60 /Даурен Жумагазиев/, 74 /Абдулхаким Шапиев/, 96 /Таймураз Тигиев/ кг-ын жинд олимпийн эрхээ нэгэнт авсан Казахстаны баг тус тэмцээнд 66 кг-д Акжурек Танатаров, 84 кг-д Семен Семенов, 120 кг-ын жинд олимпийн хүрэл медальт Марид Муталимов нарыг дэвжээнд гаргахаар шийдвэрлэсэн байна.
Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Жулдыз Эшимова-Туртбаева, 72 кг-ын жинд Гузель Манюрова нарын Казахстаны тамирчид олимпод оролцох эрхтэй болсон тул үлдсэн жин болох 55 кг-ын жинд Айым Абдильдина, 63 кг-д олимпийн болон ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Елена Шалыгинаг барилдуулах юм байна.
Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 120 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олимпийн эрх өвөртлөөд байгаа Монголын багийн хувьд үлдсэн есөн /эрэгтэй зургаа, эмэгтэй гурав/ жинд олимпийн эрхээ авахын төлөө өрсөлдөх болно. Одоогоор тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодроогүй байна.
Азийн чөлөөт бөхийн тамирчдын хувьд олимпийн эрх олгох гурван тэмцээн бий. Эхнийх нь дээр дурдсан сонгон шалгаруулах тэмцээн бол дараагийнх нь дөрөвдүгээр сарын 27-29-нд БНХАУ-ын Тайюань хотод, дараа нь Финляндын нийслэл Хельсинк хотод тавдугаар сарын 2-6-нд болох тэмцээн хүлээж байна.
Сануулахад, 2008 оны Бээжингийн зуны олимпийн наадамд Монголын чөлөөт бөхийн баг тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван жинд зургаан тамирчин оролцож байсан билээ.