Гуравдугаар сарын 18-ны өдөр “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү түүхт өдрийг угтаж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин жанжин штабаас “Монгол цэргийн өдөр”-ийн хоёр жилийн ой, Зэвсэгт хүчний 91 жилийн ойн баярыг тохиолдуулан төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ-ны ажилтнууд болон хүчний байгууллагуудын удирдлагуудын дунд уламжлалт нөхөрсөг уулзалт, цогцолбор тэмцээн зохион байгуулж байна. Харин маргааш буюу гуравдугаар сарын 12-нд “Цэргийн андууд минь одонгоо зүүцгээ” нэртэй 2500 ахмад дайчин оролцсон талархлы тоглолт болох аж. Гуравдугаар сарын 13-нд “Орчин үеийн дайны онцлог, сургамж, шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хүчний байгууллагуудын үлээвэр хөгжмийн удирдаачдын анхдугаар уралдаан болох бол 15-нд Батлан хамгаалах салбарын тэргүүний бүрэлдэхүүнд шагнал гардуулах ёслол, 16-нд Эзэн Чингис хаан, их жанжин Д.Сүхбаатар, Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, гарамгай баатар Л.Дандар нарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх, баярын хурал, ЦДБЭЧ-ын хүндэтгэлийн тоглолт, Монгол цэргийн музейд гадаадын армиудын цэргийн дүрэмт хувцасны үзэсгэлэнг дэлгэх юм байна. Түүнчлэн гуравдугаар сарын 18-нд “Марш шоу-2012” тоглолт, үндэсний бөхийн барилдаан явуулж “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэх өнгөрүүлэх хөтөлбөр гарчээ.
С.Отгон