явдлын нэг нь яалт ч үгүй УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд
Ж.Энхбаярыг огцруулахаас УИХ татгалзсан явдал болов. Уг нь ээлжит бус
чуулганаар хэлэлцэх ёстой хамгийн чухал асуудал нь Орон нутгийн
сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явдал байлаа. Тэгж чадвал ирэх
зургадугаар сард монголчууд УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр
явуулж, Засгийн газар болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг
нэгэн зэрэг томилж орхиод санаа амар удаах ажилдаа орох байлаа. Гэтэл
“гай газар дороос, гахай модон дотроос” гэдэг болж, Батлан хамгаалахын
сайдаар томилогдоод хоёр сар ч болоогүй Ж.Энхбаяр гэдэг “бацаан” зэвсэгт
хүчний бие бүрэлдэхүүнийг иргэдийнхээ эсрэг ашиглах, үүндээ хэрхэн
бэлтгэх тухай хувийн бодлоо хэвлэлээр нэг дэлгэж орхисон билээ. Үүнээс
болж ээлжит бус чуулганаар УИХ-ын гишүүдийн өмнөө тавьсан зорилт 180
хэмээр эргэж, Батлан хамгаалахын сайдад улсыг батлан хамгаалах хичээл
заасан төдийгөөр өндөрлөсөн юм.
УИХ-ын намрын чуулган өндөрлөсний дараа Батлан хамгаалахын сайд
Ж.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг
байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд бэлтгэх, зэвсэг техникээр хангах
ажлыг зарим нэг анги нэгтгэл дээр хийж эхэлсэн” тухайгаа мэдэгдэж,
үүнийгээ 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал тохиолдоход зэвсэгт
хүчин бэлэн байх ёстой гэдгээр тайлбарласан билээ. УИХ-ын нэгдсэн
чуулган дээр өөрийг нь огцруулах асуудал ярьж байх үед ч тэрбээр үүнийгээ
зөвтгөж, “тухайн үед Зэвсэгт хүчний жанжин штабыг ахалж ажилласан генерал, удирдлагуудын
танилцуулснаар долдугаар сарын 1-ний Онц байдлын үеэр зэвсэгт хүчний
анги нэгтгэлүүд тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа болон дотоодын
цэргийнхэнтэй хамтарч ажиллах ямар ч бэлтгэл, туршлагагүй, зэвсэг
техникийн хувьд ч бэлэн бус байсан. Тиймээс энэ арга хэмжээг авч
байгаа” хэмээн тайлбарласан юм.
Уг нь бол Онц байдлын үед зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэхдээ дотоодын
цэрэг болон цагдаагийн байгууллагад зөвшөөрөгдсөн зэвсэг, хэрэгслээр
ажиллагаанд оролцохоор хуульд заасан байдаг аж. Гэвч 2008 оны долдугаар
сарын 1-ний Онц байдлын үед зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хуулиар
зөвшөөрөгдсөн дээрх зэвсэг, хэрэгслүүд байгаагүй, бие бүрэлдэхүүний
хувьд ч туршлагагүй байсан гэнэ. Тэгээд л мань хүнд өөрт бэлэн
байгаагаар нь мэргэн буучдаа ашиглах “мэргэн” санаа төрсөн бололтой юм.
Дээр нь “Тэгж яривал мэргэн буучид бэлтгэх санаа чинь ганц надаас ч
гарсан юм биш, Л.Болд сайдын үед Жанжин штабын даргын тушаал гараад 60
мэргэн бууч бэлтгээд эхэлчихсэн, одоо гуравдугаар сард АНУ-аас дахиад
сургагчид ирнэ” хэмээн ярьсан нь өөрийнхөө хүзүүнд дахиад нэг олс
угласан хэрэг болов. “Хэвлэлээр дэлгэж, УИХ-ын Аюулгүй байдлын байнгын
хорооны гишүүдэд илээр тараасан энэ мэдээлэл чинь улсын нууцад хамаарах
мэдээлэл биш юм уу, Ц.Тогоо генерал аа?” гэж гишүүд чуулганы нэгдсэн
хуралдаан дээр ЗХЖШ-ын даргаас асуухад цаадах нь “Зарим нь бол нууцад
хамаарах мэдээлэл мөн байна” хэмээн хариулсан билээ. Батлан хамгаалах
салбар, зэвсэгт хүчний анги нэгтгэлийг зэвсэг техникээр хангах, бие
бүрэлдэхүүнийг сургах, бэлтгэх ажил улсын нууцад хамаардаг.
Ингээд Батлах хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулахаар тавьсан эхний
үндэслэл буюу “гадаадын түрэмгийлэл, халдлагаас иргэдээ хамгаалах ёстой
зэвсэгт хүчнийг иргэдийн эсрэг ашиглахыг завдсан” гэх хэрэг дээр дахиад
“улсын нууц задалсан” хэрэг нэмэгдэж байгаа юм. Уг нь нэгдсэн чуулганы
хуралдаан дээр Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс “МАН-ын бүлэг
энэ удаа элдэв улс төрийн хамгаалалт хийлгүйгээр наад хүнээ огцруулчих
нь залуу хүний ирээдүйд хэрэгтэй дээ. Хэрвээ огцруулахгүй гээд
олонхиороо хамгаалаад үлдвэл цаашаагаа эрүүгийн гэмт хэрэг болоод
хүндрээд явчихна шүү” хэмээн олонтаа анхааруулсан боловч УИХ дахь
олонхийн бүлэг үүнийг “нохой хуцах”-ын дайнд тоосонгүй. Тус намын
бүлгийхний үзэж буйгаар “Зэвсэгт хүчнийг хөдөлгөх эрх Батлан хамгаалахын
сайдад байдаггүй, зөвхөн зэвсэгт хүчний ерөнхий командлагчид байдаг тул
Ж.Энхбаяр нь иргэдийн амь насанд хор хөнөөл учруулж чадахуйц этгээд
биш” гэнэ. Мэргэн буучдын тухайд ч ялгаагүй, терроризмтэй тэмцэхэд
зориулж бэлтгэж байсан мэргэн буучдыг Батлан хамгаалахын сайд нь
будилаад “дахиад долдугаар сарын 1 болбол хэрэгтэй” гээд хэлчихжээ, ганц
нэг үгийн зөрүүн дээр Ардчилсан намын бүлэг юун сүрхий улс төр хийдэг
юм” гэсгээд ээлжит бус чуулганыг хаалгасан.
Гэвч залуу сайдыг тойрсон асуудал үүгээр өндөрлөхгүй бололтой. Улсын
нууцад хамаарах мэдээллийг задалсных нь төлөө эрүүгийн гэмт хэрэгт
шалгуулах, цаашлаад Засгийн газрын асуудлыг ч хөндөж тавих тухай
Ардчилсан намын бүлэг дээр яригдаад эхэлчихсэн байна лээ. Нэг үхрийн
эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг энэ.
Ирэх зургадугаар сард болох УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай
хамтатгах уу, үгүй юу. Энэ асуултад хариулт өгөхөөр гишүүдийг цуглуулсан
УИХ-ын ээлжит бус чуулган зорьсондоо хүрч чадлаа. Гэхдээ сонирхолтой
нь, Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ
дахь Ардчилсан намын бүлэг болон Ардын намын бүлгээс боловсруулсан
хуулийн төслийн аль алийг нь хэлэлцэлгүйгээр. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар орон нутгийн сонгуулийг УИХ-ын
сонгуультай зэрэг явуулах ёстой. Гэвч Сонгуулийн хоёр хуульд зөрөөтэй
заалтууд бас бий тул Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт
оруулж, УИХ-ын сонгуулийн хуулийн зарим зүйл заалттай нийцүүлэхээр
Ардчилсан намын бүлгээс хуулийн төсөл боловсруулан намрын чуулганд
оруулж хэлэлцүүлсэн билээ. Тодруулбал, орон нутгийн сонгуулийг хуульд
сонгогчдын санал авах хугацааг 22.00 цагаар хязгаарласныг наашлуулж,
УИХ-ын сонгуулийн хуульд заасантай адил 20.00 цагт дуусгавар болгох, орон
нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгууль болохоос 45 хоногийн өмнө
зарлахаар заасныг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчидтэй зэрэг буюу хоёр
сарын өмнө тодруулах, орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолохоор
хуульд заасныг өөрчилж, УИХ-ын сонгуультай адил машинаар тоолох зэрэг
өөрчлөлтийг оруулах ёстой. Мөн түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр
дэвшигчдэд үйлчилж байгаа иргэдийн саналыг худалдаж авахад чиглэсэн
бэлэг сэлт тараах зэрэг аливаа үйл ажиллагааг хориглосон хязгаарлалтууд ч
бас орон нутагт нэр дэвшигчдэд үйлчлэх ёстой.
Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг үүн дээр арай өөр байр суурьтай байгаа. Тэд
Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг сонгуулийг
УИХ-ын сонгуультай зэрэг явуулах тухай заалтыг авч хаяхаар хуулийн төсөл
боловсруулан Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүд өргөн барьсан. Хоёр намын
бүлгээс тус тусдаа өргөн барьсан хоёр хуулийн төсөл дээр давхцаж байгаа
зүйл нь нэр дэвшигчдэд тавих хязгаарлалтууд болон саналын хуудсыг
машинаар тоолох явдал. Харин сонгууль явуулах хугацааны хувьд Ардчилсан
намын бүлэг орон нутгийн сонгуулийг одоо хүчин төгөлдөр байгаа хуульд
заасанчлан УИХ-ын сонгуультай хамтатгах, харин Ардын намын бүлгийн хувьд
хуульдаа өөрчлөлт оруулж орон нутгийн сонгуулийг ирэх намар явуулахаар
зорьж байв.
Гэвч дээрх асуудлаар хоёр намын бүлэг намрын чуулганы хугацаанд
зөвшилцөлд хүрч чадаагүй тул ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад
хүрсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын бүлгээс Ардын намын
бүлэгтэй тохиролцоонд хүрэхийн тулд багагүй буулт хийж, “Ядахдаа аймаг,
нийслэлийн сонгуулиа УИХ-ын сонгуультай хамтатгаад явуулчихья, 2000
хүний л асуудал шүү дээ. Сум, дүүргийн сонгуулийг бол ирэх намар баг,
хорооны сонгуультай хам явуулчихаж болох юм” гэдэг санал тавьсан боловч
МАН-ын бүлэг хүлээж авсангүй. Өнгөрөгч баасан гаригт хуралдсан ээлжит бус чуулганы хуралдаан дээр
МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин намын бүлгийнхээ эцсийн байр суурийг
илэрхийлж, “Орон нутгийн сонгуулийг намар аравдугаар сард явуулах тус
намын бүлгийн байр суурь өөрчлөгдөхгүй”гэдгийг мэдэгдсэн юм.Эцсийн гарц
нь УИХ дах олонхийн бүлгийн шийдвэрээр орон нутгийн сонгуулийг ирэх
намар явуулна гэж МАН-ын гишүүд тооцож байлаа. Гэвч энэ нь эндүүрэл
болов. Огцруулах асуудлыг хэлэлцсэний дараа Ардчилсан намын бүлэг түр
завсарлага авч хуралдаад орж ирэхдээ “Нэгэнт Орон нутгийн сонгуулийн
хууль дээр хоёр намын бүлэг зөвшилцөлд хүч чадаагүй тул одоо байгаа
хуулиа хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, Ерөнхий сайдад үүрэг болоод
ээлжит бус чуулганаа хаая” гэсэн нь Ардын намын бүлгийнхний хувьд
жинхэнэ “өгзгөн дээр нь жин тавьсан” хэрэг болов.
МАН-ын гишүүд, Д.Лүндээжанцан нарын зүгээс “дөнгөж цагийн өмнө бид огт
өөр зүйл ярьж байсан шүү дээ, яагаад хэлсэн ярьснаасаа буцав” хэмээн
гайширч, тооцоолоогүй тоглоомоос жийрхэж байсан ч Ардчилсан намын
бүлгийн дарга “Цагийн өмнө, сарын өмнө, тэр байтугай жилийн өмнө хэн юу
ярьж байсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тиймээс одоо ямар нэг шалтаг
шалтгаан хэлэлгүйгээр одоо хүчин төгөлдөр байгаа хуулиа л хэрэгжүүлье.
Хоёр намын бүлэг өөр өөрийн байр суурь дээр хатуу байгаа нөхцөлд
хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлэх шаардлагагүй” гэснээр ээлжит бус
чуулганыг хаалаа.
Ингээд Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл ээлжит бус чуулганы хэлэлцүүлгээс хасагдаж, харин одоо
байгаа хуулийн хүрээнд сонгууль зохион байгуулах үүргийг Засгийн газар,
Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нар хүлээлээ. Учир нь,
УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг Засгийн газрын өмнөөс
Ерөнхий сайд УИХ-ын өмнө хүлээдэг. Ямартай ч орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах
хуулийн үйлчлэл хэвээр үлдлээ. Харин сонгууль зохион байгуулах ажилд
багагүй хүндрэл бэрхшээл учирч магадгүй. Хамгийн түрүүнд сонгуулийн
хэсэг хороодын УИХ-ынхыг нэг тусад нь, орон нутгийнхыг бас тусад нь
байгуулах хэрэг гарах биз. Хоёр хуульд заасан санал өгөх хугацаа,
саналыг тоолох арга өөр өөр байгаа учраас. Одоо яая гэх вэ, зөрчилтэй
заалтуудыг нэг болгох замаар сонгуулийнхаа зардлыг бууруулж, хүн хүчээ
хэмнэе гэсэн санаачилгыг эрх барьж байгаа нам өөрөө хүлээж аваагүй. Ийм
тохиолдолд одоогийнхоо хуулиар сонгууль зохион байгуулахад эрх барьж
байгаа намын Засгийн газар нь бэлэн байх л шаардлагатай шүү дээ. Өөрөө
унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ.