Цохивор хөгжимтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.11-нд нийтлэгдсэн

Цохивор хөгжимтэй танилцлаа

Цохивор хөгжмийн хэмнэл …. одоо ч зүрхэнд минь эгшиглэсээр байна. Сэтгэлийг минь догдлуулж, хөөргөсөн бас нэгэн гоё тоглолт өнгөрсөн баасан, бямба гаригт Улсын филармонид болж өнгөрөв. Энэ бол жил бүр уламжлал болгон тоглолтоо хийдэг Хөгжим бүжгийн коллежийн “Цохивор хөгжмийн чуулга”-ын “Найруулга-2012” тоглолт байв. 

Дан цохивор хөгжмөөр Э.Чойдогийн алдарт “Монголын сайхан орон” киноны хөгжмийг тоглосонд нь одоо  ч итгэмээргүй санагдах шиг. Хөгжмийн зохиолч Э.Чойдог 1951-1963 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж, 1956-1963 оны хооронд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд хөгжмийн зохиолчоор төгссөн бөгөөд энэ үедээ алдарт “Монголын сайхан орон” киноны хөгжмийн бичсэн гэдэг. Түүний “Монголын сайхан орон” хэмээх бүтээл нь Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэх томоохон бүтээл юм. Энэхүү гайхалтай бүтээлийг өмнө нь симфони найрал хөгжимчид л тоглож байсан энэ удаад Б.Зоригт багшийн удирдлагаар цохивор хөгжмийн чуулгын залуу, авьяаслаг хөгжимчид тоглон, үзэгчдэд хүргэсэн нь үнэхээр бахархмаар. Тус чуулгыг анх санаачлан байгуулсан Б.Зоригт багш бол Монголын шилдэг бөмбөрчдийг төрүүлсэн гавьяатай хүн. Түүний шавь нарыг нэрлээд барамгүй биз. Тэр багш байхаас илүүтэй шинийг санаачлагч. 

Анх удаа Р.Шедрины “Кармен” сиютыг цохивор хөгжимд зориулж найруулан тоглосон нь үзэгчдийг гайхашруулж байсан. Жил бүр л ямар хөгжмийн томоохон бүтээлийг цохивор хөгжимд найруулан, тоглож үзэгчдийг баярлуулсаар ирсэн “Найруулга” тоглолт энэ удаад ч үзэгчдийг баярлуулж чадсан. Тоглолтын бас нэгэн сюрприз нь Ф.Шубертын “Серенада” байв. Австрийн суут хөгжмийн зохиолч Ф.Шубертын сод бүтээлийн нэг нь “Серенада” юм. Сонсох тусам яруу, урсах голын долгио шиг зөөлөн, урсаад л байгаа юм шиг. Түүний энэхүү гайхалтай уянгалан бүтээлийг цохивор хөгжимд хөрвүүлэн, найруулжээ. Бас л сонирхолтой. Яг л төгөлдөр хуураар тоглож байгаа юм шиг л… урсаад л, эгшиглээд л. “Цохивор хөгжим чинь ямар гайхалтай хөгжим юм бэ” гэж зарим нэг үзэгчид ярилцаж байна лээ. Тиймээ, үнэхээр сонирхолтой олон өнгө, хөгийг гаргаж, хамгийн намуухан хэмнэлийг ч хамгийн хүчирхэг сэтгэл догдлуулсан эгшгийг нь гаргаад, үзэгчид үнэндээ цохивор хөгжимтэй энэ үдэш бүрэн утгаар нь танилцах шиг болсон. 

Цохивор хөгжмийн чуулгын хөгжимчид бүгд Хөгжим бүжгийн коллежийн сурагчид. Бүр жаахан хүү хүртэл энэ чуулгад байдаг. Тэд бол ирээдүйн шилдэг хөгжимчид. Бахархмаар залуухан, авьяаслаг хөгжимчид. Энэ олон цохивор хөгжим дунд “Timpani” буюу Яруу хэнгэрэг гэж хөгжим байна. Тэр бол хамгийн аялгуулаг зөөлөн хэрнээ хүчирхэг хэмнэлийг мэдрүүлэгч хөгжим. Харахад сүрдмээр том энэ хөгжмийг симфони найрал хөгжимд ихэвчлэн хэрэглэдэг. Тоглолтын дараа үзэгчид сонирхсон хөгжимтэй зургаа татуулж, тэр хөгжмийнхөө тухай өнөөх чуулгын залуу хөгжимчдөөс асууж, хөгжимтэй танилцсан. 

Тоглолтын төгсгөлд “Ахмадын золбоо” хамтлаг үзэгчдэд мэндчилсэн. “Ахмадын золбоо” гэдэг нь сургуулиа хэдийн төгссөн, өдгөө Монголын урлагийн байгууллагад ажиллаж байгаа бөмбөрчдийг хэлж байгаа юм. Бүгд Б.Зоригт багшдаа зориулж “Алив бүжиглэе” гэх нэртэй хөгжмийг тоглож сонирхуулсан. Тэдэнд дунд “Бөртэ” хамтлаг, “Арга билэг”, “Морин хуурын чуулга”, “Алтан Ураг” хамтлаг, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Үндэсний дуу, бүжгийн чуулгын цохивор хөгжимчин гээд бүгд л олны танил шилдэг нь гэх тодотголын эзэд байв. Хөгжим гэдэг хүний сэтгэлийг хөөргөж, баярлуулж, догдлуулж, гуниглуулж, уйлуулж чаддаг хүчирхэг зэмсэг. Энэ бүхний нэгээхэн хэсэг нь болох цохивор хөгжимтэй ийм дотно, ойр танилцсандаа үзэгчид сэтгэл хангалуун байсан. Ирэх жилийн “Найруулга” тоглолтыг хэдийн үзэгчид хүлээгээд эхэлсэн, Б.Зоригт баш дараагийн тоглолтдоо ямар гэнэтийн бэлэг барихаа хэзээний бодоод эхэлсэн. Ирэх жил дахиад уулзах тэр өдрийг хоног тоолон хүлээж сууя. Цохивор хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн авьяаслаг хөгжимчдөдөө талархъя. 

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж