морины бүсийн уралдааны товыг баталсан бөгөөд төвийн бүсийн
“Дүнжингарав-2012” бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 3-нд Төв
аймгийн Зуунмод хотод зохион байгуулсан бол өнөөдөр (2012.03.11) Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хаврын бүсийн хоёрдахь уралдаан боллоо. Азарга, соёолон тус бүр 16, их нас 18 км замд хурд сорьлоо.
Хийморь даллан хурдалсан газар газрын 132 хурдан соёолонгоос Төв аймгийн Жаргалант сумын уугуул Б.Батаагийн бор түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын шарга хурдалжээ. Харин айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Энхсайханы цавьдар, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул Эрдэнэбулганы хээр, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн халтар тус тус хурдалсан байна.
Азарганы уралдаанд 124 хурдан буян уралдсанаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы халтар магнайдаа тоосгүй тэргүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн Соёмбо зээрд азарга аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэдэвдоржийн Энхбатын (Төв аймгийн Засаг дарга) хүрэн, айргийн дөрөвт Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул Дашзэвэгийн зээрд халзан, айргийн тавд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул Т.Батзоригийн “Шагай” хул тус тус хурдалсан байна.
Их насны уралдаанд 154 хурдан буян уралдсанаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Пэлжээгийн Одонбаатарын цавьдар магнайдаа тоосгүй түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Бат-Энхийн хүрэн, айргийн дөрөвт Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Отгонбаатарын хар, айргийн тавд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Цогтын Батсайханы бор тус тус хурдаллаа.