Дээрээс хийсэн 10 хувийн нэмэлт

Хуучирсан мэдээ: 2012.03.12-нд нийтлэгдсэн

Дээрээс хийсэн 10 хувийн нэмэлт

“Сонгогчдын лиг”-ийнхэн ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хууль бус хэмээн үзээд Владимир Путины авсан бодит санал нь 63,6  биш 53 хувь хэмээн мэдэгджээ. Харин Путины хэвлэлийн алба сонгуулийн тухай асуудал хаагдсан гэсэн байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын эсэргүүц­лийн ажиллагааны явцад зохиолч Борис Акунин, сэтгүүлчид Сергей Пархоменко, Леонид Парфенов, улс төр судлаач Дмитрий Орешкин зэрэг бусад нийгмийн зүтгэлтнүүдийн үүсгэн байгуулсан “Сонгогчдын лиг”  ажиглагчдын байгууллага шинэчилсэн тунхаглал гарган Оросын ерөнхийлөгчийн сонгуулийг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. “Өргөн цар хүрээтэй зөрчил хийгдсэнтэй холбогдуулан Оросын ерөнхийлөгчийн 2012 оны сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх аргагүй хэмээн лиг үзэж байна” гэж уг  мэдэгдэлд өгүүлжээ.

Нэр дэвшигчдийн жагсаалтыг бүрдүүлэхээс эхлэн “сонгууль тэгш биш эрхтэй” байсан ба нэг нэр дэвшигч нь өөрийн сонирхолд санхүү, бүтэц, сурталчилгааны улсын нөөцийг хууль зөрчин ашиглах давуу эрх мэдэлтэй байснаас бусад нэр дэвшигчдийн хувьд шударга бус байсныг цохон тэмдэглэсэн байна. Санал тоолох, дүн  гаргахаас эхлээд уг сонгууль бүхэлдээ  будлиантай болсон гэдэгт, сонгуулийн үр дүнг мэдэгдэхүйц хувиргаснаар сонгууль цэвэр байсангүй гэдэгт “Сонгогчдын лиг”  итгэлтэй байна.

“Сонгогчдын лиг” нь ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох Владимир Жириновский, Геннадий Зюганов, Сергей Миронов, Михаил Прохоров,, Владимир Путин нарын ажиглагчид мөн “Зөв үйлс”, “Яблоко” намаас ирүүлсэн анхан шатны протоколуудын мэдээллийг нэгтгэсэн “Эмхэтгэл протокол” гэсэн нэртэй сонгуулийн явцыг талаарх мэдээллийг баримттайгаар хүргэхээр ажиллаж байна. Нийт 4818 ажиглагчдын дөрөвний нэг орчим 1285 хүн санал хураах өдөр гарсан зөрчлүүдийн талаар мэдээлсэн байна. Эдгээрээс 94 зөрчлийг баталгаажуулжээ.

Лигийн төлөөлөгч нарын нэг Дмитрий Орешкин хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ зөрчлийн “өдрийн ба шөнийн”хэмээн ангилж үзэж байгаагаа илэрхийлжээ. “Өдрийн” зөрчилд нь тэрээр “тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн ажилтануудыг” зөөн  авчран санал өгүүлж байсныг  оруулсан бөгөөд тэд амьдран суугаа газраасаа өөр хаягаар санал өгөх түр үнэмлэхгүйгээр саналаа өгч байжээ. Тиймээс тэднийг хэдэн удаа санал өгсөнийг тогтооход бэрх байгаа гэнэ. Хэсгийн хороод хаалгаа барьсны дараах “шөнийн” зөрчилүүд гарсан бөгөөд үүнд протоколыг шинээр хуулан бичиж байсныг дурджээ. Сонгуулиар “өдрийн” гэх зөрчил хамгийн их гарсан байв. Хамгийн их зөрчил Петербург болон Москвад гарсан байна.

Эмхэтгэлийн протоколд бусад бүсээс ирсэн протокол байгаа ч тэдний тоо нь харьцангуй цөөн. Гэлээ ч лигийн авсан протоколын хуулбар хувиудаар хийсэн дүгнэлтээр Путин албан ёсоор зарлагдсан 63,6 хувийн саналыг аваагүй үнэн хэрэгтээ 53 хувийн саналтай байсан гэх тоог гаргаж өгөв. Прохоров СТК-ийн зарласан 7,9 хувийг биш 16 хувийн санал авсан гэж үзэж болохоор дүгнэлт хийгджээ. Бусад бие даасан байгууллагын хийсэн дүгнэлт нь “Эмхтгэлийн протокол”-ынхтай төстэй гарч байна. “Дуу хоолой” эвсэл Путиныг – 50,11% (төсөл: SMS-ЦИК), “Росвыборы” (Алексей Навальныйн төсөл) – 49%, “Иргэн ажиглагч” 48% саналыг тус тус авсан гэж үзсэн байв. “Бид нийслэлээс бусад газруудын протоколыг аван судлах ёстошй. Гэх дээ л Путин яагаад ч 64 хувийн санал аваагүй нь ойлгомжтой” хэмээн Орешкин ярив.

Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков лигид хариу болгон “Сонгогчдын лигийн” дүгнэлтэд тайлбар өгөх нь утгаа алдсан, “Бүх үнэлгээ хийгдэж, асуудал хаагдсан” хэмээн мэдэгдэв. Сонгуулийн төв комисс лүигийг худал хуурмаг явдал зохион байгуулж байна хэмээн мэдэгдэв. СТК-ийн орлогч дарга Ивлев ”Та нар аюултай хэрэг хийн мэдээллийг буруутган өөрчилж байна” хэмээн лигийн ажиллагаанд дургүйцжээ.

“Байрны хэсэг цэвэрлэгчид улбар шар хувцастайгаа орж ирээд нэгэн ширээний ард дараалан зогсов. Бид эхлээд алмайран гайхаж байснаа тэдэнд саналын хуудас өгсөн жагсаалтыг шаардлаа. Жагсаалтад  нэгэн таван давхар байшингийн байрны тоо 194 тоот болон өссөнийг харав. Тэндхийн хүн учраас таван давхар угсармал байранд хэдэн  тоот байдгийг мэдэлгүй яахав. Таван давхар, таван орцтой, орцдоо 10 байртай байшинд 194 тоот байна гэж үү” хэмээн санал хураах хэсгийн орлогч дарга Константин Белов өөрийн Facebook-даа бичсэн байв. Түүний өгүүлснээр ажиглагчид уг байрны хаягаар очин  тоотуудыг тоолж үзэхэд 52 байртай байжээ. Энэ зөрчил илэрсний дараа хэсэгт Путин дөнгөж  50 хувийн санал авсан байна. Телевизийн хөтлөгч Ксения Собчак нэгэн хэсгийн хороонд ажиглагч хийхдээ “тасралтгүй ажиллагаатай үйлдвэрийн ажилтнуудын” санал өгөх жагсаалтыг олоод хүмүүсийн хаягаар утасдан лавлажээ. Жагсаалтын хүмүүс нэр заагдсан компанид ажилладаггүй, зарим нь тэнд санал өгөх бодолгүй байсан гэнэ. Тэрээр жагсаалтын нэгэн бүсгүйтэй ярилцан тохирч чадсан ба Кристина Бабаева гэдэг эмэгтэй мөнгөн шагнал авч олон удаа санал өгөхийг зөвшөөрсөн учир түүнийг “Металлист-центр” компанийн ажилтанаар жагсаалтад оруулжээ.  Ксениягийн хүсэлтээр тэр эмэгтэй санал хураах байранд ирээд хоёр дахь удаагаа саналын хуудас авах гэсэн нь бүтэлгүйтсэн байнэ. Үүний дараа Собчак “карусель” гэж  нэрлэгдсэн олон удаа санал өгөх зөрчлийг илэрүүлснээ зарласан юм.

Ийм зөрчлийг илэрүүлэхэд амархан. Гэхдээ хэн хэдэн удаа санал өгснийг тогтоох аргагүй аж. Учир нь тэдний санал өгсөн нэмэлт жагсаалт нь хувь хүний нууцын хуулиар хамгаалагдсан байдаг ажээ.


“Новый Арбатад” сөрөг хүчин жагсав

“Шударга сонгуулийн төлөө” цуглааныг зохион байгуулагч нарын нэг Владимир Рыжков бямба гаригт болсон цуглаанд 25 мянган хүн оролцсоныг зарлав. Хүмүүсийн урсгал тасрахгүй байна. Түүний хэлсэн үнэн бололтой, цуглаанд лавтай 30-аад мянган хүн иржээ хэмээн сурвалжлагч нар мэдээлжээ.

Харин тус хотын Дотоод хэргийн яамны сайтад “цуглаанд арав орчим мянган оролцож байна. Зохион байгуулагчид 50 мянган хүн цугларна хэмээн мэдэгдэл өгсөн” гэж бичсэн байна.


Тусгайнхан сөрөг хүчний жагсаалыг тараав

Цагдаагийн тусгай ангийнхан Доод Новгород хотноо  болсон цуглааныг тараажээ. Тусгайнхан үүнийгээ сөрөг хүчнийхэн жагсаал зохион байгуулах зөвшөөрлийг холбогдох газруудаас аваагүй гэдгээр тайлбарласан байна. Цагдаагийн мэдээгээр Большая Покровская гудамжинд зуугаад хүн жагсаал хийхээр оролдсон гэнэ. Уг арга хэмжээг зохион байгуулсан хүмүүсийг цагдаагийнхан саатуулаад байна. “Орос эрх чөлөөтэй болно”, “Улс төрийн хоригдлуудыг сулла” гэсэн уриаг цуглаанд оролцогчид дэвшүүлсэн байна.
Мөн энэ үеэр Санкт-Петербургт зөвшөөрөлгүй цуглаан хийх оролдлого гарсныг мөн хүчнийнхэн хөөн тарааж, дөч орчим хүнийг барин саатуулсан байна.


В.Путин сонгуульд будлиан гарсныг хүлээн зөвшөөрөв

Сонгуулийн ерөнхий хорооны мэдээгээр Оросын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ерөнхий сайд Владимир Путин санал хураалтын явцад зөрчил гарсныг нартай уулзах үеэрээ хүлээн зөвшөөрсөн байна.  Гэхдээ сонгуулийн тооллогод “но” орсон байж болох ч гэлээ, Путины энэ хүлээн зөвшөөрөлт нь ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгож чадахгүй нь тодорхой. Дашрамд сануулахад, Коммунист намын дарга Геннадий Зюганов нэр дэвшигчдээс ялагчид баяр хүргээгүй цорын ганц хүн болоод байна. “Жуковка-2”-т уригдсан тэрээр Владимир Путины урилгыг хүлээн авахаас татгалзан нь сонгуулийг хууль бус явагдсан гэж үзэж байгаатай холбоотой аж.

Коммунистууд яагаад ингэж загнаж буйг “Нэгдмэл Орос намын” Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн орлогч дарга Сергей Железняк тайлбарлахдаа цоо шинэ нэр дэвшигч Михаил Прохоровын цөмрөн орж ирсэн нь хуучин улстөрчдийг “мохоожээ” гэв. Зюганов одоо л цаг үе өөрчлөгдөж буйг ойлгож байна хэмээн тэр хэлжээ.

    
Обама Путинд баяр хүргэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Оросын ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путин руу утасдан баяр хүргээд 20 орчим минут ярилцахдаа “хоёр орны хоорондын харилцаанд сүүлийн жилүүдэд гарч ирсэн нааштай хандлагуудыг бэхжүүлнэ хэмээн найдаж байна. ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Путинтэй нягт хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлжээ.
 
Путин Обамад хариу  талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагаа нь дэлхийн аюулгүй байдлыг хангахад чухал хэмээн мэдэгдлээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж